Франц даяар шатахуун түгээх станцуудад хомсдол аль хэдийн үүсгэсэн, нефть олборлох салбарын ажилтнууд гурав дахь долоо хоногтоо ажил хаяхаар санал нэгджээ. Үүний сацуу тус улсын эрх баригчид зарим ажилтныг шүүхэд шилжүүлнэ хэмээн сүрдүүлэх аргаар ажилд нь оруулах журмыг хэрэгжүүлж эхлэв.
Ажил хаялтын улмаас нефть боловсруулах долоон үйлдвэрийн зургаа нь зогсжээ. Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх нь энгийн үзэгдэл болсон гэнэ. Тэдгээр станцын бараг гуравны нэгд наанадаж нэг төрлийн түлшний хомсдол бий болсон аж. Үйлдвэрчний эвлэлүүд ажилтнуудынхаа цалинг нэмэхийг шаардаж байна. Тэдний үзэж буйгаар нефтийн компаниуд ийм алхам хийхээр асар их ашиг олж байгаа гэнэ. Тэд долоон хувь нь инфляцыг нөхөхөд, гурван хувь нь ашгаа хуваахад гээд нийт 10 хувиар цалинг нэмэхийг шаарджээ. Нотр-Дам-де-Гравеншон хот дахь “Esso” компанийн нефтийн агуулахын ажилтнуудыг албадан ажиллуулах албан ёсны үйл явцыг эхлүүлснээ Францын Засгийн газар мэдэгдэв. Тус улсад ажил хаях эрхийг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байдаг ч зарим тохиолдолд хязгаарлаж болно. Хуулийн дагуу төрийн төлөөлөгчид “Нийтийн хэв журам сахиулах, эрүүл ахуй, амгалан тайван, аюулгүй байдал хангах” зорилгоор ажилтнуудыг албадан ажиллуулах боломжтой. Гэхдээ зөвхөн шаардлагатай хамгийн цөөн тооны ажилтныг дуудах эрхтэй. Ийм шаардлага хүлээн авсан ажилтан ажлын байрандаа ирэх үүрэгтэй. Эс бөгөөс түүнд зургаан сар хүртэл хугацаагаар хорих, 10 мянган еврогийн торгууль төлөх хариуцлага хүлээлгэх юм. Гэхдээ ийм аргыг Францад бараг ашигладаггүй гэнэ. Хэрэв нефтийн компаниуд болон үйлдвэрчний эвлэлүүд хоорондын хэлэлцээ бүтэлгүйтвэл Засгийн газар “байдлыг зохицуулах арга хэмжээ авна гэж Францын Ерөнхий сайд Элизабет Борн хэлжээ. Зүүний радикал үйлдвэрчний эвлэлүүд үүнийг ажил хаях эрхийг нь зөрчсөн хэрэг болно гэж үзэж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үйлдвэрчний эвлэлүүдийг ажил хаялтаа зогсоохыг уриалахдаа эрчим хүчний компаниудыг цалин нэмэх талаар хууль ёсны шаардлагыг хүлээж авах ёстой гэж мэдэгджээ.