Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА 1999 онд “Монгол Улсын үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулах анхны судалгааны ажлыг хийж байжээ. Харин үүнээс 20 жилийн дараа хоёр орны судлаачдын багтай хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ, мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын дүгнэлт” судалгаа хийсэн аж. Тэгвэл уг судалгааны үр дүнд үндэслэсэн тайлан, хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд зохион байгуулах нь. Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд үүнд оролцох боломжтой. Хэлэлцүүлгийг Японы судалгааны багийнхан удирдах юм байна. Ташрамд дурдахад, уг судалгааг цар тахлын үед хийснээрээ онцлог бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд нийгэм, эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байгааг давхар танджээ.
Бэлтгэсэн Н.Буян