Нөгөөдөр наадам болно. Монголын төр, Засгийн газар, Улсын баяр наадам зохион байгуулах комиссоос монгол наадмыг дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан анх удаа цахимаар зохион байгуулах гэж байна. Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж, хөрөнгө мөнгийг нь ч хэдийн төсөвлөсөн тул коронавирусийг дотооддоо алдахгүй, тархаахгүй байгаа амжилтдаа тулгуурлан наадмыг тогтсон дэг жаяг, уламжлал болгосон хөтөлбөрийн дагуу явуулъя гэсэн шийдвэрийг УОК-той зөвшилцсөний үндсэн дээр гаргасан билээ.
Монгол наадам урьдын адил нээлтийн үйл ажиллагаа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур болон шагайн харваа гэсэн бүтэцтэй байна. Гагцхүү урлагийн тоглолт бүхий “Нээлт”-ийг урьдчилан бэлтгэсэн. Дуу, хөгжим, ер юу хэрэгтэй, бүгдийг өмнө нь бичиж, дүрсжүүлэн, эвлүүлсэн. Одоо зурагтаар болон интернэтээр цацахад бэлэн. Харин эрийн гурван наадам буюу хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааг 12 телевизээр хуваарилсны дагуу шууд дамжуулах юм. Интернэтээр ч тэр. Тэгэхээр наадамчин олон энэ бүхнийг байгаа, байгаа газраасаа үзэж наадна.
Төр, засгаас наадам зохион байгуулж буйг эсэргүүцсэн нь олон нийтийн дунд цөөнгүй байна. Төр өөрөө, өөрийнхөө гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм бүхий шийдвэрээ үгүйсгэх мэтээр олон хүн оролцуулсан нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа нь логикгүй хэмээн, дургүйцэж байгаа нь хүлээж авахуйц шүүмжлэл. Бас зардал хэтэрхий их байна гэсэн яриа амнаас ам дамжсаар. Энэ тухай хожуухан бичье.
Нөгөө талаас буюу төр, засгийн зүгээс коронавирусийг дотооддоо алдахгүй барьж чадаж байгаа учраас уламжлалт наадам, соёлын хамгийн том арга хэмжээгээ төлөвлөгөө, төсвийн хүрээнд нь үзэгчгүйгээр, ариутгал, халдваргүйтгэл, хамгааллын журмыг сайтар мөрдөж, оролцогчдыг сахилгатай байлгаж зохион байгуулъя гэснийг буруутгах аргагүй. Нээлт болон бөхийн барилдаан зэргийг олны хөлөөс хол явуулъя, тэгэхдээ өмнөх, улиг болсон байдлаар бус өвөрмөц зохиомж, найруулгатайгаар явуулж, улсын түүх, соёл, үндэстэн, угсаатны онцлог, дуу хуурын сайхнаас “базаж” багтаасан орчин үеийн өнгө аястай нэгдсэн болон хэсэгчилсэн контентууд болгож, цаашид дэлхий дахинд түгээх материалтай болъё гэснийг дэмжихээр. Монгол Улсыг стандартын түвшинд сурталчилсан видео контент өнөө хэр үгүй.
Сүүлийн арваад жилд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлтээр юу голдуу харсан бэ. “Хурд” компанийн барьсан улаан хүрэн орон сууцнууд, тагтан дээрээсээ нээлт үзэж зогсох хүмүүсийг хардаг болсон. Эндээс хийсэн бичлэг медиа урлаг, контент үйлдвэрлэлийн шаардлагыг огт хангахгүй. Энэ үүднээс авч үзэхэд наадмын нээлтийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны ерөнхий найруулагчаар “Херо” продакшныг үүсгэн байгуулагч, ур чадвараар салбартаа, нийгэмд ч танигдсан Б.Баатарыг томилсон нь байгаа оносон сонголт гэлтэй. Цахим контент бүтээхэд талбай дахь тоглолтыг уран бүтээлчдийн өмнө нь студид бичүүлсэн дуу, хоолойтой аль болох тааруулж, тохируулан алдаа мадаггүй бичиж дүрс бэлтгэх, хөгжим сэлтийг тааруулахаас авхуулаад мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар ихээхэн шаардана. Багтаамж ихтэй ч ажил. Зохиолын дууны ганц клип хийхэд хэр зардал гардгийг хүмүүс гадарлах болсон байх. Зохиолын дууны клип, наадмын тоглолтын үзүүлбэр бүрийг Монголын нэрийн хуудас болохуйц, гадаадынхан үзэж, сонсоод, дурлан, улмаар тэмдэглэлийн дэвтэртээ “Дараа жил аялах орон бол Монгол” гэж бичих хүртэл сэтгэлийг нь татах тийм видео үзүүлбэр хоёр газар, тэнгэр мэт ялгаатай. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх гэдэг ардын үг бий. Бидний өвөг дээдэс ашигтай, үгүйг ялгах ухаантай байсан болохоор ийм үг уламжлуулан залгамжлуулаа биз ээ. Монголчууд гадаадад зорчдог, олон жилээр суурин амьдардаг. Монголын нийгмийн амьдралыг дэлхийн хөгжлийн өнцгөөс харах мэлмийтэй болсон баймаар.
