Шведийн Төрийн банкнаас олгодог, Альфред Нобелийн дурсгалын шагналыг энэ онд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, тус улсын судлаач Дуглас Даймонд, Филип Дибвиг нар хүртэх боллоо. Шагналыг банк санхүүгийн хямралын судалгаа хийсний төлөө олгох шийдвэр гаргажээ. Энэ жилийн шагналтнууд эдийн засагт, ялангуяа санхүүгийн хямралын үед болон санхүүгийн зах зээлийг зохицуулахад банкуудын гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг эрс сайжруулсан гэнэ. Тодруулбал, байдлыг улам дордуулах учир хямралын үед банкуудыг дампууруулахгүй байх нь чухлыг судлаачид онцолсон аж. Эдийн засгийг хэвийн байлгахын тулд хуримтлалыг хөрөнгө оруулалт руу чиглүүлэх ёстой. Хадгаламж эзэмшигчид шаардлага гарсан тохиолдолд мөнгөө шууд авахыг хүсдэг учир хугацаанаас өмнө зээлээ төлөхийг компаниуд шаардахгүй байх нь зүйтэй гэнэ.
Нобелийн шагналыг 1901 оноос хойш 609 удаа олгож, 943 хүн, 45 байгууллага шагналтан болсны 89 нь эдийн засгийн чиглэлийнх. Шведийн Төрийн банкнаас эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр Альфред Нобелийн дурсгалын шагналыг 1968 онд тус санхүүгийн байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан бий болгосон бөгөөд жил бүр Нобелийн санд шагналын мөнгийг шилжүүлдэг. Шведийн химич, зохион бүтээгч, буяны зүтгэлтэн А.Нобель 1895 оны гэрээслэлдээ эдийн засагчдын талаар дурдаагүй тул албан ёсоор үүнийг Нобелийн шагнал гэж үзэж болохгүй юм. Гэсэн ч уг шагналыг Альфред Нобель (1833-1896) нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд бусад салбарынхны хамт гардуулдаг. Цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа уг ёслол дахин Стокхолмын Филармонийн танхимд болох бөгөөд хаан Карл XVI Густаф шагналтнуудад алтан медалийг дипломын хамт гардуулах юм. Энэ өдөр шагнал гардах бүх хүн 10 сая крон (одоогийн ханшаар 890 мянган ам.доллар) авна. Эдийн засгийн салбарын шагналтнуудыг зарласнаар жил бүрийн аравдугаар сарын эхээр болдог Нобелийн долоо хоног өндөрлөлөө.