БНХАУ одоогоос 14 хоногийн өмнө Европоос хулд загас импортлохоо зогсоосон. Хоёр хоногийн өмнө Америкаас шувууны мах авахгүй гэдгээ мэдэгдэв. Яагаад гэвэл хүнсний эдгээр бараанаас халдвар тархаж байна гэж үзсэн. Тус улс шинэ коронавирусийн тархалттай бүхий л талаар, хий гаргахгүй тэмцэж байгааг олон улсын шинжээчид хэлж буй юм. Хоёр, гурав дахь, ер нь хэд дэх ч байсан давлагаа хүчтэй түрэх юм бол дийлдэхгүй тул өөрсдийгөө ч, өрөөл бусдыг ч хамгаалахаар өмнөд хөршийн удирдлага хянуур ажиллаж байна.
Манай улс хэдийгээр дотооддоо халдвар алдаагүй ч бид хэдийн дэлхийн бусад орны иргэдийн адил налайжээ. Ялгаатай нь хилээ нээгээгүй. Бусдаар бүх юм зуун задгай, ил цагаан. Ариун цэвэр сахих нь хавьгүй дээрдсэнийг алхам тутамдаа харж байна. Гэхдээ алаг цоог. Гараа ариутгаж сурсан. Амны хаалтыг олонх нь зүүж хэвшсэн болохоор эрхбиш халааслаад ч болов гарч байна. Хүүхдүүд гэрээс гарахдаа амны хаалтаа зүүдэг ч тоглоомдоо улайрахаараа тас мартана. Өнөөх нь эрүүнд нь л “явах”. Баар цэнгээний газрууд ажиллахгүй байгаа гэх. Тэднээс дутахгүй олон ресторан, кафе, зоогийн газар үйлчлүүлэгчээр дүүрэн. Юун хоорондын зай барих. Идэж, уух зуураа нэг нэгнийхээ аманд орох нь холгүй толгой нийлүүлэх шахам ойртож ярилцсаар.
Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үеэр эх, адгаа алдав. Нэр дэвшигчид сонгогчидтой уулзалт хийх үеэр “хонь, хурга нийлэх” мэт замбараагүй байдал үүсэв. Сонгогчид нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхдээ эгээ л түрүүлж ирсэн соёолонгийн хондлойд гар хүрч, “адис авах” лүгээ адил өнөөх хүнтэй заавал гар барих гэнэ. Нэр дэвшигч ч хүмүүсийн талархалд хариу барья гэдэг биз, юм л бол гар сунгана. Засгийн газрын тэргүүн хаана очно, тэнд дэмжигчид нь ханарч байв. Гар барилгүй үлдвэл алдас болно гэх шиг давшилцгааж байлаа. Улс орондоо өндөржүүлсэн бэлэн байдал зарласан субъект нь өөрөө сөн. Гэтэл бодит байдал дээр биелэлт нь иймэрхүү.
Хүнсний захаас худалдаж авсан ногоо, жимсийг та сайтар угааж идэж байгаа юу. Төмс, хүнсний ногоо, ялангуяа жимс, жимсгэнэ, элдэв эрээн цаастай чихэр, жигнэмэг, шоколад гээд бүхнийг гаднаас оруулж ирсээр л байгаа. Дэлгүүрээс авсан болгоноо ядаж гадуурх цаасыг нь ариутгаж байгаад задалдаг бил үү. Олон улсын ачаа тээврийн машины гадаад жолооч нараас халдвар илэрсэн. Тэдний жолоодож явсан машин, ачиж ирсэн тээшинд вирус байхгүй юу. Бас нэг монгол жолооч халдвартай орж ирсэн. Дараахан нь эмийн бөөний нэгэн төвийг хяналтад авчээ, шалгаж байна гэсэн яриа олон нийтийн дунд байсан. Олны үг ортой гэдэг. Тухайн эмийн бөөний төвийн бараа, бүтээгдэхүүнээс коронавирус илрээгүй болохоор өнөө хэр халдвар тархаагүй юм байна гэхээс. Энэ талаарх мэдээллийг ихэд нууцалсан даг.
Монголчууд азтай, эсвэл тэнгэрлэг, хийбайгаа юм биш. Хилийн хяналтынхан, халдварын голомтод өвчинтэй, өвчтөнүүдтэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд ухамсартай, хариуцлагатай, тэвчээртэй, мэргэжлийн ур чадвартай байгаагаас өнөөдөр бид сонгуульд саналаа өгсөн шигээ, үр дүнг нь хэлэлцэн амар тайван амьдарч байна. Хилийн шалган нэвтрүүлэхийнхэн, эмч, эмнэлгийн ажилтнууд Монголоо хамгаалж чадаж байна. Тэгсээр атал одоогийнх шиг хариуцлагагүй, хэнэггүй, ухамсаргүй байдлын харгайгаар юмыг яаж мэдэх вэ, гадаадаас онлайнаар ирсэн бараанаас ч юм уу ямар нэгэн сиймхийгээр вирус алдчихвал өнөөх нь хуурай өвсөнд чүдэнз зурахтай адил дүрэлзээд ирэх вий. Иргэдийнхээ 120 мянга гаруйг энэ өвчнөөр алдаад буй Америкаас монголчуудын агаараар илгээсэн ачаа 14 хоногт ирж байна. Ийм замаар ирсэн бараа, бүтээгдэхүүнээс халдвар тархахгүй гэх баталгаа байна уу.
