2022 онд Улаанбаатар хотын гудамж, талбайн 80 хувь нь “нүдтэй” болно. Өөрөөр хэлбэл, хотын 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатарт гэмт хэрэг 40 гаруй хувиар буурна гэж үзэж буй. Ингэхдээ царай, шинж чанараар таних систем нэвтрүүлэх талаар нийслэлийн удирдлага, харьяа газрынх нь дарга ам бардам хэлсэн нь саяхан. “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь “алтан хошуу хүргэх” ухаалаг систем нэвтрүүлнэ” гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг ярьсан. Тэгвэл тэрбээр царай, шинж чанараар таних системийг одоохондоо нэвтрүүлэхгүй болсныг дуулгалаа. Царай таних системийг нэвтрүүлэх, эсэх талаар олон нийтийн дунд багагүй маргаан өрнөсөн. Ялангуяа хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульчид, олон нийт цахим орчинд талцаад амжсан юм. Тухайлбал, судлаач Л.Галбаатар “Гэмт хэрэгтэнтэй ойролцоо царай төрхтэй, хөдөлгөөн, шинж тэмдэгтэй байвал гэмгүй хүнийг ч сэжиглэж, шалгах эрсдэл үүснэ. Камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгөж буй хэрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно. Хэрэв энэ системийг нэвтрүүлбэл камерын үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль батлах нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байв. Харин хуульч О.Мөнхсайхан “Энэ технологийг хэрэглэж буй зарим улсын байдлаас харахад ардчилсан Үндсэн хуульд үл нийцнэ. Үр нөлөөтэй гээд шууд хэрэгжүүлж болохгүй. Аюулгүй болон хувийн халдашгүй байдлыг тэнцвэржүүлсэн зохицуулалт хэрэгтэй” гэсэн юм.
Хүн ам цөөтэй манай улсад энэ систем нь төдийлөн ач холбогдол багатайн дээр хүний халдашгүй эрхийг зөрчих эрсдэл үүсэх талаар “Өнөөдөр” сонин тавдугаар сарын 5-ны дугаартаа нийтэлсэн. Энэ асуудал цааш эрчээ авч, гол мэдээллийг хэн, ямар зорилгоор, хэзээ, яаж ашиглахыг нарийвчлан хуульчлах хэрэгтэй гэдэгт цахим орчинд олон хүн санал нэгдсэн юм. Царай таних системийн нэгдсэн мэдээллийг хэн хянах, аль байгууллага хариуцах, мэдээллийн санг хэрхэн үүсгэх, аюулгүй байдлыг яаж хамгаалах зэрэг маш олон зүйлийг тодорхой болгосон, тодорхойлсон хууль хэрэгтэйг цөөнгүй хуульч фэйсбүүк болон твиттерт бичжээ. Тодруулбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд ч юм уу, зохицуулах заалт оруулах хэрэгтэй гэж үзэж буй. Мэргэжлийн хүмүүс болон иргэдийн энэ мэт санал хүсэлтээс болов уу, ямартай ч ойрын гурван жилд царай, шинж тэмдгээр таних системийг нэвтрүүлэхгүй юм байна. Хууль, журам баталсны дараа л энэ асуудлыг ярих бололтой. Тэр нь ч зөв. Дэлхийн олон оронд царай таних системийг нэвтрүүлсэн боловч АНУ, Европын улсууд эхнээсээ татгалзаж буй гэх мэдээлэл бий. Харин нийслэлийн гудамж, талбайг 80 хувь камержуулах хэвээр бөгөөд удирдлагын нэгдсэн системтэй болгохоор ажиллаж байна. Үүнд 110 гаруй тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ онд 4.5 тэрбум төгрөг зарцуулж, 1600 орчим камер суурилуулах гэнэ. Нийслэлийн авто замын 30 уулзварт камер байршуулна. Нэг уулзварт 12-16 камер шаардлагатай аж. Хэв журмыг сахиулах зорилгоор гудамж, талбайд суурилуулах 1400 орчим камерт шинж чанараар хайх систем суулгахгүй юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 3100 камер байгаагийн 40 орчим хувь нь ажилладаггүй. Нийслэлийн төсвөөс жил бүр 1-2 тэрбум төгрөгийг камержуулах ажилд зориулсаар. Эвдэрсэн, хулгайд алдагдсан камеруудыг хариуцах эзэн бараг үгүй тул улсын болон нийслэлийн хөрөнгө салхинд хийсдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс камерын стандарт, техникийн даалгавар гаргаж өгөх, урсгал зардлуудыг төсөвт тусгаж, засуулах үүргийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Мэдээлэл, технологийн газрынхан хариуцах болжээ.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр монголчууд царай таних системийг өөрсдийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр хөгжүүлээд дөрвөн жил болж буй юм байна. Уг системийг хөгжүүлсэн “Айтүүлс” компанийн технологи хариуцсан захирал Ц.Пүрэвдорж “Бид эх кодоо өөрсдөө бэлдэж, анхнаас нь хөгжүүлсэн. Үүнийгээ компанийнхаа ажилтнуудын цагийг бүртгэхэд ашиглаж байна. Монгол Улсад энэ системийг нэвтрүүлэхэд бэлэн байх ёстой гэсэн үүднээс хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Царай таних систем нь камер дээр бичигдсэн дүрсийг хадгалж аваад, ялган таних юм. Монголчуудын царай, төрхийг гаднын систем дээр ашиглахаар цаад орондоо мэдээллийн нууцыг алдахгүй гэх баталгаагүй. Монгол хүний царай төрхийн мэдээлэл Монголдоо үлдэхээрээ давуу талтай. Манай систем хүний царайг 99 хувь таньдаг. Ихрүүдийг ч андахгүй ялгадаг” гэв. Тус системээр зургаан сая хүний царай төрхийг таниулах туршилт хийжээ. Мөн ази төрхтэй 110 мянган хүний зургийг ялган таниулсан аж. Монгол хүн Азийн бусад орны иргэдээс арай өөр төрхтэй учир алдахгүй таних тал дээр нь онцгойлон ажилласан байна. Гаднын систем нэвтрүүллээ гэхэд ямар нэг асуудал гарвал цахим шуудан илгээж, хариу хүлээхээс эхлээд цаг алдах эрсдэлтэйг тэрбээр онцолсон. Харин энэ асуудлыг хариуцсан албаныхан нь хууль, журам гаргаж, дотоодын компаниуд олон улсын стандартад нийцсэн систем бий болготол царай, шинж чанараар таних системийг нэвтрүүлэхгүй гэв. Гэмт хэрэгтнийг царай, шинж чанараар нь шуурхай илрүүлнэ гэх тодотголтой уг систем ийн гацжээ. Энэ талаар нийслэлийн Мэдээлэл,технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулсан юм.
О.ЧИНЗОРИГ: ДЭЛХИЙД ТАНИГДСАН УХААЛАГ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ
-“Аюулгүй хот” төслийн хүрээнд нийслэлийн гудамж, талбайн 80 хувийг камержуулах болсон. Ажлын явц ямар байна вэ?
