Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ыг бүрдүүлэх найм дахь удаагийн сонгууль албан ёсоор эхэллээ. Цар тахлын үед болж буйгаараа ч, оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоогоороо ч ийм сонгууль хийж байсангүй, монголчууд. Энэ удаа 13 нам, дөрвөн эвсэл өрсөлдөнө. 2000 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл оролцсон нь хамгийн олонд тооцогдож байв.
20 жилийн өмнөх уг сонгуульд нийт 602 хүн нэр дэвшсэн нь “дээд амжилт” байсан бол энэ удаа 606 болж эвдэгдлээ. Гэхдээ 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөх 121 хүн байгаа нь нэр дэвшигчдийн тоог үлэмж нэмэгдүүлж буй. Юутай ч “Сонгох хүн алга” гээд саналын хуудсандаа цэг ч хатгалгүй “хар машин” руу хийж давалгаасан, өнгөрсөн сонгуультай харьцуулбал энэ удаагийнхыг “сонголттой” хэмээн тодорхойлж болох мэт.
МАН, АН тус бүр 76 буюу бүх суудалд нэр дэвшүүлсэн бол МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл” 74, ШИНЭН, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын “Шинэ эвсэл” 72 хүн сойж удаалав. Уг нь “Та, бидний эвсэл”-ээс 76 хүн нэр дэвшүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо тус эвслийн дарга Н.Энхбаяр нарын хоёр хүнийг бүртгээгүй. Тиймээс тэд захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал нь маргааш болно.
Харин Ард түмний нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Их эв намаас тус бүр нэг хүнийг дэвшүүлжээ. Эдгээр ганц “дайчин” нь бүгд намынхаа дарга аж. Тодруулбал, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Хөвсгөл, Их эв намын дарга З.Бат-Отгон, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар Баянзүрх дүүргийн 22, Ард түмний намын дарга Ш.Гантулга Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, намынхаа нэрийг гаргах нь. Сонирхуулахад, нэр дэвшигч Л.Гүндалай өчигдөр сонгогчидтойгоо цахимаар мэндчилж, дэмжихийг уриалсан. Тэрбээр хөл хоринд орж, Тайланд улсад гацжээ. Ийн хилийн чанадаас нэр дэвших нэгэн байхад сонгогдох эрхээ хууль, хяналтынхны хараан дор эдлэх хүн ч гарах нь. Сонгуулийн санал хураалт өнгөртөл буюу энэ сарын 26-ныг хүртэл цагдан хоригдсон, Хан-Уул дүүрэгт бие даан өрсөлдөх Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Б.Нямтайшир нь Сонгуулийн ерөнхий хорооныхноос гардаж авсан юм.
Нийт нэр дэвшигчийн 75.08 хувь нь эрэгтэй, 24.92 хувь нь буюу 151 нь эмэгтэй. 2012 онд 544 хүн өрсөлдсөнөөс 174 нь буюу 31.9 хувь нь эмэгтэй байсан нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өнгөрсөн сонгуулиар 129 бүсгүй хүч үзсэн нь 25.9 хувь болж байв. Мөн хамгийн олон буюу 38 нэр дэвшигч 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт гурван мандатын төлөө өрсөлдөнө. Харин тус бүр хоёр мандаттай Говь- Алтай аймгийн тав, Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хамгийн цөөн буюу 10 нэр дэвшигч “хүч үзэх” нь. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 10, ихдээ 40 шахам хүнээс “шүүрдэж” байж 2-3 хүн сонгох их ажил сонгогч бидний өмнө ирээд байна. Гэвч сайн, муу үйлдлээрээ танигдсан нэгэн, танилын тань санал болгосон хүн, тав, арван “цаасыг” нь авчихсан гэж сонголт бүү хийгээрэй.
Нам, эвслийн дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр ч, сойж буй хүмүүс нь ч ийнхүү ил боллоо. Хэнд итгэл хүлээлгэж, аль нам, эвслийг дэмжихээ шийдэх 22 хоногтой “тоолуур” гүйж эхлэв. Бүх нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй Үндэсний аудитын газрын цахим хуудаснаас танилцах боломжтой, сонгогчид оо.
Мөрийн хөтөлбөрүүдээс тоймловол, Монгол өрх бүрт нь өсөлт бий болгохоо АН амлаж байна. 2016 оны сонгуульд “Монгол хүн-2020” хөтөлбөр дэвшүүлж, хүний хөгжлөөр хэмжүүр хийж байсан тэд энэ удаа өрхийн өсөлтийг онцлов. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчин байсны хувьд ажилгүйдэл, ядуурал, улсын эдийн засаг, санхүүгийн голлох үзүүлэлт, эрх баригчдын ёс зүй, хариуцлагыг түлхүү хөндөх нь зүйн хэрэг. Харин эрх баригч Ардын намынхан “Хүчээ нэгтгэе” хэмээн уриалж байна. Сөрөг хүчин байхдаа оролцсон өнгөрсөн сонгуулиар тэд “Бид хамтдаа чадна” гэх уриа дэвшүүлж байсныг сануулъя. Эрх баригчдын сурталчилгааны өнгө аяс ч өнгөрсөн хугацаанд хийсэн өнгөтэй, өөдтэй ажлаа таниулахад чиглэх нь ойлгомжтой. Газрын тосны үйлдвэр, шинэ нисэх буудал, төмөр замын бүтээн байгуулалт, Улаанбаатарын утааг бууруулсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй зэргийг нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг нь олгох үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх онцолж байсан юм. Цаашлаад МАНАН гэгдэж буй бүлэглэлийн эсрэг, шударга ёсны төлөөх тэмцлийг үргэлжлүүлэхээ тэрбээр цэрэг ёсолгоотой хамтатган илэрхийлж, эхлүүлснээ дуусгах зөвшөөрлийг сонгогч биднээс хүсэж байна.
