Наадам дууссан, намрын шинж ч орлоо. Шинэ засгийн газар бүрдэж, сайдууд суудалдаа очсон. Наадам дамнасан олон хоногийн амралт тэдэнд төдийлөн хамаагүй байсан болов уу хэмээн найдна. Эдийн засаг, нийгмийн урьд өмнө байгаагүй нөхцөл байдалд бүрэлдсэн Засгийн газрын өмнө ард иргэдээ хөнөөлт вирусээс ангид байлгахын сацуу ажлын байраар аль болох сайтар хангах үүрэг ногдож буй юм. Төрийн, яамны ажлын залгамж халааг алдагдуулахгүйн зэрэгцээ богино хугацаанд эдийн засгаа сэргээх төлөвлөгөө гаргаж буй болов уу.
...Ажлын байр зөвхөн уул уурхай, ашигт малтмалын салбарт байдаггүй. Бусад бүхий л салбарт бий. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын үед улс орнууд “хоолоо хэрхэн олж иддэг” нь улам бүр тодорсоор буй юм. Таван тивийн 200 гаруй улс бараг бүгд аялал жуулчлалын орлогоор амьдардаг нь нотлогдов. Европын орнуудын амьжиргааны гол эх үүсвэр нь түүх, соёлтой холбоотой үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, гадаад худалдаа гэдэг нь харагдсан...
Удахгүй танилцуулах биз ээ. Бусад улс орныхтой харьцуулахад манай Засгийн газарт нэгэн онцлог байх шиг. Кабинетынхаа хүрээнд ярилцаж, зөвшилцөөд төлөвлөдөг. Ажлаа эхэлдэг. Харин түүнийгээ хэвлэл мэдээлэл болон ард түмнээс “тас нууцалдаг”. Энэ нь сая болж өнгөрсөн наадмын бэлтгэл ажлын хүрээнд анзаарагдсан юм. Тухайлбал, “XIII зуун” цогцолборт болсон наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын дүрсжүүлэх бичлэгийг 20-иод хоногийн турш хийхдээ ажил удирдсан Засгийн газрын төлөөлөл болон ерөнхий найруулагч нар тэр олон уран бүтээлчээс өдөр бүр шахам нийгмийн сүлжээнд зураг тавихгүй, өгүүлбэр оруулахгүй байхыг сануулж, үндсэндээ гуйж байсныг олны хэл амыг дэврүүлэхгүй байх гэсэн санаатай гэж ойлгохын сацуу бүх ажилд энэ мэтээр коммунист, “Хойд Солонгос” хэв маягаар хандах аваас ардчилалд баяртай гэж хэлэхтэй агаар нэгэн буй за.
Одоо бол нуух биш, харин ч юуг яаж хийх, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах гэж байгаа талаараа ил тод мэдээлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны дүнд амжилтад хүрэхийн төлөө зүтгэх цаг. Хойд хөршийн Засгийн газар гэхэд л улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх нэг жилийн, дөрвөн үе шаттай эрчимжүүлсэн төлөвлөгөө гарган, Ерөнхийлөгчөөрөө батлуулаад ажиллаж буй юм. Уг төлөвлөгөө нь ард түмэнд ил. Засгийн газрынх нь вэб сайтад дурайж буй.
Ажлын байр урьд урьдынхаас илүү шаардагдаж буй өнөө үед хэрвээ шинэ коронавирустэй холбоотой түгшүүр энэ хэвээр байх аваас манай улсын аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах гэж байгааг МҮХАҮТ-аас явуулсан судалгаанаас харж болно. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан. Халдвартай хүний тоо 261 болсон бөгөөд цаашид гадаадаас иргэдээ авчирсаар байх учраас хэд хүртэл нэмэгдэхийг мэдэх аргагүй. Тэгэхээр судалгаанд хамрагдсан аж, ахуйн нэгжүүд ил тод дуулгасан шигээ цомхотгол хийвэл ирэх есдүгээр сар гэхэд 250 мянга хүртэл хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих аж.
Хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ажлын байрны цомхотгол илүү явуулахаар байгаа бөгөөд төрөөс ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзсэн нь олон. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа тул хаана ажлын байр байж болох вэ, гаргаж болох уу, боломж, ирээдүй юу байна хэмээн эрэл хайгуул хийх болж байна. Гэхдээ манай улсын хувьд модоо барихдаа тулахааргүй дүр зураг харагдаж буй. Уул уурхайн салбар дахь томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд ажлын байр нэлээд нэмэгдэнэ.
Ямар төслүүд “Гараандаа” хэмээх дохио хүлээж байгаа талаар цухас дурдъя. “Оюутолгой”-н гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх тухай яриа, хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэх юм. Хөрөнгө оруулагчид энэ тухайд “Ширээний ард сууя” гэж байгаа юм билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г ирэх оны эхний хагаст Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар ажиллаж буй. Энэ төслөөр нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр тооцсон. Газрын тосны үйлдвэр барих ажлыг шуурхайлбал жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулах боломжтой. Энэ хэдхэн төслийг нэрлэхэд л ажил ундраад, амьдрал өрнөөд ирэхээр. Гагцхүү эдгээрийг цаасан дээр нь байлгаад байлгүй, хөдөлгөх нь чухал юм.
