Америкийн химийн мэргэжилтнүүд эрчим хүч, түүхий эдийн хамгийн бага зардлаар хаягдал хуванцрыг дахин бүрэн боловсруулах боломж олгосон цогц арга нээжээ. Ийм аргаар бүтээсэн хуванцраар дахин хэдэн ч удаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж Колорадогийн их сургуулийн хэвлэлийн албанаас мэдэгдэв. Төрөл бүрийн термостат хуванцар үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг полицианурат полимерт суурилсан шинэ хуванцар нь дахин шинэ эдлэл үйлдвэрлэх зардлыг эрс багасгаж, байгальд хог хуримтлагдахаас хамгаална гэж эрдэмтэд дүгнэсэн байна.
Жил бүр ойролцоогоор 300 сая тонн хуванцарыг ус, хогийн цэгт хаядаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь микробт задрахгүй хэдэн арав, бүр хэдэн зуун жил хэвээр байдаг. Ус болон хогийн цэгт хуримтлагдсан хуванцрыг дахин боловсруулах үйл явц нь эдийн засгийн маш үр ашиггүй, их хэмжээний эрчим хүч шаарддаг аж.
Хуванцар үйлдвэрлэхэд үнэрт нүүрсустөрөгчийн молекулууд болон янз бүрийн цианы хүчил ашигладаг. Өндөр температурт тэдгээр нь задрахгүй, бат бөх материал үүсгэдэг. Нүүрстөрөгчийн зарим атомыг азотоор сольж, үлдсэн атомыг хүчилтөрөгчтэй нэгтгэх замаар полициануратын бат бөх шинж чанарыг арилгаж болохыг америкчууд олж мэджээ. Ингэж гаргаж авсан хуванцрыг спирт, калийн карбонатын уусмалын халуун холимогт дүрэхэд амархан задардаг гэнэ. Энэ аргаар хуванцрыг дахин дахин задалж, боловсруулах бүрт химийн найрлага нь өөрчлөгддөггүй байна. Мөн энэ нь хуванцар эдлэл үйлдвэрлэх зардлыг эрс багасгаж, байгальд хог хуримтлагдахаас хамгаалах аж.