Өнгөрсөн 30 шахам жилд ээлжлэн эрх барьсан энэ хоёр намын дунд гол өрсөлдөөн өрнөх нь маргаангүй. Аль аль нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирсний хувьд юу хийснийг нь ямар ажил төлөвлөсөнтэй нь хамт сонжиж, сонголт хийхийг илүүд үзээрэй. Ний нуугүй хэлэхэд, АН, МАН-ын аль нэг нь олонх болно гэсэн таамаглал бай
саар л буй. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбон тайлбарлавал, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёрын хэнийг нь дараагийн Засгийн газрыг тэргүүн, Ерөнхий сайдаар томилох вэ гэдгээ бид “сонгох” гэж байна. Тиймээс ч тэд улс төрийн хүчнийг удирдаж байгаагийн хувьд намаар нь, багаар нь дэмжиж, сонгохыг урьд урьдынхаас илүүтэй уриалав. МАН, АН гэлтгүй найдвар тээж буй бусад намын удирдлага ч Засгийн газраа бүтэц, бүрэлдэхүүнтэй нь хэдийн “зурчихсан” байхыг үгүйсгэхгүй. Магадгүй нам, эвслүүд ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг сонгуулийн кампанит ажлын үеэр танилцуулж болох юм. Эсвэл та хүлээлгүй, тэднээс асуугаарай.
...Нам, эвслийн дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр ч, сойж буй хүмүүс нь ч ийнхүү ил боллоо. Хэнд итгэл хүлээлгэж, аль нам, эвслийг дэмжихээ шийдэх 22 хоногтой “тоолуур” гүйж эхлэв. Бүх нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй Үндэсний аудитын газрын цахим хуудаснаас танилцах боломжтой, сонгогчид оо...
Юу хийснийг үнэлж, амлалтыг нь цэгнэх эл шалгуурыг хувь хүн, бие даан нэр дэвшигчдэд ч тавих учиртай. Учир нь энэ удаа урьд хожид байгаагүй олон хүн бие даан нэр дэвшиж буйг зайлшгүй харгалзах ёстой. Мэдээж анх удаа сонгуульд оролцож буй, өнгөрсөн хугацаанд парламентад суудалгүй явж ирсэн намуудыг үүгээр үгүйсгэх гэсэнгүй. Шинэ хүн, хүчин, хандлагын эрэлд гарсан сонгогчид хэн нь, аль нь зөв бодлого дэвшүүлснийг соргог хүлээн авах биз ээ. Тухайлбал, “Та, бидний эвсэл” “Монголын гурван баялаг” хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Нэгдүгээрт, Монголын суурь баялаг бол монгол хүн, хоёрдугаарт, гэр бүл, гуравдугаарт, эдгээрийг түшиж хөгжүүлэх түшиг баялаг нь төр хэмээн тус намынхан тайлбарласан. “Зөв хүн электорат” эвслийн дарга Б.Найдалаа эрдэм мэдлэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлснээ онцолж, “Бид бол шинэ цагийн мэргэжилтэн. Монголыг Монголоор нь хадгалж, эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах ажлын төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр бидэнд бэлэн бий” хэмээн мэдэгдсэн бол “Шинэ” эвслийн дарга Ж.Батзандан МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэхээ илэрхийлж буй. Тэрбээр орд газруудын баялгийг ард түмэнд шударга хуваарилж, шударга ёсны болон аж үйлдвэрийн хувьсгал эхлүүлнэ гэв.
Мөрийн хөтөлбөртэй хамт ил болсон мэдээлэл бол сонгуульд оролцох нам, эвслүүдийн хандивын тайлан. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1 хүртэл аль нам хэчнээн төгрөгийн хандив цуглуулсан талаарх мэдээлэл нь тэдний сонгуулийн зардалд хяналт тавих нэг арга юм. Тухайлбал, дээрх хугацаанд МАН 2.3 тэрбум төгрөгийн хандив авчээ. Харин АН 164 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Харин ХҮН 280 мянга, МАХН 84.5, ШИНЭН 18.3 сая төгрөгийн хандивтай болсон байхад БНН, Үнэн ба зөв нам ийм замаар орлого бүрдүүлээгүй гэнэ.