2020 оны зургадугаар сарын 11- ний 10.00 цаг. Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын нэгдүгээр давхрын танхимд 10 гаруй хүн цугларсан нь нэг зорилготой аж. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй ээж, аав, ах, дүү, хамаатан саднаа тусгай үүргийн онгоцоор авчрах хүсэлт өгөхөөр, зарим нь өргөдлийн хариугаа авахаар ирсэн тэд биенээ танихгүй ч хэдийн “нэг тал” болжээ. Ингэж хэлсний учир нь тэнд цугларсан иргэдийн цөөнгүйнх нь ойр дотнын хүмүүс тусгай нислэгт багтаж чадаагүйтэй холбоотой. Албан үүргээ гүйцэтгэж буй онцгойгийн ажилтнууд руу олноор дайрч, “Та нар авлига авсан биз дээ. Дандаа танил талын хүмүүсээ тусгай онгоцоор авчирдаг. АНУ-аас ирэх иргэдийг хэрхэн сонгож байгаа юм бэ. Хэн хэн онгоцонд багтсаныг бидэнд хэл. Цагдаа, тагнуулынхныг дууд” гэх зэргээр дайрч давшлав.
Манай улс гадаадаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч эхэлснээс хойш ОБЕГ олны хөлд ийнхүү дарагдаж, өдөр бүр шахам л хэрүүл, тэмцэл гардаг болсон аж. Шинэ төрлийн коронавируст халдварын голомт нутаг болсон БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд 31 оюутнаа авчирсан нь монголчуудын хувьд томоохон үйл явдал болсон билээ. Тухайн үед халдварын голомт руу зориг гарган, тусгай үүргийн онгоц нисгэсэн Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-ынхныг иргэд “тэнгэрт тултал” магтаж, нисэх багийнхан болон оюутнуудыг эсэн мэнд эх орондоо ирсэнд нь талархан, огшиж байв. Харин эдүгээ яав. Нөгөөх “Хамгаалах төртэй, хайрлах эх оронтой байх сайхан” хэмээх “халил” нь ч үгүй болж, хэн дуртай нь төр, засгаа элдэвлэж байна.
Гадаадад манай улсын 300 мянга гаруй иргэн сурч, ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. Олон улсад “Ковид-19”-өөр халдварласан хүний тоо долоо саяыг хэдийн давж, нөхцөл байдал хүндрэхийн хэрээр иргэд эх орон, элгэн садандаа тэмүүлэх нь ч аргагүй. Гэхдээ юманд учир бий гэдэг. Бид энэ хэцүү цаг үед л эвтэй байж, асуудалд нухацтай, баримттай, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй болов уу. Эх орондоо буцах хүсэлт гаргасан хүн болгоныг авчрах боломжгүй нь хатуу ч гэсэн үнэн. Муухайгаар хэлэхэд, хилийн чанад дахь монголчуудын цөөнгүй нь Монголд амьдрах боломжгүй, хөгжил буурай, харанхуй бүдүүлэг, соёлгүй гэх мэтээр “адалсаар”, эх орноо орхин явснаа ярьдаг. Улс орныхоо сайн сайхны төлөө сурч, хөгжих гэж харь улсыг зорьсон нь ч бий. Үүний хажуугаар, ЭМЯ-наас халдвар гарсан улс орнууд руу аль болох зорчихгүй байхыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хатуу сануулсаар атал “гарч явсан” хүн ч цөөнгүй. Хил, гааль хаасны дараа сая “Тусгай үүргийн онгоцоор намайг авсангүй. Дарга нарын ойр дотно хүмүүс л “нисээд” байна” гэхчлэн турхирах. Ямар ч шалтгаантай бай, хилийн дээс алхсан нь үнэн. Харин одоо улс орныхоо эрх ашиг, нөөц бололцоог бодох цаг болсон.
Учир нь улс хилийн чанадаас өнгөрсөн хугацаанд иргэдээ боломжоороо л татан авсан. Цаашид ч тусгай үүргийн онгоц нисгэнэ гэдгээ УОК-оос мэдэгдэж, энэ сард хийх нислэгүүдийн хуваарийг гаргасан. Дэлхийн улс орнууд ч ялгаагүй, гадаадад гацсан иргэдээ тусгай онгоцоор татан авч байна. Гэхдээ олон улсад нисэх онгоц болон бусад тээврийн хэрэгсэлд зөвхөн халдваргүй иргэдийг л нэвтрүүлж, нутаг буцааж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. Жишээ нь, эдийн засаг, эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн Хонконг, Тайвань, Австрали, Канад, Израил, Британи, Филиппин, Италид уг зарчмыг баримталж буйг дурдъя.
