“Бурхан минь, та нар итгэлтэй байна уу? Би өглөөжин ажилтай байлаа. Утас тасралтгүй дуугарсан, нэгтэй нь ч яриагүй” гэж Энни Эрно өөрт нь баяр хүргэхээр холбогдсон сэтгүүлчид хэлжээ. Энэ бол Нобелийн утга зохиолын шагналтныг зарласан өдөр болсон явдал. “Асар их зориг, эмнэлзүйн нарийн тайлбартайгаар Энни Эрно ичгүүр, доромжлол, атаархал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадваргүй байдлаа дүрслэн, нийгмийн харьяаллын гашуун туршлагыг дэлгэдэг” хэмээн Францын зохиолчид утга зохиолын шагнал, 10 сая швед крон (ойролцоогоор 911 мянган ам.доллар) олгох шийдвэр гаргасан Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ. Тэрбээр намтар зохиолдоо 1960-аад оноос хойших Франц дахь эмэгтэйчүүдийн байр суурийг байнга дүрсэлдэг аж. Жижиг хотын дундаж амьдралтай айлын охины бага нас, эцэг, эх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн уй гашууныг даван туулж, хөхний хорт хавдартай тэмцэхийн сацуу эмэгтэй зохиолчийн карьерыг гэр бүлийн амьдралтай хослуулсан хүнд үе түүний номуудын цөм байдаг.
НОРМАНД ОХИН
Энни Дюшесн (Эрно нөхрийнх нь овог) 1940 оны есдүгээр сарын 1-нд Францын хойд нутгийн Лилльбонн хотод мэндэлжээ. Ганц охиноо төрсний дараахан эцэг, эх нь Ивто руу нүүж, ажилчны дүүрэгт нь кафе, хүнсний дэлгүүр нээсэн байна. Эннийг католик шашны хувийн сургуульд оруулснаар дунд давхаргын охидтой танилцаж, гарал үүслээсээ анх удаа ичиж, үүнээсээ удаан хугацаанд санаа зовоход хүргэсэн гэнэ. “Эцэг, эх минь ажилчин ангид харьяалагддаг ч манай ээж хатуу зан чанартай, ном унших дуртай, намайг улам ихийг хийж, бүтээхийг шаарддаг байлаа. Их сургуульд ороход намайг гэрээс холдуулсанд зориулан ном гаргасан” гэж Энни Эрно дурсжээ.
АЗ ЖАРГАЛТАЙ ҮЕ НЬ 45 НАСНААС ЭХЛЭВ
Энни Эрно коллежид сурч байхдаа дуусгасан анхны романыг нь хэвлэлийн компанийнхан хэтэрхий амбицтай гэжээ. Тэрбээр 10 жилийн дараа буюу 1970-аад онд франц хэлний багш, хоёр хүүгийн ээж болсон хойноо зохиол бичихажилдаа эргэн оров. Социологийн сурах бичгүүдэд хүмүүсийг нийгмийн давхаргад хуваах урьдач нөхцөл байдлын систем болох “habitus” гэсэн нэр томьёог нэвтрүүлсэн философич, социологич Пьер Бурдье түүнд шинэ роман бичих урам зориг өгчээ. Түүний ачаар өөрийгөө хөрөнгөтний гэр бүлээс гаралтай үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахаа больсноо Энни Эрно “New York times” сонинд ярилцлага өгөхдөө дурджээ. Нэрт социологичид үргэлж талархахаа ч тэрбээр илэрхийлсэн байна.
Э.Эрно 1970-аад онд зохиолоо нууцаар бичдэг болов. “Миний анхны гар бичмэлийг хараад манай нөхөр намайг шоолох болсон. Шинэ ном бэлдэж буйгаа түүнд хэлээгүй. Ганцаараа байхын тулд докторын зэрэг хамгаална гэдэг байж билээ” гэж дурсжээ. 1974 онд дэлхийн хамгийн том “Gallimard” хэвлэлийн газар “Хоосон шүүгээнүүд” романыг нь хэвлэхэд түүний нөхөр Филипп Эрно маш их бухимдаж, “Нууцаар ном бичиж байгаа хүн намайг төвөггүй араар тавьдаг биз” гэсэн байна. 1980-аад оны эхээр нөхрөөсөө салсан Энни дахиж хүнтэй гэрлээгүй аж. “Би эрчүүдтэй удаан биш ч амьдарч үзсэн. Би тэднээс маш хурдан залхдаг. Хэн нэгэнтэй түгжигдэнэ гэж төсөөлж ч чадахгүй. Энэ бол ёстой хар дарсан зүүд” хэмээн гэрлэлтийн талаар тэрбээр өгүүлжээ. Түүний амьдралын хамгийн гэгээлэг, аз жаргалтай үе 45 наснаас эхэлсэн аж. “Тэр үед л би жинхэнэ эрх чөлөөтэй эмэгтэй гэдгээ мэдэрсэн. Миний амьдрал надад таалагдаж, хүссэн бүхнээ хийсэн” хэмээн ярьжээ.
