ОХУ, Гүржийн хил дээрх автомашины цуваа үгүй больсныг хойд хөршийн Умард Кавказын гаалийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Ийнхүү өнгөрсөн сарын 21-нээс хойш дайчилгаанаас зугтсан оросуудын урьд хожид байгаагүй их урсгалаас үүдсэн онцгой байдал намжжээ. Одоо Гүржид очсон ОХУ-ын иргэд шинэ газар суурьшиж, цаашид юу хийх талаар бодох болов. Өвөр Кавказын тус бүгд найрамдах улсын эрх баригчид өнөөгийн нөхцөл байдлаас хамгийн их ашиг хүртэхийг хичээж буйн сацуу оросуудад хандах хандлагаа эрс чангаруулахыг шаардаж буй сөрөг хүчний дайралттай тэмцэж байна.
АЖИЛТАЙ БОЛБОЛ БАЙНГА ОРШИН СУУХ БОЛОМЖТОЙ
Гүрж рүү нэвтрэхийг хүссэн оросуудын тоо урьд өмнө байгаагүй ихэссэнтэй холбоотойгоор нөхцөл байдал нь хүндэрсэн хилийн шалган нэвтрүүлэх “Дээд Ларс-Казбеги” боомт нам гүм болжээ. Дотоод хэргийн яамнаас нь мэдээлснээр есдүгээр сарын 17-26-нд ОХУ-ын 78 742 иргэн тус улсад нэвтэрч, 62 120 нь гарсан байна. Тэрчлэн өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 1-нд ОХУ-ын 49 505 иргэн Гүржийн хилээр нэвтрээд, буцаж гараагүй аж. Тийнхүү оросуудын тоо Гүржид очсон гадаадын иргэдийг тэргүүлээд байна. Наймдугаар сарын мэдээллээр энэ онд ОХУ-ын 260 810 иргэн тус улсад очсон гэнэ. Тэдний дараа, Армени (178 483), Туркийн (116 882) иргэд оржээ.
Гүржид очсон оросууд сэтгэгдлээ дуртайяа хуваалцдаг ч нэрээ хэлэхгүй байхыг хүсдэг. Тухайлбал, хавар өөрийн машинаар очсон, загвар зохион бүтээгч Татьяна тус улсад удаан хугацаагаар байх төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Тэрээр Тбилиси хотод байр түрээслэх боломжгүй тул олон шинэ барилга босож буй Батумийг зорьсон гэнэ. Хар тэнгисийн энэ хотыг заримдаа Кавказын Дубай гэдэг. Өөр нэг ярилцагч 55 настай Вероника нийслэл Тбилисид суурьшжээ. ОХУ-ын иргэн Гүржийн банканд данс нээлгэх нь маш хэцүү. Тусгай комисс эхлээд өргөдөл гаргагчийг хэдэн өдөр, бүр долоо хоногийн турш шалгаж, дараа нь данс нээлгэснээр зөвхөн Гүржийн нутаг дэвсгэрт хүчинтэй карт гаргадаг аж. Энэ нь Өрнөдийн хориг арга хэмжээг зөрчихөөс зайлсхийх зорилготой Гүржийн Үндэсний банкнаас өгсөн заавар юм.
Гэсэн ч оросууд Гүржид байх олон эерэг зүйлийг нэрлэжээ. Юуны түрүүнд, визгүй журам, оршин суух зөвшөөрөл авалгүй жуулчны хувиар тус улсад нэг жил амьдрах боломж нь тэдний анхаарлыг татаж байна. Түүнчлэн оросоор ярьдаг орчин, нутгийн хүн амын найрсаг байдал том давуу тал гэнэ. Жишээлбэл, 35 настай Михаил мэдээллийн технологийн бизнесээ Гүржийн “Хууль зүйн ордон”-д нэг өдрийн дотор бүртгүүлж чаджээ. Гуравдугаар сараас хойш Оросын иргэд 7000 орчим компани бүртгүүлсэн байна.
Урьд нь орон сууцын ханш хямд (жишээ нь, Турктэй харьцуулахад) нь эргэлзээгүй давуу тал байсан. Гэвч оросуудын шилжилт хөдөлгөөний улмаас үл хөдлөх хөрөнгийн эрэлт болоод үнэ огцом нэмэгджээ. Тбилиси, Батумид байрны сарын түрээс 100 хувь нэмэгдэж, нэг өрөө байрных 500-600 доллар хүртэл өссөн байна. Эдгээр хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ дунджаар 15-20 хувиар мөн нэмэгдсэн гэнэ. Гүржийн Засгийн газрын “Геостат” агентлагийн мэдээлснээр Оросын иргэд сүүлийн гурван жилийн хугацаанд Гүржид 22 719 орон сууц худалдан авчээ. Ярилцлага өгсөн оросуудын олонх нь Гүржид дор хаяж нэг жилийн хугацаатай байр түрээслэхээр шийджээ. Зарим нь энэ хугацаанд Хууль зүйн яамнаас нь оршин суух зөвшөөрөл хүсэхээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, тэд Гүржид хэдэн жил ч амьдрахыг үгүйсгэхгүй байна. Үүний тулд олон бичиг баримт цуглуулж, хоёр долоо хоног орчим хариу хүлээх хэрэгтэй. Түүгээр ч барахгүй гадаадын иргэд хийх ажил олж байж л оршин суух зөвшөөрөл авах боломжтой. Тэгвэл нэг хэсэг нь иргэншилтэй болохыг хүсэж байна. Хууль зүйн яамных нь мэдээлснээр 2018-2022 онд Гүржийн иргэншил олгосон дүнгийн 72 хувийг (8464-ийн 6075) нь ОХУ-ын иргэд эзэлжээ.