Харин Монгол дөнгөж л хөгжиж буй улс. Гэлээ ч халдварын тархалт өндөртэй улс, бүс нутагт сурч, ажиллаж, амьдардаг иргэдээ цааш түлхээгүй. Коронавирусийн халдвар авсан, үгүйгээс үл хамаарч, иргэдээ авчирсаар л. Өвчтэйг нь илрүүлж, эмчилж байна. Үүнээс илүү яах юм бэ. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Өвчин бүртгэгдсэн, халдварын голомтот бус нутгуудаас иргэдээ эх орондоо авчирч байгаа нь Монголын Засгийн газрын хүмүүнлэгийн маш том ажил. Энд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэний хувиар танай төр, засгийн иргэнээ гэх сэтгэлээр бахархаж байна” гэснийг энд зориуд эшлэе.
Манай улс өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сарын 28-наас энэ сарын 11 хүртэл гадаадын 34 орноос 9511 иргэнээ татан авчээ. Ингэхдээ тусгай үүргийн 20 онгоц нисгэж 3925, авто замаар 5586 иргэнээ хил нэвтрүүлсэн байна. Дээр дурдсанчлан энэ сард найман удаагийн нислэгээр 2300 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөсөн. Үүнээс одоогоор Австрали, Казахстан, Япон руу тусгай онгоц хөөргөсөн билээ. Бусад тав нь 12-нд Энэтхэг, 17-нд Сөүл, 19-нд Франкфурт, 20-нд Зүүн Өмнөд Ази, 21-нд АНУ руу тус тус тусгай онгоц нисгэх аж.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон. Үүний хүрээнд халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэнэ. Ингэхдээ тус улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, буцахдаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс 260 орчмыг нь авчрах юм. Мөн Зүүн өмнөд Ази (Тайланд, Малайз, Индонез, Мьянмар, Вьетнам, Сингапур, Филиппин, Лаос)-д буй иргэдээ татан авах нислэгийг энэ сарын 20-нд хийхээр судалж байна” гэлээ.
Өдгөө гадаадын 45 улсаас 11 924 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж. Тэд бүгд тусгай үүргийн онгоцонд багтах, эсэх нь эргэлзээтэй. Албаныхны хэлснээр тусгай үүргийн онгоцны тоог нэмэх тусам хүсэлт өгөх хүний тоо нэмэгдэж, тэр хэрээр маргаан тасрахгүй байгаа аж. УОК-оос гадаадаас зөвхөн халдваргүй иргэдийг татан авах нөхцөл, шаардлага тавиагүй учраас хүн амын дунд вирус тархахаас сэргийлж, тусгаарлах байрны хүрэлцээ, эрүүл мэндийн салбарын чадавх, агаарын тээврийн хүчин чадалд тулгуурлах нь зүйн хэрэг. Өнгөрсөн таван сарын хугацаанд энэ бүхнийг харгалзан, боломжийнхоо хэрээр иргэдээ татсан ч 10 000-д хараахан хүрээгүй л байна. Одоогоор хүсэлт гаргасан дээрх 11 924 хүнийг бүгдийг нь татан авна гэвэл энэ хэмжээний хугацаа зарцуулна гэсэн үг. Бидний нөөц бололцоо нь л энэ. Нэг ёсондоо төр, засагтаа гомдож, зүхэх хэрэггүй гэсэн үг.
Хүний нутагт өвчтэй, зовлонтой ядаж байхад нь тавлаж байгаа ч юм биш. Харин эмчлүүлэхээр гадаадын аль нэг улс руу яваад тэндээ гацсан, хүүхэд, жирэмсэн, өндөр настнуудтай барьцаад, “Иргэдээ тат” гээд байгаа хүмүүс бол ёстой уучлаарай. Байгаа байгаа газраа арга, эвээ олоод, одоогийн энэ хүнд үеийг давахаас өөр аргагүй. Учир нь бид дэлхийд ганцаараа амьдраагүй. Агаарын хилээр зорчих, онгоц хөөргөж, буулгах зөвшөөрөл авхаас эхлээд иргэдийн яриад байгаа шиг амархан зүйл энд нэгээхэн ч үгүй. Цаашлаад манайхаас олон улс руу шууд нислэг хийх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Хүндэтгэх шалтгаантай, орох оронгүй, очих хаяггүй болсон иргэдээ л татан авах гэж тусгай онгоц нисгэх шийдвэр гаргасан. Тэрнээс биш, олны амаар хилээ нээж, хаагаад, “Нааш ир” гэсэн болгон руу нь онгоц нисгэх “шидэт дохиур” манайд байхгүйг эцэст нь тэмдэглэе.