Дэлхий дахинд болон манай улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудад 16 сая орчим коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Халдвар өвчин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нутагт буюу манай улсын харьяалагддаг бүс нутагт өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар 19 хувиар өссөн байна. Энэ бүс нутгийн өсөлтөд Япон, Өмнөд Солонгос улсад халдвар нэмэгдсэн нөлөөтэй.
Япон улсад өдөрт 90 орчим мянган халдвар бүртгэгдэж буй. Тус улсын хувьд бүүстер тунгийн хамрагдалт бага байгаа нь халдварын тохиолдлын тоонд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн ч тус улс хилийн хоригоо бууруулж буй бөгөөд тусгаарлалтын хоногийн 3 болгож бууруулсан.
Харин БНСУ-д өдөрт 90,000-100,000 орчим тохиолдол шинээр илэрч буй. Нийт нас баралтын тоо 7,300 хүрсэн бөгөөд цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200,000-д хүрнэ гэсэн тооцоо судалгааг хийсэн байна.
Мөн дэлхийн улс орнууд хилээ нээж, хорио цээрийг цуцалж байгаа шалтгаан нь коронавируст халдвар цар тахлаас нутагшмал хэлбэр рүү шилжиж байгаатай холбоотой хэмээн үзэх болсон. Цар тахлын үед тохиолдол, нас баралтын тоо өндөр, давлагаа огцом өсөлттэй байдаг бол нутагшмал хэлбэрт шилжихээр халдвар байсаар байх боловч нас баралт бага, тохиолдлын тоо огцом өсөлтгүй байдгаараа цар тахлын хэлбэрээс ялгаатай юм.
Манай улсад эмнэлгийн ачаалал, нас баралт буурсан. Цар тахлын үеийн дельта хувилбарын үетэй харьцуулбал одоо 10 дахин нас баралт буурсан байна. Сүргийн дархлаа хангалттай тогтсон нь манай улсыг хилээ нээх, хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн. Халдвар авсан иргэд дахин халдвар авах эрсдэл өндөр учраас вакциндаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй гэв.