Японы эрдэмтэд бие мах бодийн хөгшрөлийг удаашруулах шинэ вакцин бүтээснээ мэдэгдсэн тухай “Nature Aging” сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгааны материалын дагуу эрдэмтэд хүн болон хулганын хөгширч буй эсүүдээс маркер уураг илрүүлж, улмаар түүнд чиглэсэн пептидийн вакцин бүтээжээ. Энэ эм нь нас ахих тусам хүний биед хуримтлагдаж, төрөл бүрийн үрэвсэл үүсгэдэг "зомби эс" гэж нэрлэгддэг эсийг устгадаг аж.
Одоогийн байдлаар хулганууд дээр хийсэн туршилтууд амжилттай болжээ. Вакцин хийлгэсний дараа дээрх мэрэгч амьтдын дундаж наслалт уртсаж, бодисын солилцоо хурдасч, атеросклероз буюу судасны хатуурлын илрэл буурчээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд эл вакцин нь насжилтаас шалтгаалдаг оюуны хомсдол, чихрийн шижин, судас хатуурах зэрэг өвчинтэй тэмцэх боломжтой юм. Гэсэн ч вакцин бүрэн үйлчлэхийн тулд хөгшрөлтийн эсийн бусад маркеруудыг /ДНХ-ийн өвөрмөц дараалал / тодорхойлох шаардлагатай аж. Тиймээс судалгаа үргэлжилж байна.