Нобелийн хороо энэ жил энх тайвны шагналыг ОХУ-ын хүний эрхийг хамгаалах “Мемориал” төв, Беларусийн идэвхтэн Алесь Беляцкий, Украины “Иргэний эрх чөлөөний төв”-д олгохоор болов. “Эрх мэдлээ урвуулан ашигласан, хүний эрх зөрчсөн, цэргийн гэмт хэргийг баримтжуулах талаар тэд онцгой хүчин чармайлт гаргасан. Энх тайван, ардчиллын төлөө тэмцэх нь иргэний нийгэмд чухал болохыг тэд харуулж байна” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ. Үүний өмнө намтрын номоороо алдартай, Францын зохиолч Энни Эрно Нобелийн 2022 оны утга зохиолын салбарын шагналтнаар тодров. Тэрбээр энэ нэр хүндтэй шагналын эзэн болж буй 17 дахь эмэгтэй юм. Олон жилийн турш шагнал авах магадлалтай хүмүүсийн жагсаалтад түүний нэр орж байсан аж. Шведийн академийн Нобелийн хорооноос мэдээлснээр Энни Эрно дурсамжийнхаа гарал үүсэл, тасалдал, хязгаарыг ил болгох эр зориг гаргаж, мэс заслыг нарийн дүрсэлснийхээ төлөө шагнал хүртэх болжээ. Тэрбээр бүтээлдээ хүйс, хэл, нийгмийн давхаргын ялгааг онцлон тусгадаг. Түүний зохиол бичих зам нь урт бөгөөд хүнд хэцүү байсныг шинжээчид тэмдэглэжээ. Хамгийн алдартай номуудынх нь нэг болох “Үйл явдал”-д Францад үр хөндөх нь хуулиар хориотой байсан 1963 онд зохиолч тийм мэс засал хийлгээд хэрхэн амьд үлдсэн тухайгаа өгүүлдэг. Өнгөрсөн жил найруулагч Одри Диваны энэ зохиолоор хийсэн кино Венецийн наадмаас “Алтан арслан” хүртжээ. Нобелийн шагналыг 1901 оноос хойш 609 удаа олгожээ. 943 хүн, 45 байгууллага уг шагналыг хүртсэний 118 нь зохиолч, яруу найрагч аж.