Сав л хийвэл “Бид Чингисийн үр удам, өргөн уудам газар нутаг, онгон дагшин, байгаль энд л байна, хүссэн, эс хүссэн ч дэлхий биднийг сонирхоно” хэмээн аархдаг ч жилд нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэйгөө удтал зууралдсан Монголын аялал жуулчлалын салбарынхны хувьд 2018, 2019 он тун өгөөжтэй байв. Жилд хүлээн авдаг жуулчны тоо энэ онуудад түүхэндээ анх удаа хагас саяд хүрч, төвлөрүүлсэн орлого нь ДНБ-ий 5-6 хувийг эзэлсэн. Өнгөрсөн онд гэхэд гадаадаас 570 262 жуулчин Монголд ирж, 607 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь ДНБ-ий 6.4 хувийг бүрдүүлжээ. Үүнээс улбаалаад судлаач, мэргэжилтнүүд “2020 онд салбарын орлогыг 668 сая ам.долларт хүргэх бүрэн боломжтой” гэсэн өөдрөг тооцоо гаргаад байв. Гэтэл коронавирус хэмээх аюулт тахал Монгол төдийгүй дэлхий нийтийн “амгайг татаж”, хөгжлийн чиг хандлагаа бодитойгоор харж, үнэлэх гарааны зурхайд нэгэн зэрэг аваачив.
Энэ бүх сорилтыг хамгийн мэдрэг хүлээж авсан нь олон салбартай шууд болон шууд бусаар холбогддог аялал жуулчлалынхан. Одоо Монголын аялал жуулчлалынхан дотоодын жуулчдаа хэрхэн идэвхжүүлэх, өнөөгийн нөхцөлийг нь дордуулахгүйн тулд юу хийх вэ гэдэг хүндхэн сорилттой нүүр тулаад байна. Тэдэнд ямар боломж бий вэ.
АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛЪЯ
Жуулчид гэхээр л гадаадынхан гэж ойлгодог өрөөсгөл хандлага манайд бий. Мэргэжлийн байгууллагуудын гаргадаг тайлан судалгаа, статистик ч үүнийг хэлдэг. Зөвхөн гадаадаас ирсэн жуулчдын тоо, төвлөрүүлсэн мөнгөн дүнд ач холбогдол өгөөд, дотоодын жуулчдыг манай тур операторууд тэр бүр ойшоодоггүй байв. Харин коронавирусийн “ачаар” энэ хандлага өөрчлөгдөж, өөрсдийнхнөө арай өөрөөр харах болсныг мэргэжилтнүүд онцоллоо. Баримт дурдъя. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, “Feel Mongolia” аялал жуулчлалын маркетингийн агентлагийн хамтран гаргасан тайланд дурдсанаар 2019 онд Монголоос гадаад руу давхардсан тоогоор 1.2, дотоодод нэг сая жуулчин аялжээ. Монголчууд эх орондоо 225 сая ам.доллар төвлөрүүлсэн бол гадаад руу аялагчид 625 сая ам.долларыг өөр улсад шингээжээ. “Энэ бол монголчууд аялал жуулчлалын салбарт харьцангуй идэвхтэй байдгийн илрэл. Гол нь жуулчдын урсгалыг дотогшоо чиглүүлэх нь чухал. Ялангуяа хорио цээрийн дэглэм тогтоосон энэ нөхцөлд дотоодын жуулчдыг “урвуулж”, мөнгөн урсгалыг эх орондоо үлдээх бүрэн боломжтой. Хэрэв ингэж чадвал гадаадын аялагчдыг хүлээн авснаас дутахгүй ашиг, орлого олно. Салбарынхны идэвх, санаачилга, маркетинг чухал” хэмээн Аялал жуулчлалын бүтээмжийн төвийн судлаач Ж.Жанцхорол онцлов.
