COVID-19 гэх цар тахал өнөөдрийн байдлаар дэлхийн 210 гаруй улс оронд тархаж нийт 2,082,881 хүн халдвар авчээ. Энэ нь манай улсын хүн амын 70 гаруй хувьтай тэнцэж буй.
Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд гараа угааж, ариутгаж байхыг ДЭМБ-аас зөвлөсөн. Энэ дагуу гар ариутгагч, амны хаалтны эрэлт огцом нэмэгдсэн. Үүнийг далимдуулж зарим дотоодын томоохон үйлдвэрүүд Монгол Улсын стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдээ хуурчээ.
Тодруулбал, коронавирус дөнгөж тархаж эхлэх үед "Монос" компани амны хаалтынхаа үнийг нэмж ашиг олсон. Харин одоо гар ариутгагчаа техникийн спиртээр хийдгийг нь мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлээд байна. Гэтэл тус компани "МХЕГ-аас гаргасан мэдэгдэл ташаа байна, эрүүл ахуй шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан" хэмээн мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэв.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс өчигдөр МХЕГ-аас нэмэлт мэдээлэл өглөө. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Г.Баярболд хэлэхдээ “Нэр дурдсан компаниуд биднийг үндэслэлгүй, ташаа мэдээлэл түгээж байна гэсэн. Гэвч “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн. УОК-ийн долдугаар хуралдаанаар улс даяар гар ариутгагч шингэний хүрэлцээг хангах, түүхий эд болох спиртийн хүрэлцээг судалж, хяналт шалгалт явуулахад дээрх зөрчил гарсан.
Монгол Улсад гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэх "MNS 61592010" гэх стандарт бий. Стандартын дагуу 96 хувийн, тансаг зэрэглэлийн этилийн спиртээр гар ариутгагчийг хийдэг. Этилийн спирт дотроо альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн зэрэглэлтэй.
Харин “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд нь 3-р зэрэглэлийн этилийн спиртээр үйлдвэрлэдэг гэх хариу мэдэгдэл гаргасан нь 1986 онд барьдаг байсан хуучин стандарт бөгөөд техникийн спиртийн нэршил юм” гэдгийг хэллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь хууль сахиулж, дүрэм журмыг хангуулж, шаардлага тавьж ажилладаг. Шаардлага хангаагүй ААН-үүдийг албадан хангуулдаг чиг үүрэгтэй. Гэтэл МХЕГ-аас техникийн спирт гээд бататгаад байхад түүнийг нь "Монос" компани үгүйсгэж гүрийсээр байгаа нь даварсан хэрэг.
Нэр дурдсан хоёр компани гар ариутгагч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл ч аваагүй байсан. Ийм тусгай зөвшөөрөлтэй гурван компани байдаг нь “Монхимо”, “Тавин ус”, “Вэст мед” нар. Тэгвэл албан ёсны зөвшөөрөлгүй, стандартын бүс бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн аж ахуйн нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ? Хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх аж.
Чоно борооноор гэдэг шиг аюулт өвчин тулсан энэ цаг үед ашиг хонжоо хайж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт болон хууль дүрмийг үл хайхран олон мянган гар ариутгагч зах зээлд нийлүүлсэн дээрх үйлдвэрүүдэд иймэрхүү арга хэмжээ авч байгаа нь чамлалттай. Мөн шударга ёсонд нийцэхгүй байгааг иргэд олон нийт шүүмжилж байна. Адаглаад олсон орлогынх нь 50 хувиар торгож, энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг нь бүрмөсөн хоригломоор юм.