Нобелийн физиологи, анагаах ухааны салбарын 2022 оны шагналыг анагаах ухаан, физиологийн аль алинд нь хамааралгүй, дэлхий даяар алдартай эрдэмтэн Сванте Паабо хүртлээ. Тэрбээр бүх амьдралаа палеонтологийн олдворуудыг судлахад зориулжээ. Гэсэн ч дэлхий дээр мянга, арван мянган жилийн өмнө амьдарч байсан арслан заан, баавгайгаас өгсүүлээд Египетийн фараон, неандерталь, денисовчуудын яс, эдээс ДНХ-ийг ялган авч, уншиж сурсныхаа төлөө тэрбээр энэ шагналыг хүртсэн аж.
2020 оны зуны эхээр шинэ вируст уушгины хатгалгаа туссан өвчтөнүүдээс ядаж нэгийг нь аврахын төлөө эмч нар эрчимт эмчилгээний тасагт нойр, хоолгүй зүтгэж байв. Вакцингүй, эмчилгээний батлагдсан арга байхгүй, хумхаа өвчний эсрэг гидроксихлорохин эмийг уулгаж, бас больж үзсэн. Эрчимт эмчилгээний үед эрдэмтэд эмч нарт зөвлөгөө өгөхийг хичээж, тухайлбал, ямар ген нь хүнийг “Ковид-19”-ийн хүнд хэлбэрт илүү өртөмтгий болгодог, өвчтөнүүдээс хэнд нь хамгийн түрүүнд туслах хэрэгтэй болохыг олж мэдэхийг хичээжээ.
Бразил болон Европын 10 гаруй орноос ирсэн 3000 гаруй өвчтөний мэдээллийг цуглуулсны дараа тэдний геномоос амьсгалын дутагдалд орох магадлалыг Хюго Себерг, Сванте Паабо нар хайв. Тэд өмнөх шинжээчдийн адил гурав дахь хромосомыг анхааралтай ажиглажээ. Уг хромосомд хүнд өвчинтэй холбоотой ДНХ-ийн хэсгүүд агуулагддагийг анзаарсан гэнэ. Тэр хэсгүүдэд орших 49 мянган нуклеотидын богино хэсгийг Себерг, Паабо нар ялган харахад хүн дээр бол геномд нь бүх дараалал нэгэн зэрэг нэвтэрсэн мэт болж байгааг тогтоожээ.
Антропологичид сэжиг, таамгаа үндэслэн орчин үеийн хүний өвөг дээдэстэй эрлийзжсэн эртний хүмүүс болох неандертальчууд, денисовчуудын геномтой харьцуулан үзэв. Ингэхэд хүнд хэлбэрийн ковидтой өвчтөнүүдэд бүртгэгдсэн 13 өөрчлөлтийн 11 нь Хорватаас олдсон, 50 мянган жилийн настай неандерталиас илэрч байсныг нотолсон юм. Хожим нь тэд хүний геномоос неандерталь өвийн өөр нэг хэсгийг 12 дахь хромосомоос олжээ. Гэхдээ энэ нь хамгаалалтын шинжтэй, вирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд үүнийг тээгчид хүнд хэлбэрийн “Ковид” тусах магадлал бага гэнэ. Өдгөө европчуудын гуравны нэгийн ДНХ-д ийм хувилбар байгааг эрдэмтэд анзаарчээ. Хэдэн арван мянган жилийн өмнө неандерталийн энэ хэсэг хүн амын 10 хүрэхгүй хувиас илэрч байсан бөгөөд хэзээ нэгэн цагт эсэн мэнд үлдэхэд үнэхээр хэрэгтэй байж магадгүй гэсэн үг аж.
Сванте Паабо 15 жилийн өмнө ийм үр дүнд хүрэх боломжгүй байв. Дараа нь “Ковид”-ын нийтлэлүүдийн үндэс болсон ажлаа тэрбээр дуусгасан нь өдгөө түүнд Нобелийн шагнал авчирчээ.
НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ ХҮҮ
С.Паабо ашигтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах талаар хэзээд азтай нэгэн аж. Ийм анхны танил нь түүний аав, Шведийн биохимич Суне Бергстрем байсан ч тэрбээр Нобелийн хорооны хэвлэлийн албанд утсаар яриа өгөхдөө “Эцгээрээ гайхуулж байгаагүй” гэж хэлсэн. Мөн тэрбээр эцгээрээ овоглодоггүй. Ээж нь эрдэмтэн эцэгтэй нь нэг лабораторид ажилладаг байсан бөгөөд Сванте аавынхаа албан ёсны эхнэрээс гарсан хүүтэй нэг онд (1955) мэндэлсэн гэнэ. Гэсэн ч бямба гараг бүр биохимич хууль бус хүүгээ хаа нэг газар зугаалахаар авч явдаг байв. Ингэж нэг явахдаа Суне Бергстрем анагаах ухаан судлахыг ятгасан нь хүүд нь тийм ч таатай санагдаагүй аж. Сванте Паабо египет судлаач болж, Индиан Жонс шиг муми буюу занданшуулсан шарил хайхыг хүсдэг байв. Гэвч дунд сургуулиа төгсөөд элссэн Упсалын их сургуулийн түүхийн ангид тэрбээр голчлон дүрс үсэг тайлж, ваар, савны хэлтэрхий судлах нь таалагдаагүй тул эсийн биологи руу шилжжээ. Анагаах ухааны сургуулиа төгссөний дараа С.Паабо эмчээр, бас судлаачаар ажиллаж байгаад шинжлэх ухаанаар дагнаж, суурь судалгаагаа үргэлжлүүлэв. Тэрбээр аденовирусийн талаар анхны ажлаа хийсэн бөгөөд энэ чиглэлийг ааваасаа өвлөн авсан гэнэ. Дархлааны хариу урвалын механизмыг судалсан эцэг нь 1982 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Гэхдээ эрдэмтэн Сванте Паабо олон жилийн дараа “Неандерталь” номдоо дурссанчлан эртний Египетийг толгойноосоо бүрмөсөн арилгаж чадаагүй аж. Эрдэмтэд ДНХ-ийг хэрхэн ялгаж, дараалалд оруулдаг тухай нийтлэлүүд уншиж байхдаа С.Паабо муми дотор ДНХ үлдсэн байж магадгүй хэмээн боддог байжээ.