Монголчууд дунджаар тав хоног аялж, өдөрт 80 мянга гаруй төгрөг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаанд аялагч үйлчилгээ авах зорилгоор 60 гаруй хүнтэй харилцдаг аж. Өөрөөр хэлбэл, нэг аялагч 60 хүнийг ажлын байраар хангадаг гэсэн үг. Энэ тооцоо, судалгааг гаргасан БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, “Feel Mongolia” агентлагийнхан “2020 оны III, IV улиралд давхардсан тоогоор 500 мянга гаруй иргэн дотооддоо аялахад нэг аймагт дунджаар 9.5, орон нутгийн эдийн засагт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой” гэж тооцжээ. Эдгээр судалгаа баримт нь өвчин намжиж, хил нээхийг хүлээж суухын оронд утаагүй үйлдвэрлэлийн салбарынхан дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэйг сануулж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ.
ТҮНШЛЭЛД ОЙЛГОЛЦОЛ ЧУХАЛ
Нүүр номын нэгэн найз минь саяхан “Манай дотоодын аялагчид амарч, агаар салхинд гарахыг бөөнөөрөө нийлж архидах гэж ойлгодгоо хэзээ болих юм бэ” хэмээн их л уурссан өнгө аястай сэтгэгдэл оруулжээ. Үүнийг нь өөр нэг нь түгээхдээ “Гэрүүддээ хоногийн 300 мянган төгрөгөөр хонуулдаг мөртлөө тохь тух муутай байсан. Ийм үнэтэй байж бас ааш муутай” гэж шүүмжилжээ. Энэ хоёр иргэний сэтгэгдэл бол өнөөгийн манай дотоодын аялал жуулчлалын бодит төрх. Аялагчид нь тохь тух нэхэж, үнийг нь шүүмжилдэг. Жуулчны бааз, тур операторууд нь аялагчдыг соёлгүй бүдүүлэг гэж ад үздэг. Дотоодын жуулчлалыг хөгжүүлэхийн тулд энэ хоёр “этгээд” ойлголцохоос аргагүй. Түншлэлд ойлголцол чухал гэдэг шүү дээ. Харин ойлголцохын тулд дор бүртээ алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, засах нь чухал.
Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Жуулчдад хамгийн чухал зүйл бол тав тух” гэж онцолж байв. Үнэхээр тийм. Тав тух эрсэн аялагчид дориун гэсэн жуулчны бааз, амралтын газрыг зорьж очиход өнөөх нь тэнгэрт хадсан үнэтэй байх нь түгээмэл. Яг үнэндээ бидэн шиг байгальтайгаа дэндүү ойр аж төрдөг, хүссэн үедээ, хаана ч хамаагүй майхнаа бариад тухалчихдаг хүмүүс жуулчны баазад хоногийн 200-300 мянган төгрөг төлнө гэдэг тийм ч таатай санал биш. Дотоодын жуулчдын олонх нь амралтын газруудаас дөлөхөд хүргэдэг хамгийн том шалтгаан нь энэ.
Харин цар тахал гарснаар аялал жуулчлалын салбар энэ оны эхний улиралд 119 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд 118 мянган хүн ажилгүй болж, 1300 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох эрсдэлд хүрснийг мэргэжилтнүүд хэллээ. 2020 онд Монголд аялахаар захиалгаа өгсөн гадаадын жуулчдын 70 хувь нь захиалгаа цуцалжээ. Энэ бүх “донсолгоо” аялал жуулчлалын салбарынхныг дотоодын жуулчдадаа тал засахаас өөр аргагүйд хүргэсэн. Тиймээс тэд энэ чиглэлд санаачилгатай ажиллах болов. Хамгийн ойрын жишээ дурдахад, тур операторууд аялагчдад лизингийн үйлчилгээ санал болгож эхэлсэн нь хамгийн том дэвшил. Жуулчид хагас жилийн турш сар бүр 50-195 мянган төлөх нөхцөлтэй аяллын багцаас сонгох боломж бүрдлээ. Архангай аймгийн хэд хэдэн жуулчны бааз үйлчилгээнийхээ үнийг 40 хүртэл хувиар бууруулж, бусдыгаа ч ийм санаачилга гаргахыг уриалжээ. Хөвсгөл дэх амралтын газар, жуулчны баазууд ч дотоодын аялагчдаа 40, орон нутгийнхнаа 30 хүртэл хувиар хямдарсан үнээр амраах боломжтой гэсэн байна. МАЖХ-ныхон ч аялал жуулчлал эрхлэгчдийн үйлчилгээний үнэд хяналт тавьж эхэлж. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Жуулчны баазуудын иргэдэд үйлчлэх хамгийн доод болон дээд үнийг тогтоосон. Энэ дагуу л үйлчлэх ёстой. Олон аялагч ирлээ гээд үнээ нэмж болзошгүй учир ийн хязгаарласан” хэмээн ярьжээ.