Ажлын байр зөвхөн уул уурхай, ашигт малтмалын салбарт байдаггүй. Бусад бүхий л салбарт бий. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын үед улс орнууд “хоолоо хэрхэн олж иддэг” нь улам бүр тодорсоор байна. Таван тивийн 200 гаруй улс бараг бүгд аялал жуулчлалын орлогоор амьдардаг нь нотлогдов. Европын орнуудын амьжиргааны гол эх үүсвэр нь түүх, соёлтой холбоотой үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, гадаад худалдаа гэдэг нь харагдсан. Италичуудын эцэг өвгөдийнх нь үлдээсэн, хэдэн зууны тэртээ юунаас ч юм болоод барих гэж байгаад дутуу орхисон, өдгөө хүчтэйхэн шуурганд нурчих вий гэмээр хэдэн байшинг нь харах гэж, тэнд очсоноо баталж, өмнө нь зургаа авахуулах гэж зорьдог сониуч жуулчид тус улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг аж. Францчууд ч гэсэн уран зураг тэргүүтэй дүрслэх урлагийн бүтээлүүдийг орон орны урлаг сонирхогчдод үзүүлж их хэмжээний хөрөнгө босгодог юм байна. Герман, Австри ялгаагүй. Суут хөгжмийн зохиолч Ф.Шубертийн өрөөсөн тал нь онгорхой, цуурхай хүрээтэй, дугуй хэлбэрийн нүдний шилийг харах гэж, В.А.Моцартын нэрээр үйлдвэрлэдэг янз бүрийн шоколадыг суутны төрсөн нутаг Зальцбургт нь очиж идэнгээ, жаргаж буй нарны туяанд бие биеэ харж суухын төлөө хэдэн мянган доллар төлж тухайн орны эдийн засгийг сайн дураараа тэтгэж байдаг гэдгийг ойлгов. Тэгэхлээр аялал жуулчлалын салбарт улс, үндэстнийхээ онцлог, нүүдэлчин ахуйг түшиглэсэн олон зуу, мянган бүтээгдэхүүн бий болгож, Монголоо орон орны жуулчдын хөлийн газар болгох нь уул уурхайгаас хэд дахин илүү орлого олох эх үүсвэр болж мэдэхээр харагдаж буй. Үүнтэй соёлын салбарыг ухаалгаар уяж өгвөөс үр дүн хэд дахин илүү гарна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлье л гэсэн үг. Ийм олон салбар, талбар атар газар мэт онгон зэлүүдээрээ шахам хүлээж байхад ажлын байр байхгүй, орлого үгүй гээд тэтгэврийн хөгшдийнхөө сарын хэдийг хамтдаа хүлээж суудаг олон мянган иргэнтэйгээр эрчимтэй, хөгжилтэй энэ зууны шившиг болж суухгүй юм сан.
Шинээр бүрэлдсэн, салбараа мэддэг сайд нартай гэдэг тодотголтойгоор ажлаа эхэлж буй Засгийн газрыг ажлын байруудыг хаанаас хэрхэн гаргаж, хэдэн иргэнийг ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдрах болгосноор хэмжих үлдэж байна. Засгийн газрын хуралдаанаар яамдын бүтцийг батлав. Оновчтой, хөгжил, дэвшил өөд саадгүй мацах “араа, шүд” бүхий механизм байх болтугай. Гагцхүү ялих, шалихгүй шалтгаанаар яамдын мэргэжилтнүүд, ажилтнуудыг бага шиг сэлгэж, будилуулаасай. Энэ ч бас иргэний ажлын байр, айл гэрийн амьдралын асуудал билээ. Халаа, сэлгээнд өртөх гэж буй мэргэжилтнүүдийн нэр гээч жагсаалт гарч. Хүмүүс сонирхсон сэдвээрээ үлгэр ч хамаагүй зохиож ярих дуртай. Түүнтэй адил “их” сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газар, түүний бүтцийн яам, ажиллах хүмүүсийг ч гэсэн сонирхож байгаа нь илт. Тиймээс элдэв нэр жагсаан бие бие рүүгээ шидэж буй биз. Нийгмийн сүлжээний мэдээллээр аливаад хандаж болохгүй ч, олон нийтийн санаа бодлын ерөнхий дүр зураг харагдах тал бий. Энэ бүхнээс юу хэлэх гэсэн бэ гэхээр, Засгийн газар ажлаа ил тод явуулж байвал иргэдийн хий хоосон хардалт, сэрдэлт үгүй, бүх юм шилэн мэт тодорхой, үр дүнтэй байх ажгуу.