ВЕНЕЦИЙН ЯЛАЛТ
Францад Энни Эрно алдартай нэгэн. Харин “Он жилүүд” романыг нь богино (шилдэг бүтээлийн) жагсаалтдаа оруулсан Букерийн шагналын шүүгчдийн ачаар 2019 оноос дэлхийд алдартай зохиолч болов. Венецийн 78 дахь удаагийн кино наадмын дараа түүнийг мэдэх хүний тоо илүү олширчээ. Францад 1963 онд хууль бусаар үр хөндүүлсэн тухайгаа өгүүлсэн Энни Эрногийн “Үйл явдал” номоос сэдэвлэн, тус улсын кино найруулагч Одри Диваны бүтээсэн ижил нэртэй кино 2021 онд Соррентиногийн “Бурхны гар” бүтээлийн өмнө орж, “Алтан арслан” хүртсэн байна. Хууль бус үр хөндөлтийн талаарх өөрийн үзэл бодол болон Энни Эрногийн дүрсэлсэн бодит байдал хоорондын ялгаанд маш их цочирдсон Одри Диван үзэгчдэд мөн ижил хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг өөртөө үүрэг болгосон гэнэ.
Энни Эрно cаяхан найруулагчаар ажиллаж үзжээ. Хүү Дэвид Эрно-Бриотойгоо хамтран ажилласан “Les Annees super 8” баримтат киногоо энэ жил Каннд үзүүлэв. Гэр бүлийн архив дахь сонирхогчийн камераар авсан бичлэгүүддээ тулгуурлан уг баримтат киног бүтээcэн гэнэ. Үүнд гэр бүлээрээ үзсэн газрууд, тэмдэглэлт өдрүүд, дэлхийгээр хийсэн аялал, тухайлбал, ЗХУ, Чили, Албани, Испани, Португалд очсон тухай өгүүлдэг аж.
“ЭРЧҮҮДИЙН БҮДҮҮЛЭГ ЗАН АВИРЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ”
Энни Эрно нийгмийн талаарх байр сууриа идэвхтэй илэрхийлж, шар хантаазтнуудын ажил хаялт, “#MeToo” хөдөлгөөнийг дэмждэг. “Би Катрин Денёвын (“#MeToo” хөдөлгөөн хэрээс хэтэрсэн гэж энэ жүжигчин хэлсэн) өмнөөс маш их ичиж байсан. Түүний байр суурь эрх ямбатай хэсэг эмэгтэйчүүдийн л тусгал. Үнэнийг хэлэхэд, би түүний зан байдлыг жигшдэг. Би “#MeToo”-г бүрэн дэмждэг. Мэдээжийн хэрэг хүмүүс янз бүрээр л туйлширдаг. Гэхдээ хамгийн чухал нь эмэгтэйчүүд эрчүүдийн бүдүүлэг зан авирыг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал. Францад хүн бүр бидний сэтгэл татам байх соёлыг байнга ярьдаг ч энэ нь өдөх биш, эрчүүдийн дарангуйллын тухай юм. Хүчирхийлэл эр, эмийн хүрээнд төдийгүй хаа сайгүй, тэр дундаа уран зохиолд ч тохиолддог. Эмэгтэй зохиолчдыг телевизийн нэвтрүүлэг хөтлүүлэхээр урих нь ховор. Эмэгтэйчүүд хэзээд зүгээр л нэг бичигч, харин эрчүүд л зохиолч байдаг гэж ойлгодог үзэгчид бий” гэж Энни Эрно “Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Энни Эрно Парисын уран зохиолын тайзнаас хол байхыг илүүд үздэг ч түүнд зориулан зохион байгуулдаг арга хэмжээнд хааяа оролцдог юм. Тэрбээр маш их уншдаг (Виржиниа Вулф, Жан-Поль Сартр, Жорж Перек нарын зохиолыг уншдаг), Парисын захын Сержи-Понтуаз дахь гэртээ байж, цэцэрлэгээ арчлах дуртай. “Нас дээр гарч байна. Ядардаг, эрүүл мэндийн жижиг асуудлууд гардаг болж. Симон де Бовуарын сүүлчийн номуудын нэгний гол дүрийн бүсгүй “Ардаа баялаг түүхтэй байх нь онцгой сэтгэл татам” гэж хэлдэг. Өдий насанд энэ л надад таалагдаж байна” гэж Энни Эрно хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.