-“Нэг тархи” ухаалаг системийн хүрээнд “Аюулгүй хот”, “Төрийн үйлчилгээний цахим шилжилт”, “Ухаалаг тээврийн систем” гэсэн гурван төсөл хэрэгжүүлэх юм. Дэлхийн хотууд иргэдийнхээ аюулгүй байдал, төрийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулахдаа ухаалаг систем ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, технологи ашиглаж асуудлаа шийдсэн гэсэн үг. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотод улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3000 гаруй камер байрлуулсны 40 орчим хувь нь ажиллахгүй байна. Хямд өртөгтэй, ашиглах хугацаа нь дууссан, стандартад нийцээгүй камерууд суурилуулсан нь эргээд үр дүнгээ өгөөгүй. Тиймээс Улаанбаатар хотыг камерын нэгдсэн удирдлагын ухаалаг системд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ жил нийслэлийн авто замын 30 уулзварыг камераар хянана. Одоо найман уулзварыг камераар зохицуулж байна. Мөн хэв журам сахиулах үүднээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 1400 орчим камер суурилуулж, нэгдсэн системтэй холбох юм. Ингэснээр Улаанбаатар хотын бүх камерыг нэгдсэн системээр хянаж, бичлэг, дүрсийг аливаа гэмт хэргийн нотлох баримт болгох, эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засах боломжтой болно. Цахим орчинд камерын бичлэгийг улс төрийн зорилгоор ашиглах, хүний нэр төрд халдах явдал гарч байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад ухаалаг систем багагүй үүрэг гүйцэтгэнэ.
-Царай таних системийг нэвтрүүлнэ гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Дэлхийн хотууд хууль, журмын хүрээнд ганц царай таних биш, шинж чанараар нь хайх системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна. Гэхдээ Улаанбаатар хотод царай таних системийг шууд нэвтрүүлэх боломжгүй. Цаашид хууль, журмын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх бөгөөд технологийн хувьд боломж бүрдэж байна.
-Нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна гэв үү?
-Ийм төв барих төсөв энэ жил байхгүй. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, дүүргийн цагдаагийн хэлтсүүд камерын нэгдсэн системд хандаж, дүрсээ харах боломжтой.
-Аль улсаас ухаалаг систем авахаар болсон бэ?
-Мэдээллийн үндсэн системийг худалдаж авахаар оролцох талуудтай ажлын хэсэг байгуулсан. Өнөө, маргаашгүй гэрээ байгуулна. 7-8 систем судлаад сүүлийн шатанд хоёр нь үлдлээ. Үүнээс нэгийг нь сонгоно. ЦЕГ, ТЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гээд инженерийн баг ажиллаж байна. Дэлхийд дээгүүрт орох, стандартын нэгдсэн систем худалдаж авна. Уг систем нь дүрсүүдийг олон камераас нэгтгэн авч, боловсруулан хадгалах юм.
-Дотоодын компаниуд ийм систем боловсруулсан гэж сонссон.
-Монгол Улсад стандартын дагуу камерын удирдлагын ухаалаг системийг хөгжүүлсэн байгууллага байхгүй. Нийслэлийн 1.6 сая иргэний аюулгүй байдлыг хангах хэмжээний систем авах нь чухал. Хөгжүүлэх шатандаа яваа системийг авах боломжгүй. Олон шаардлага хангасан, найдвартай ажиллах систем байх ёстой. Дэлхийд танигдсан, олон хотод туршигдсан, стандартын шаардлага хангасан систем гэсэн үг. Харин дүрсэнд анализ хийх буюу царай, шинж чанараар хайх системийн шалгаруулалтад үндэсний 4-5 компани оролцсон. Шинж чанараар хайх системийг авахын тулд Монгол дахь компанийн төлөөлөлтэй уулзсан. Таван жилийн дараа тэд олон улсын стандартад нийцсэн системтэй болно. Тэр үед нь хамтарч ажиллахаар ярилцсан.
-Камеруудыг аль улсаас авах вэ?
-Тодорхой болоогүй байна. Үндсэн системээ худалдаж авсны дараа тохирох камеруудыг авах юм.
-Царай, шинж чанараар таних системийг тусгай хууль гаргасны дараа нэвтрүүлэхгүй бол хүний хувийн орон зайд халдах эрсдэлтэй гэж хуульчид үзэж байна. Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Аюулгүй байдлыг техникийн баг, хүчний байгууллагууд хангаж ажиллана. Шинж чанараар хайх системийг ойрын хугацаанд нэвтрүүлэхгүй.