“АЛТНЫ УУРХАЙ”
Гүржийн Засгийн газрын хувьд Оросын жуулчдын урсгал жинхэнэ “алтны уурхай” болжээ. Ерөнхий сайд Иракли Гарибашвили саяхан болсон Сайд нарын танхимын хуралдааныг нээж Гүржийн эдийн засгийн өсөлт бүх бүс нутагт нь урьд өмнө байгаагүй хэмжээгээр буюу оны эхнээс хойш 10.5 хувиар өссөнийг бахархалтайгаар мэдэгдэв. Энэ онд тус улсын ДНБ 80 тэрбум лари (28.57 тэрбум ам.доллар), нэг хүнд ногдох ДНБ нь 7500 “ногоон”-д хүрэх гэнэ. Энэ өсөлт аялал жуулчлалын салбар нь хурдацтай сэргэсэнтэй холбоотой. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, түүнчлэн үйлчилгээ, нийтийн хоолны салбар нь сэргэжээ. Гэхдээ оросын жуулчдын тоо 2019 оны цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй байгаа аж.
Оросоос одоо ирэгсэд гурван жилийн өмнөхөөс төлбөрийн хамаагүй илүү чадвартай байгааг Гүржийн Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яамны ажилтан Майя Лепсцверидзе тэмдэглэв. Гүржийн Засгийн газар Оросоос ирсэн хүмүүст санхүүгийн тусламж үзүүлдэггүй. Украины дүрвэгч нэг гэр бүлд сард дунджаар 400 лари (140 ам.доллар) өгдөг. Саяхныг хүртэл Тбилиси, Батуми хотын захирагчийн албанаас украинчуудад дунд зэрэглэлийн зочид буудалд байрлах зардлыг мөн хариуцдаг байсан ч хөрөнгө, мөнгөгүй гэсэн шалтгаанаар наймдугаар сараас уг тэтгэлгээ зогсоожээ. Гүржид Украины 60 мянган дүрвэгч бий.
Үүний сацуу Гүрж дэх Украин, Оросын нийгэмлэгүүд эв найрамдалтай. Тэдний хооронд ямар ч зөрчил гараагүй. Харин украинчууд Гүржийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн хамт Тбилисийн төв дэх оросууд буусан зочид буудлуудын ойролцоо үе үе жагсаал, цуглаан хийдэг гэнэ. Саяхан Украины Элчин сайдын яам Гүржийн төрийн бус байгууллагуудтай хамтран “Дээд Ларс-Казбеги” боомтод Оросын цуглаан зохион байгуулж, “Та бүхнийг энд таатай хүлээн авахгүй” гэсэн уриа лоозон барьжээ. Гэвч Гүржийн цагдаа нар тэднийг нэн даруй тараасан учир хил давж байгаа оросууд өөрсдийнх нь эсрэг лоозон хараагүй гэнэ.
ХҮН БҮРИЙГ ШАЛГАХ,ВИЗТЭЙ БОЛГОХЫГ ШААРДЛАА
Михаил Саакашвили тэргүүтэй Гүржийн сөрөг хүчнийхэн оросуудын урсгалыг анхнаасаа таагүй хүлээн авчээ. Абхаз, Өмнөд Осетийг эзэлсэн тусгай татварт 1000 лари буюу 353 ам.доллар авахыг хүртэл шаардав. Гэхдээ сөрөг хүчнийхэн нь бүгд тийм радикал үзэлтэй биш. Тухайлбал, парламентын “Шинэчлэлийн төлөө” бүлгийн гишүүн Теона Акубардиа оросуудыг тус улсад нэвтрэхийг бүрмөсөн хориглохыг дэмжээгүй. Харин визтэй болгох, ОХУ-аас ирж буй хүн бүрийг сайтар шалгах саналыг дэмжжээ.
Тэгвэл эдийн засгийн хурдацтай өсөлтийн зөвхөн санхүүгийн төдийгүй улс төрийн үр шимийг хүртэж буй эрх баригч нам оросуудыг Гүржид нэвтрүүлэхийг хязгаарлах талаар сөрөг хүчний удирдагчдын шаардлагыг эрс няцаасан байна. Ялангуяа ОХУ-тай визгүй зорчих журмыг Михаил Саакашвили дангаар нэвтрүүлснийг эрх баригчид тэмдэглэжээ. 2011 онд Ерөнхийлөгч байхдаа тэрбээр сэтгүүлчдийн хамт “Дээд Ларс-Казбеги” боомт руу тусгайлан очиж, тус улсад визгүй нэвтэрсэн анхны оросуудтай гар барьж, эмэгтэйчүүдэд цэцэг өгч, Гүржийн иргэдэд хөрш улсын оршин суугчид хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдгийг онцолж байсан гэнэ.