ХЯНАМГАЙ БАЙХ ЦАГ
Коронавирус хэзээ намжих нь тодорхой бус байгаа. Тиймээс тур операторууд зорчигч, жуулчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлд өөрийн орны онцлогт тохирсон тодорхой горим боловсруулан баримтлахыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гишүүн орнууддаа зөвлөөд буй. Энэ чиглэлээр хэд хэдэн удаа цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан. Аялал жуулчлал бүхэлдээ үйлчилгээний салбартай холбогддог учраас эрүүл ахуйн стандарт юу юунаас ч чухал. Тэгвэл манай тур оператор, жуулчны баазууд энэ чиглэлээр ямар бодлого баримталж байгааг Нийслэлийн аялал жуулчлалын газрынхнаас тодруулахад “Стандартын шаардлага хангасан жуулчны бааз, зочид буудал, үйлчилгээний газруудын мэдээллийг аймаг тус бүрээр гаргаж, www.ihotel.mn, www.joinme.mn зэрэг нэгдсэн цахим хуудсанд байршуулж, шууд захиалга өгөх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.
Аялал жуулчлалын салбарт тулгамдсан бас нэг чухал зүйл бол ариун цэврийн байгууламж. Ялангуяа цар тахал дэгдээд буй энэ үед эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах нь чухал. Үүнтэй холбоотойгоор жуулчид олноор зорчдог хэсэгт стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай отоглох цэг бий болгох ажлыг холбогдох байгууллагууд гүйцэтгэж эхэлсэн гэнэ. Харин жуулчны баазууд аялагч хүлээж авах бэлтгэлээ хэр базаасан бол. Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг “Хотала” амралтын газрынхнаас энэ талаар тодруулахад “Одоохондоо зогсонги байдалд байна. Амралтын өдөр ганц, хоёр хүн ирдэг. Нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан. Амрагчдадаа амны хаалт, гар ариутгагч, бээлий өгч байгаа” гэсэн бол Өмнөговийн “Говь гурван сайхан” жуулчны баазын менежер “Одоохондоо тодорхой чиглэл өгөөгүй л байна. Манайх үйл ажиллагаа түр зогсоосон, зургадугаар сараас жуулчин авна. Улаан цавд хийж байгаа бүтээн байгуулалтын үр дүнд манай аймгийг зорих жуулчны тоо сүүлийн дөрвөн жил дараалан өссөн. Гадаадынхнаас илүү дотоодын аялагч олон ирдэг” гэв.
Эх орондоо аялагчдыг идэвхжүүлэх чиглэлээр судлаач, мэргэжилтнүүд тууштай ажиллаж, “Дотоодын аялал жуулчлалын сорилт боломж”, “Дотоодын жуулчлалд маркетингийн нөлөө” зэрэг цахим хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж, санал бодлоо харамгүй хуваалцаж байна. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагынхан ч “Жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 аж ахуйн нэгжид ес хүртэлх хувийн хүүтэй, 300 сая төгрөгийн “Ногоон зээл” олгоно. Ариун цэврийн байгууламжаа сайжруулах зорилготой 200 аж ахуйн нэгжид зээл олгож, дэмжинэ” гэж мэдэгдээд буй. Дотоодын аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх чиглэлд төр, хувийн хэвшил, судлаач, мэргэжилтнүүд энэ мэт санаачилга гаргаж, тууштай ажиллаж байна. Жуулчны бааз, тур операторууд ч дотоодын аялагчид руу гар сунгалаа. Одоо хэрхэх нь аялагчдаас хамаарах нь.
Бэлтгэсэн: Ж.Сувд