Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн II дайнаас хойш тохиосон анхны глобал хэмжээний хямралаар “Ковид-19” цар тахлыг олон улсын эрдэмтэд нэрлэж байна. Энэ хямралаар гурван салбарын асуудал хурцаар яригдаж байна. Нэгдүгээрт, эрүүл мэнд, хоёрдугаарт, технологи, гуравдугаарт, эдийн засаг. Мэдээж цар тахал учраас эрүүл мэнд нэгт орох нь зүйн хэрэг. Харин технологийн салбар яагаад эдийн засгаас илүү яригдах болов оо? “Хүн төрөлхтний товч түүх” (Sapiens) номны зохиолч Юваль Ноа Хараригийн саяхны нийтлэлд энэ цар тахлын үр дүнд технологийн хөгжил, ашиглалт болоод хүн төрөлхтөн дэх нөлөө хэд дахин нэмэгдэнэ гэж бичжээ. Хөрөнгийн зах зээлийн бүх үзүүлэлт шалдаа тултал унаж, нефтийн үнэ доод цэгтээ хүрч байхад онлайн харилцаа холбооны платформ “ZOOM”-ын үнэлгээ хоёр дахин нэмэгдэж байх жишээтэй.
Монгол Улс маань хаана явна вэ? Харилцаа холбооны салбарын түүхээс харвал Монгол Улс дэлхийд морин өртөөнийхөө сүлжээгээр нэгэн үе тэргүүлж явсан түүх бий. Өгөдэй хааны үед бүрэн утгаараа хөгжиж, систем болсон өртөө нь дэд бүтэц, үйл ажиллагаа, хариуцлагыг бүрэн шийдсэн байдаг нь олон зуун жил найдвартай үргэлжлэх суурь болсон байдаг. Өнөөдөр цахим засаглалаараа тэргүүлэгч Эстони улсын “X-Road” систем Монголын морин өртөөний сүлжээтэй нэн төстэй.
Өнөөдөр ч Монгол Улс зүгээр суугаагүй, үе үеийн Засгийн газрууд боломжоороо ажиллаж, цахим шилжилтийн хөрс суурийг тавьсаар ирсэн. Бүх сумыг өндөр хурдны шилэн кабелиар холбож, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг байгуулж, төрийн бараг бүх байгууллага цахим мэдээллийн сантай боллоо. Төрийн байгууллагуудыг харвал, тус тусдаа, олгогдсон нөхцөл боломжоороо цахимжуулах оролдлогуудыг хийсээр байна. Хөгжмөөр бол зэмсгүүд маань өөр, өөрийн хэлбэр дүрс, өнгөө олжээ.
Оксфордын их сургуультай хамтран 2019 онд хийгдсэн судалгаагаар суурь үзүүлэлт болох харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил сайн, нийт салбарын үзүүлэлтээрээ бид Азид 14 дүгээр байрт бичигдэж байгаа нь чамгүй амжилт юм.
Харамсалтай нь, одоо хүртэл иргэд маань шаардлагатай үйлчилгээгээ авахын тулд биеэр очиж, хүнд сурталтай нүүр тулан, XXI зууны хамгийн чухал баялгийн нэг болох цаг хугацаагаа үргүй зарцуулсаар байна. Цахим хөгжлийг хурдасгах бодит хэрэгцээ улам нэмэгдсээр буйг бид өдөр тутам харж болно. Ялангуяа “Ковид-19” тахлын үеийн нөхцөл, тодорхой хэмжээнд хөл хорионд орсон иргэд төрийн үйлчилгээ төдийгүй бусад үйлчилгээг цахим хэлбэрээр авахын ач холбогдол илүү нэмэгдэж байна.
Тэгвэл цахим засаглалаараа дэлхийд тэргүүлдэг Эстони улс жил бүр иргэддээ 844 жилтэй тэнцэх ажлын цагийг бэлэглэж байна. Төрийн үйлчилгээгээ 99 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр ийм боломж бүрджээ. Зөвхөн тоолж чадах цаг хугацааг хэмжихэд ийм үр дүн гарч байна, тэгвэл цаана нь түгжрэл, хүнд суртал, дараалал, алдагдсан цагийн боломж гээд хэмжиж болохгүй олон асуудал байхгүй болсон гэсэн үг.
Эстоничууд технологийн гоц нээлт хийгээд, дэлхийд байхгүй инженерчлэл хийчихэв үү гэвэл үгүй юм. Та, бидний л ашигладаг хэрэгслүүдийг ашиглаад, та, бидэнтэй адилхан залуучууд энэ бүгдийг бий болгожээ. Тэгвэл тэд юугаараа илүү байв, яаж хийв гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдана. Энэ бол эв нэгдэл, улс төрийн шийдвэрүүдийг зоригтойгоор гаргаж, залуучуудын оролцоог хангасанд оршиж байна.
Бидний хувьд өнгөрсөн хугацаанд алдсан дутагдлаа олж харан, цаашид технологийн дэвшлийг нэгдсэн бодлогоор оновчтой зохицуулж, аль болох хүнээс хараат байдлыг бууруулснаар нөгөө төрийн хүнд суртал, авлига, стресс зэрэг асуудлыг нэг мөр шийдэх боломжтой. Одоо бэлэн болсон хөгжмийн зэмсгүүдээ ердөө нэгтгэн дуугаргаж, дэлхийд сонсогдох симфони тоглох түүхэн эхлэлийн цэг дээр бид ирээд байна.
Төрийн зүгээс санаачлан, нэг цонхоор иргэн хүн төртэйгөө харилцах, төрийн үйлчилгээг авах “И-Монгол” платформыг Монгол Улсын Засгийн газар дөнгөж эхлүүлээд байна. Үүнийг Засгийн газар дангаараа хийх боломжгүй, үүнийг төр, хувийн хэвшил, иргэд бүгдээрээ хийх ёстой, цөмөөрөө хөгжмөө нэгэн зэрэг, гэхдээ нотынхоо дагуу тоглох ёстой.
Энэ түүхэн боломжоо ашиглаж ард түмнийхээ өмнө, түүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн Цахим Монгол Улсыг хамтдаа бүтээцгээе.
Бэлтгэсэн: Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга:
Б.Болор-Эрдэнэ