Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах төрийн ёслол тус улсын нийслэл Токиогийн төв дэх эзэн хааны ордны дэргэдэх Китаномарү цэцэрлэгт хүрээлэнд орших “Ниппон бүдокан” (“Тулааны урлагийн ордон”) цогцолборт боллоо. Уг арга хэмжээнд 4300 орчим зочин, тэдний дотор орон, нутаг дэвсгэрийн 218 олон улсын байгууллагын 700 орчим төлөөлөгч оролцов. Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг ёслолд оролцож, Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд асан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун, Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Канадын Засгийн газрын тэргүүн Жастин Трюдо, БНСУ-ын Сайд нарын танхимын тэргүүн Хан Док Су, БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Ван Ган нар байлаа. Тэрчлэн Германы Ерөнхийлөгч асан Кристиана Вульф, Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози нарын хуучин удирдагч оролцжээ. Японд гадаадын өндөр албан тушаалын төлөөлөгчид ирсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хоёр талын уулзалтууд хийв.
Ёслолыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно нээжээ. Ш.Абэ агсанд хүндэтгэл үзүүлж, нэг минут дуугүй зогссоны дараа Ерөнхий сайд Фүмио Кишида, парламентын хоёр танхим, Дээд шүүхийн дарга нар, түүний найзуудыг төлөөлж Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга салах ёс гүйцэтгэн үг хэлсэн байна.
Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако, хүндэт эзэн хаан, хатан Акихито, Мичико тэргүүтэй төлөөлөгчид амь үрэгдсэн Ерөнхий сайдын чандарт хүндэтгэл үзүүлж, угсаа залгамжлах хунтайж Акишино хааны гэр бүлийг төлөөлөн цэцэг өргөлөө. Түүний араас Японы Ерөнхий сайд, Ш.Абэгийн гэр бүлийн гишүүд, гадаадын өндөр албан тушаалын төлөөлөгчид хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа чандрыг танхимаас гаргаж, ёслолд оролцсон бусад хүн, улстөрч агсны хөрөгт цэцэг өргөжээ. “Ниппон бүдокан”-ы дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд хүссэн хүн бүр цэцэг өргөх боломжтой дурсгалын талбай нээсэн байна.
Шинзо Абэ нь үе дамжсан улстөрчдийн нөлөө бүхий удмын төлөөлөгч юм. Түүний эхийн талын өвөг эцэг болон эцгийнх нь авга ах Ерөнхий сайд байсан бол аав нь Гадаад хэргийн сайд байжээ. Тэрбээр өөрөө Японы түүхэнд хамгийн удаан буюу найман жил найман сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан юм.