(Бичил бизнесийн нийтлэг төрх)
Янжмаа хүүхэн гадаадад нэлээдгүй жил сурсан боловсролтой нэгэн. Нутгаа гэсэн үзлээр угийн хүмүүжсэн тул ХҮНИЙ НУТАГТ АМЬДРАХ БУС эх орондоо хөдөлмөрлөж, гэр бүлээ төвхнүүлэх туйлын хүсэлтэй. Энэхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн яаран, яаран Монголдоо иржээ. Ирээд л “Монгол нөхцөл” хэмээх бодит үнэнтэй нүүр тулгарав. Хичнээн сайн боловсролтой байгаад, ямар ч сайн чадвартай байлаа ч танил тал үгүй л бол ажилд орно гэж гонжийн жоо. Гадаадаас ирсэн монголчуудын туулдаг зам энэ бөлгөө. Хүний газар нэлээдгүй оныг үдсэн хүнд танил тал гэж юу байх билээ, таньдаг дарга бол бүр ч үгүй шүү дээ.
Ингээд хэдэн сарыг хэд гурван найзтайгаа уулзаж өнгөрөөв. Дараагийн хэдэн хоногийг гудамжаар нааш, цааш алхаж үдэж. Гэтэл амьдрах хэрэгтэй байдаг. Амьдрахын тулд мөнгө олох учиртай. Мөнгөтэй байх үндэс нь ажиллах. Ингээд олон хаалгыг дэмий хоосон татсаны эцэст нэгэн шийдийг гаргалаа. Яадаг ч байсан дэлгүүр ажиллуулья. Мэргэжлийг маань, чадварыг минь үнэлдэггүй юм бол өөрийнхөө толгойгоор бизнес эрхлэе гэж сэтгэжээ. Сэтгэсэн бизнес нь дэлгүүр. Гаднаас ирсэн монголчуудад олддог ГАНЦ ОРОН ЗАЙ НЬ Л ЭНЭ. Өөр нэг боломж бий нь хоолны газар ажиллуулах.
Янжмаа дэлгүүрээ яаж нээх талаар нэлээд судалж, сурагласны дүнд хамгийн гэм хоргүй нь гутлын дэлгүүр юм байна гэж ойлгож. Төрийн зүгээс ирэх дарамт шахалт, шалгалт шүүлэг нь арай гайгүй юм гэж бодож л дээ. Сурахынхаа хажуугаар ажиллаж хуримтлуулсан цөөн хэдэн төгрөгөндөө хэд гурван бараа дарлаа. Үйлчлүүлэгчдэдээ муу бараа зарахгүйн тулд чанар үнэртүүлсэн гуталнуудтай байхыг хичээх тул танилаасаа хэдэн төгрөг нэмээд зээлсэн байна. Нэлээд хоног эрэл сурал болсны дүнд түрээсийн байраа ч олов. Гэхдээ үнэ нь даахааргүй өндөр аж. За яахав, дэлгүүрээ л сайхан ажиллуулаад алаад өгье гэсэн урам дүүрэн буй тул тэрбээр байрандаа зоригтойгоор бүрэн засал хийлээ. Бас ч үгүй өнгө үзэмж, тав тухыг бүрдүүлчих санаатай boutique маягийн дүр, төрхийг дэлгүүртээ шингээжээ.
Гэтэл байдал төсөөлснөөс нь эсрэгээр өрнөв. Онцгой, цагдаа, татвар, хороо гэх мэт олон газраас “добро” авах ёстой болж таарлаа. Ажлаа дөнгөж эхэлж байгаагийн дээр хийж бүтээе гэсэн эрмэлзэл дүүрэн байх тул байгууллага бүрийн хаалгыг татан шантралгүй гүйгээд л байлаа. Онцгойгийн байцаагч морилж ирээд ийм стандартууд байх ёстой, тийм тоноглолууд авах хэрэгтэй гэх зэргээр Янжмаа хүүхнийг ангайтал айлдаж байна. Айлдварыг нь сонсох нь ээ аварга том супер маркетэд тохирохоор шалгуур гэлтэй. Нөгөөдөр нь нэгэн цагдаа бараалхаж ирэн нэлээд ярвайж зогссоноо баахан камер байрлуулах, камерууд нь чанар чансаатай байх тухай үүрэгдээд явжээ.
