БНХАУ-ын Коммунист намын 19 дэх удаагийн сонгуулийн Төв хорооны долдугаар бүгд хурал болж буй тухай “Xinhua” агентлаг мэдээлэв. Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин Улс төрийн товчооны ажлын тайланг танилцуулж, 20 дугаар их хуралд тавих тус хорооны илтгэлийн төслийн талаар тайлбар өглөө. Мөн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Хунин намын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийжээ. Түүнчлэн 20 дугаар их хуралд тавих 19 дэх удаагийн Сахилга батыг шалгах төв комиссын ажлын тайлангийн төслийг хэлэлцсэн байна.
Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал энэ сарын 16-нд эхэлнэ. Энэ хурал дууссаны дараа Төв хорооны шинэ бүрэлдэхүүний анхдугаар бүгд хурал болж, энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль болох бөгөөд Улс төрийн товчоо, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг мөн шинэчлэн батлах юм.
Их хуралтай холбогдуулан Бээжинд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ. Нийслэлд цар тахлын эсрэг хатуу шаардлага тавьсан хэвээр байгаа бөгөөд нийслэлийн оршин суугчид болон зочид гурав хоногийн турш өдөрт нэг удаа коронавирусийн шинжилгээ өгч, дэлгүүр, байгууллага, тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх шаардлага тавьж байна.
Үүний сацуу Хятадын Коммунист намын Сахилга батыг шалгах төв комисс тус улсын Худалдааны банкны тэргүүн асан Тянь Хуэйюйг ноцтой зөрчил гаргасан хэмээн тус намаас хөөжээ. Түүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийтийн эрх ашгийг хохироосон гэв. Санхүүгийн луйвраас гадна түүнийг авлигажсан амьдралын хэв маяг баримталсан хэмээн буруутгасан гэнэ. Тянь Хуэйюй 1987 оноос банкны салбарт ажиллаж байжээ. Худалдааны банкийг 2013 оны тавдугаар сараас өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл удирдсан байна. Тэрчлэн Хятадын Ардын дээд прокурорын газраас Хятадын төмөр замын корпорацын ерөнхий захирал асан Шэн Гуанзуг авлигын хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргажээ. Сахилгын мөрдөн шалгалтын явцад Шэн Гуанзу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүйг нотлох баримтууд илэрсэн аж.