Онолын хувьд занданшуулсан биед молекулууд маш сайн хадгалагдах боломжтой. Учир нь занданшуулах явцад эд эсүүд хатаж, ДНХ-ийг таслах чадвартай ферментүүд нь зөвхөн усанд үйлчилдэг. Паабо үүнийг тугалын элгэнд туршиж, лабораторийн зууханд хатаажээ. Туршилт амжилттай болж, элэг хатаж, занданшуулсан шарил шиг жигд өнгөтэй болж, түүний эд эсээс хуваагдсан ДНХ-ийг ялгаж чадсан байна.
“ХАЛДВАР БИШ, ЭРТНИЙ ГЕНОМ”
1994 онд өвөрмөц, “мөсөн” мумигийн дээж С.Паабогийн гарт оржээ. Альпын мөснөөс олдсон, 5000 жилийн настай, алдарт Этцигийн цогцосноос дээж авахаар түүнийг дуудсан байв. Аспирант Сванте Паабо цогцосноос ДНХ авахдаа 150 хүрэхгүй нуклейн хүчлийн хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийн хооронд давхцаж буй хэсгүүдийг хайх шаардлагатай болсон гэнэ. Дараа нь Этцигийн митохондрын ДНХ-ийн хэсгийг авчээ. Этцигийн судалгаа амжилттай ч маш хэцүү болсон аж. Энэ муми сайн хадгалагдсан бөгөөд эрдэмтдэд хэн ч хүрээгүй дээж авах боломж олгосон юм. С.Паабо мумигийн ДНХ-ийг хүнийхээс ялгахын тулд хэт эртний хүмүүс болох неандертальчууд руу шилжсэн байна.
Тэрбээр неандертальчуудын яснаас эс бүрт түүний мянга мянган хуулбар байдаг митохондрын, мөн ганц л байдаг цөмийн ДНХ-ийг хайжээ. Хэдэн арван жил хадгалагдсан эдээс нуклейн хүчлийг олох боломж маш бага байв. Тэрбээр эхний хэсгүүдийг эсийг хувилах буюу клоны аргаар гаргаж авсан нь хүнийхтэй адилгүй аж. Тодруулбал, тэднийх орчин үеийн митохондрийн ДНХ-ээс дөрөв дахин том байжээ. Тиймээс энэ бол халдвар биш, харин жинхэнэ эртний геном гэж итгэлтэйгээр хэлэх боломжтой байсан аж. Геномын бүрэн нооргийг 2010 онд буюу С.Паабо муми болон тугалын элгэнд хийсэн анхны туршилтаас хойш 25 жилийн дараа нийтэлсэн байна.
Энэ олон жилийн турш түүний баг ДНХ-ийг ялгах, шарилыг цэвэрлэх, генийн дараалал тогтоох, өгөгдөл цэвэрлэх, геном угсрах зэрэг нарийн арга боловсруулжээ. Судалгааныхаа үр дүнд тэрбээр шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт санагдсан неандерталь хүний геномын дарааллыг хийж чадсан аж. Мөн урьд нь үл мэдэх гоминидод (хомо сапиенс гэх мэт хүн төст сармагчны төрөл) тооцогдож байсан Денисовын хүний тухай (2008 онд Сибирийн өмнөд хэсэгт орших Денисовагийн агуйгаас 40 мянган жилийн настай хүний хурууны ясны хэлтэрхий олджээ) шуугиан дэгдээсэн нээлт хийсэн байна. Тодруулбал, 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүснийхээ дараа устсан гоминидуудын генүүд хомо сапиенст шилжсэн болохыг тогтоожээ. Орчин үеийн хүмүүсийн хувьд эдгээр ген нь дархлааны систем халдварын үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хариуцдаг. Сванта Паабогийн судалгаа нь шинжлэх ухааны цоо шинэ салбар болох палеогеномикийг бий болгожээ.
Неандертальчуудын ДНХ нь орчин үеийн Европ, Азийн хүмүүсийн дараалалтай хамгийн төстэй. Өөрөөр хэлбэл, Европ, Азийн оршин суугчдын геномын ойролцоогоор 1-4 хувь нь неандерталиас гаралтай байдаг аж. С.Паабогийн ачаар орчин үеийн шинжлэх ухаан устаж үгүй болсон “хамаатны” ген нь орчин үеийн хүмүүсийн физиологид нөлөөлдөг гэсэн ойлголт бий болсон. Үүний нэг жишээ бол Төвөдийн оршин суугчид Денисовийн хүнээс өвлөсөн “EPAS1” гентэй юм. Энэ ген тэдэнд 4.5 мянган метрээс дээш өндөрт ууланд амьдрахад тусалдаг. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, улаан эсийн нийлэгжилт нэмэгдэхэд эл ген идэвхждэг аж. Неандерталь өвөг дээдсээс ч бид дархлааны системийг янз бүрийн халдварын эсрэг тэмцэхэд тусалдаг генийг хүлээн авсан.
Сванте Паабо өдгөө гэргий, Америкийн приматологич, генетикч Линда Вигилант болон хүү, охины хамт Германы Лейпциг хотод амьдарч байна.