Гадаад орнууд, ялангуяа аялал жуулчлалын салбар эдийн засагт нь жин дардаг улсуудын, хэдхэн секундэд хүний хүсэл, сонирхол, сэтгэл хөдлөлийн төв цэгт хүрч, сэрэмж, сэрэл бүгдийг хөдөлгөхүйц агуулга, хийц бүхиий танилцуулгуудыг бишгүй л харж байсан байх. Улс орнуудын аялал жуулчлал хариуцсан яам, Засгийн газар нь тийм контентыг Франц, Англи, Америкийн мэргэшсэн компаниудад захиалж хийлгэдэг. Гүйцэтгэгч байгууллага нь захиалагчаас санааг нь л авна. Харин агуулгыг тодорхойлж зохиол гаргах, дүрсжүүлж, дуу оруулах зэргийг өөрсдөө шийддэг. Яагаад гэвэл тухайн орныг хөндлөнгийн хүмүүст танилцуулах гэж буй учир сайхан бүхнийг нь гаднын нүдээр харж, бусдад юуг нь, яаж үзүүлж, харуулан, аль хэсэгт нь ямар хөгжим, авиа өгөхөө өөрсдөө шийддэг. Тийм гэрээ байгуулдаг. Улс орнууд нэг минут хүрэхгүй хугацаатай уг контентыг бараг сая доллараар хийлгэдэг гэсэн. Гүйцэтгэгчид тухайн оронд мэргэжилтнүүдээ нисгэж, шаардлагатай газар бүхэнд нь зураг авахуулж, зайлшгүй байх дуу, хөгжим, бүжиг зэргийг жинхнээр нь тоглуулж, сайн чанарын тоног төхөөрөмжөөр бичиж авдаг. Түүнээс биш манайхны аль нэг студи рүү захиа бичээд ”Ганц гоё уртын дуу шидчихээч” гэхгүй. Энэ мэтчилэн бүхэл бүтэн баримтат кино хийх хэрийн материал цуглуулж байж, шигшсээр байгаад хэдхэн секундын видео хийж захиалагчид тушаана. Хүлээж авсан улс түүнийгээ маш бодлоготойгоор дэлхийд цацах бөгөөд үр дүнд нь тус улсыг зорих жуулчдын хөл үл тасарна.
Таиланд улс энэ хавар улс орныхоо имижийг хэрхэн өөрчлөх тухайд төр, засгийн түвшинд удаан хэлэлцсэний дүнд “Таиланд бол аялахад аюулгүй орон” хэмээн тодорхойлсон. Тэгэхээр эднийх энэ л томьёоллын дагуу контент үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн аль нэгэнд хандаж улсынхаа нэрийн хуудас болсон танилцуулгыг хийлгэж таарна. Одоо бол вирус гээд хаана, хаанаа нам гүм байна. Европын орнууд, Азиас Сингапур, Индонез, Филиппин, БНХАУ гээд улс орныхоо имижэд өндөр ач холбогдол өгдөг, тэр хэрээр дэлхийд мессежийг зөвөөр өгдөг нь олон. Тийм улсууд хөгжлөөр тэргүүлэгчдийн эгнээг тэлж байна. Түүнээс хамгийн боломжит газарт буюу бэлэн байгаа “XIII зуун” цогцолборт ганц удаа наадмын нээлтийн зураг аваад, эвлүүлчихье гэхэд “Танай, манай“ гээд эгээ л ноход боргох, боорлох мэтээр санаачилсан хүмүүс рүү дайрч давшилж байдаг иргэдтэй улс манайхаас өөр байхгүй л болов уу. Төдийлөн хөгжиж боловсроогүй иргэд нь төрийн хэргийг шийдчих мэтээр улайрч, бие биеэ хөөргөдөн уриалж, аль бүдүүлэг үг, хэллэгээр Засгийн газрын тэргүүн, УОК, улсын Ерөнхийлөгч болоод өнөөх найруулагч Б.Баатар нар луу дайрч, доромжилж байна. Ерөнхийлөгч дараагийн сонгуульд бэлтгэж, төсвийн мөнгөөр пиар хийж байна л гэх, Б.Баатар зөвлөхийнх нь хувьд даргынхаа тархийг угаалаа л гэнэ. Энэ эцэс төгсгөлгүй хардалтаа иргэдийн хяналт гэж ойлгох. Үгүй юм. Тэр хоёр хүн л шийдвэр гаргасан уу, гэвэл бүр үгүй. Бүгдээрээ хэлэлцэж, баталсан. Наадмын нээлт болон бусад арга хэмжээг олны хөлөөс хол, цомхон, цэгцтэй зохион байгуулъя, наадамчид зурагтаараа үзчих, далимд нь Монголоо дэлхийд сурталчлах хэдэн сайн контенттой болоодхоё л гэсэн. Атаа, хорсолгүй өнцгөөс харахад буруу юм огт харагдахгүй. Иргэд шаардахаа шахалгүй л яах вэ. Гэхдээ хиргүй тунгалаг сэтгэлээр мэдэж, бодож, үр дүнг тооцоолж дуугарах оюуны бядтай байх сан.