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 30 хүртэл сунгаад буй юм. Гэхдээ өдгөө энэ тухай, өөрөөр хэлбэл, ийм дэглэмд амьдрах ёстой гэдгээ мэдэж байгаа хүн нийгэмд хэр олон байгаа бол. Энэ нь УОК, ЭМЯ зэрэг төрийн хэдэн байгууллагын ажил гэж боддог мэт, өөрт нь хамаагүй юм шиг л аж төрөх юм. Өөрийн гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчин, дээр хэлсэнчлэн олон хүнийг нэг дор цуглуулж, гар барьсан нь Ерөнхий сайд ганцаар биш юм. Нийслэлийн ЗДТГ-аас хотын төв талбайн урд байгуулсан усан оргилуурын дэргэд ч хүмүүс олноор цуглаж байлаа.
Сүүлчийн өдрүүдэд амнаас ам дамжиж буй яриа байна. Энэ нь “Монголд коронавирус байгаа юм уу. Худлаа ярьж, шоудаад байгаа юм биш үү” гэсэн хардаж, сэрдсэн асуулт. Байхгүй атал ЭМЯ, улмаар Засгийн газраас мэдээлж, сэрэмжлүүлэн, бас ДЭМБ-д өдөр бүр дүн мэдээ өгч байв гэж. Гэхдээ энэ хардалтын цаана нэгэн асуудал байгаа нь коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эгээ л бэлгийн замын халдварт өвчин туссан мэт, чандлан нууцлах шаардлагатай юу гэсэн асуулт юм. Бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг хүнээр ч болов яриулж, мэдээлэл өгүүлбэл олон нийт сэхээрч, сэрэн, халдваргүйтгэл, ариутгалын талаар илүү ахисан түвшинд санаа тавьж, өөрийгөө болон гэр бүл, орчин тойрныхноо хамгаалах бус уу. Гадаадад бол өвдсөн хүмүүс энэ өвчний аюулын талаар бодит мэдээлэл байнга түгээж байна. Олны танил байх тусмаа сайн дураараа мэдээлэл өгч бусдад тусалж байна. Улс орнуудын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд, сайд нар нь өвдсөн тухайгаа ярьсаар ирлээ. Италид ард иргэд нь хэнэггүйтээд байхаар халдвар авсан алдартнууд нь дуу дуугаа авалцан “Гэртээ бай” хэмээн сануулж байлаа. Дуурийн алдарт дуучин Пласидо Домингогоос авхуулаад нэрлэж болно. ОХУ-д Ардын жүжигчин Л.Лещенко, Надежда Бабкина гээд захаас нь хэлнэ. Олон нийт даган дуурайх хүмүүстэй байдаг. Хүнд цаг үед бол хэцүү өвчин туссан, тэвчээртэйгээр ялан дийлж байгаа, энэ тухай нууж хаалгүй ярьж, бусдад сануулах иргэний эр зоригтой хүмүүс бусдын үлгэр дуурайл авах эталонууд болдог юм байна. Манай улсад л таг чиг. Франц иргэнээс өөр ярьсан, санаа бодлоо хуваалцсан хүн байхгүй. Тийм ч болохоор олон нийтийн дунд “Ингэхэд өвдсөн хүн байгаа юу. Шоу юм биш үү” гэсэн хардлага төрж буй байх.
Манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар 216 байгаа нь цөөн мэт авч, хүн амын тоотой харьцуулж үзэхэд бага бус үзүүлэлт аж. Хэрвээ дээр хэлсэнчлэн нэг л гэнэдвэл юун наадам болно. Сахилга, хариуцлага онцгой шаардаж буй энэ цаг үед төр, засаг, яам, Тамгын газрууд, айл өрх бүр анхаарлаа өндөржүүлсэн бэлэн байдалд төвлөрүүлж, энэ дэглэмийг үлгэр болголгүй, эргэн санаж, дагаж мөрдье. Олон улсын эрдэмтэд энэ өвчнөөр нэг л өвдсөн байхад насан туршийн аюул дагалдах юм байна гэж хэдхэн хоногийн өмнө хамтарсан мэдэгдэл хийсэн. Өөрсдийгөө, үр хүүхдээ, ач, зээ, удам угсаагаа шинэ үеийн аймшигт халдвараас сэргийлэн хамгаалах сонор сэрэмжээ дээшлүүлье.
Хойд хөршийн Төрийн тэргүүн тусгай зарлиг гаргаж, коронавирусийн эсрэг тэмцэлд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан таван эмчийг Хөдөлмөрийн баатар цолоор гурав хоногийн өмнө шагнав. Шинэ вирусийг орчин цагийн дайсан хэмээн үзэж, түүнийг дарах төгсгөлтэй, эсэх нь мэдэгдэхгүй аян дайнд мэргэжлийн ур чадвар харуулан гарсан эмч нарыг ийнхүү шагнасан нь уг тэмцлийг эх орноо харийн дайснаас аврахтай адилтган авч үзсэн гэлтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа сайнд бултаараа өвдөөгүй давуу талаа бататгаж, даян дэлхийг айдаст автуулсан шинэ төрлийн өвчин тусахгүйг бүгд хичээе. Арга замыг нь мэдэж буйгаас хойш дэглэм барьж, сэрэмжтэй амьдаръя.