АНУ-ын Аляска муж улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Тус мужид уржнан газар долоон магнитудын хүчтэй хөдлөхөд Анкориж хотын их сургуулийн монгол оюутнуудтай цахимаар холбогдож байлаа. Тэдний нэг нь “Ийм хүчтэй чичирхийллийг анх удаа мэдэрлээ. Аймшигтай. Авто зам хэдэн хэсэг хуваагдсан. Гэхдээ нэг ч барилга, байгууламж сүйдэж, хүний амь эрсдээгүй. Энэ үйл явдал болохоос хагас цагийн өмнө яльгүй чичирхийлэл мэдрэгдсэнийг хотын аюулгүйн албаныхан телевиз, олон нийтийн сүлжээгээр анхааруулсан учир иргэдийн олонх нь аюулгүй байдлаа хангасан. Худалдаа, үйлчилгээний газрууд бүгд хаалттай. Оршин суугчид одоо ч (маргааш нь) гэрээсээ гаралгүй телевизийн мэдээ чагнаж байна” гэсэн юм. Аляска муж улсад газар хөдлөлтийг урьдчилан тандах, тооцоолох зориулалттай төхөөрөмж хэдэн мянга бий учир айсуй аюулыг хяналтдаа авах нь алдахаасаа олон гэж тэд онцолсон. Харин Японы Фүкоакод амьдардаг найз минь “Чичирхийлэл мэдрэгдсэн, эсвэл аюул болзошгүйг урьдчилж мэдсэн тохиолдолд хот даяар гамшгийн дохио дуугардаг. Ухаалаг утастай хүн болгонд сэрэмжлүүлэх зурвас илгээдэг. Хоёр жилийн хугацаанд ийм зурвас зургаан удаа авсан” хэмээн ярилаа.
Дээр жишээ болгосон хоёр улс газар хөдлөлтийн голомт бүхий бүсэд тооцогддог. Тиймээс гамшгийг техник, технологийн тусламжтай урьдчилан мэдэх, тооцоолох, дамжуулах системийг өндөр түвшинд хөгжүүлжээ. Үүнийг олон улсад амжиж анхааруулах систем хэмээн нэрийддэг аж. Гамшгийн эрсдэлийг давах чадамжийг энэхүү үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд Монгол энэ үнэлгээгээр 200 гаруй орноос 132-т, АНУ тавдугаарт, Япон тэргүүн байрт жагссан байна. Эрсдэлийн үнэлгээ, менежмент хэр сайн бэ гэдгийг үүгээр хэмждэг.
Амжиж анхааруулах систем Монголд харьцангуй шинэ технологи. ОБЕГ таван жилийн өмнө л “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд зарлан мэдээлэх, дуут дохиолол бүхий 60 цамхгийг нийслэлийн есөн дүүрэгт суурилуулж, телевиз, радио нийлсэн 12 байгууллагыг ийм зориулалттай тусгай төхөөрөмжөөр хангасан юм. Тэгвэл ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн амжиж анхааруулах системтэй холбоотой нэгэн судалгаа, туршилтыг энэ онд гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотод гамшгийн хэмжээний аюул учруулж болзошгүй, газар хөдлөлтийн идэвхтэй гурван бүс бий гэж судлаачид үздэг. Тэр нь Дундговь аймгийн Дэрэн, Булганы Могод сум, Сэлэнгийн Бүрэн бүтээлийн нуруу. Эдгээр голомтод амжиж анхааруулах систем бий. Тэнд хүчтэй газар хөдөлсөн даруйд ухаалаг төхөөрөмж автоматаар бүртгэж, хүчийг нь тодорхойлоод, чичирхийллийн долгион хотын аль бүсэд илүү тархахыг тооцоолон, Улаанбаатарт аюул нүүрлэхээс 30-60 секундийн өмнө мэдээлдэг. Харин судлаачид энэхүү системийг боловсронгуй болгох, мэдээлэл дамжуулах хугацааг түргэсгэх зорилгоор зохиомлоор газар хөдөлгөдөг төхөөрөмж бүтээж, амжилттай туршжээ. Ийм гурван төхөөрөмжийг Дэрэнгийн голомтот бүсэд суурилуулахад секундэд 800 см-ийн хурдатгал үүсгэсэн нь амжиж анхааруулах системийн хурдыг давсан үзүүлэлт болжээ. Тодруулбал, энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар газар хөдлөлтийг урьдчилан тооцоолох хугацааг 10 секундээр урагшлуулсан аж. Газар хөдлөлт үргэлжлэх дундаж хугацаа 30 секунд байдаг. Гамшгийн үед хүний амь хэдхэн секундээр хэмжигддэг тул амжиж анхааруулах системийн хурдыг энэ хэртэй урагшлуулна гэдэг нь том дэвшил аж. Энэхүү автомат системийг олон улсад атомын цахилгаан станц, цахилгаан шат, цэцэрлэг, сургуулиудад суурилуулж болзошгүй эрсдэлээс сэргийлдэг гэнэ.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.Өлзийбат “Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийг тандах 130 гаруй станц ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн тохиолдлууд зургаан магнитудаас дээш буюу хүчтэй ангилалд багтах боллоо. Газар хөдлөх идэвх өссөөр буй. Тиймээс ийм хэмжээний хүчтэй чичирхиллийн давтамж улам олширно. 2005 оноос хойших үед бүртгэгдсэн тохиолдлыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. 2013 онд гэхэд 2300 гаруй удаа газар хөдөлсөн. Тиймээс 12-оос дээш давхар барилга барихдаа хөрсний судалгааг зайлшгүй хийлгэж, мужлалын хүрээг тооцуулах нь чухал” гэж онцолсон. Газар хөдлөл нь хур тунадас орох үзэгдэл төдий зүйл биш, байгалийн гамшиг. Тиймээс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх найдвартай арга зам эрэлхийлэх, тэр дундаа дэлхий дахинд өргөн ашигладаг амжиж анхааруулах системийг байнга хөгжүүлж, боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг эрдэмтэд онцолсон.
Зохиомлоор газар хөдөлгөдөг төхөөрөмжийг турших явцад судлаачид бас нэг төсөл амжилттай эхлүүлсэн нь Улаанбаатарт халгаатай дээрх гурван бүсийн нэг Могодын хагарлын геофизикийн судалгаа. Эл хагаралд газар дахин хөдлөх магадлалтай хугацааг 25 000 жил гэж тогтоосон ч БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн манайхтай хамтран “Эх газрын бүсэд хагарал үүсэх загварчлал болон идэвхтэй тектоникийн судалгаа”-г дахин хийх болжээ.