Нэгэнт олон нийтийн дунд санаачлагчдыг буруутгасан хардлага байгаа тул “Херо”-гийнхон болоод энэ удаагийн нээлтийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, ҮУИТ-ын захирал О.Цоггэрэл нар муугаар бодоход хэл амны бай болохгүйн тулд аятайхан цахим бүтээгдэхүүн хийсэн, цацах цагийг хүлээж суугаа гэдэгт найднам.
Дэлхийн хүмүүс коронавирус дунд ая эвээ олоод, урагш харж амьдрах замдаа орсон. Улс орнуудын удирдагчид бодлоготон, мэргэжилтнүүдийнхээ хамт эдийн засгаа сэргээх боломжит бүхий л хувилбарыг ширээн дээр хөзөр өрөхтэй адил дэлгэж тавиад бодлого боловсруулж байна. Манайд ч гэсэн тийм шаардлага тулгамдаж буй. Эдийн засгийг богино хугацаанд сэргээх, ойрын ирээдүйд хүлээгдсэн олон сая долларын өрийг дарах гэхчилэн мэдлэг, ур чадвар шаардсан далайцтай олон жил хүлээж байна. Тэр бүхнийг амжуулах, мөн энд дурдсанчлан магадгүй жижиг чулуугаар том чулуу хөдөлгөхтэй адил алхмууд хийх гэхэд өнөөдөр шаагьж байгаа шигээ тал талаас хэмлээд байж мэдэх л юм байна, иргэд дундаас. Улс орноо хөгжүүлэх гэдэг нь иргэдээ боловсруулах, гэгээрүүлэх, хөгжүүлэх гэсэн утга юм гэдгийг төр, засаг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрлээ. Засгийн газрын бүтцэд Соёлын яамыг багтаасан нь дэвшил ч арай наагуур бодсон гэлтэй. Угтаа бол Гэгээрэл, соёлын яам байгуулах байж. Сошиал орчны солиорол ихтэйгээс гадна, ажилгүйдэл, ядуурал, чанаргүй боловсролын золиос болсон оюуны хоосролд автаж, ухамсар, ёс зүйн доройтолд орсон иргэн олонтой манай улсад бүү хэл дэлхийн их гүрнүүдийн нэг хойд хөрш ч Гэгээрлийн яамтай.
Түрүүнд хожуу бичье гээд үлдээсэн. Иргэд төсвийн гурван тэрбум төгрөгийг харамлаад байгаа гэдэг. Нэгд, энэ мөнгө төсөвт эрт суусныг нийслэлийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч нэг бус удаа хэлсэн. Хоёрт, энэ нь Зайсангийн аман дахь гайгүйхэн орон сууцаас 500 сая төгрөгийн үнэтэй байр зургааг худалдаж авахад хүрэхтэй, үгүйтэй мөнгө. Өнөөдөр бүтээсэн сурталчилгааны материал дараа жил, түүний дараа жил гурав байтугай, 300 тэрбумын орлого Монголд оруулахыг үгүйсгэхгүй. Тэгээд ч сайхан наадсан монгол хүнд бие, сэтгэлийн бүтэн жилийн дархлаа тогтдог ч гэхээр.
Амьдрал нэг хэсэг “корона”-тай үргэлжилнэ. Түүнд “идүүлэхээс” өмнө хий хоосон хөөрцөглөсөн хүмүүсийн хэл аманд хэн хүнгүй “идүүлэх” бололтой.