Хэдэн хоногийн турш хөөцөлдсөний дүнд Янжмаа өнөөх олон, олон шалгуурыг нь хангасан тул төрийн ажил ихтэй төрийн алба хаагчдын ажлынх нь заваар хөөцөлдөн байж өнөөх “дорбо”-гоо ч авчээ. Аваад жаахан амсхийн байтал хороон дарга давхиад ирлээ. Хогны гэрээ байгуулах ёстой гэнэ. Үйл ажиллагаа нь эхлээ ч үгүй дэлгүүрт бас л ахдахаар журам мурам хэлж байна. “Хүнсний дэлгүүрээс л хог гардаг шүү дээ” хэмээн бүсгүй учирлахад “Тэр хамаагүй. Журам хэнбугайд ч үйлчлэх учиртай” гэж явуут хашгичсаар дарга авгай гарч одлоо.
Морилон ирэх “дарга нар”-ын үг болоод үйлдэл нь их хэцүү аж. Ярдаг нохой шиг муухай аашилж, ярвагар муур адил дуугарч ядна. Үгээр нь байхгүй бол толгой түрүүгүй зандчаад хөөж гаргах нь энүүхэнд. Янжмаа хүүхний сэтгэл үүнд ихэд дундуур байлаа. Нэг муу бичил дэлгүүрт ахадсан ямар ч том стандарт тавьдаг юм, ямар ч их шалгуур нэхдэг юм. Тэр стандарт, шалгуурууд нь яахаараа ч бүгдэд нь нэгэн адил үйлчлэх ёстой юм гэж ирээд л тэрбээр толгой сэгсрэн нэлээд суулаа. Хэд гурван танил хүүхнүүд рүүгээ утас цохин гомдлоо ч хуваалцав. Бүгдээрээ л адил зовлонг өчих аж. Хамгийн гол нь төрийн нэр барьж стандарт ярьсан нөхдүүдийн “журам” гэх нэрийн дор гаргах хүнд суртал, дээрэлхүү занд дэлгүүрийн хүүхнүүд голдоо ортол гомддог гэнэ. Энэ бол бичил бизнес эрхлэгч бүрийн үүрдэг ачааны нэгээхэн хэсэг нь ажээ.
Австралид амьдарч, Солонгост сурч байхдаа хараагүй бэрхшээлийг төрөлх нутагтаа үзсэндээ Янжмаа хүүхэн бүр ч их гомджээ. Гэвч гомдлоо гээд яалтай билээ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биз дээ. Хэлсэн зүйлийг нь хийгээд л явахаас. Гэхдээ тэдгээр олон ааштнууд дунд иргэнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй ганц нэг албан хаагч байх аж. Түүнд нь Янжмаагийн дотор жаахан ч гэсэн дэвтжээ. Тиймээс урмаар хугаралгүй, сэтгэлээр нугаралгүй сар гаран гүйсний эцэст тэрбээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгөө нэг юм золгов. Хэд хоногийн турш өглөө, үдэшгүй суусны дүнд хэд гурван харилцагчтай ч болж. Сэтгэлийн хонгилд нь гэрэл асаад ирж байна шүү. Бүр, компани байгуулаад өргөжөөд явбал болчихмоор ч юм шиг санагдаад ирж.
Гэтэл гай газар доороос гэгч болж сангийнх нь шугамд асуудал гарав. Ус гоожиж, уур савсах шугамаа засуулах санаатай контор луу утас цохилоо. “Айл уу?” гэж байна. “Дэлгүүр” гэхэд “Аан, аж ахуйн нэгж үү-үү-үү?” гээд операторын ааш илт онцгүйрээд явчихлаа. Дуншиж, дуншиж сангийн хүн нь нэг юм ирж. Гэтэл айлын гэрт нэгээрээ явж байдаг нөхдүүд чинь гурав, дөрвүүлээ болчихсон явж байна. Онгироо гэж жигтэйхэн. Энийг соливол тэрийг шинэчилнэ, түүнийг хийвэл үүнийг өөрчлөнө гэх зэргээр салаа утгатай баахан шаардлагыг тэд амаа уралдуулан хөврүүлэхдээ айлд гардаг сангийн төлбөрийг хэд дахин нугалсан хэмжээний үнэ хэлжээ. “Хэд гэнэ ээ?” хэмээн Янжмааг уулга алдахад “Танайх чинь ААН шт” хэмээн хэлчихээд явж оджээ. Дэлгүүр л бол сангийнхан хүртэл ажиллаастай гэдэг энэ гэнэм.
Энэ мэтчилэн контортой хийх хэрүүл Янжмаагийн дэлгүүрээс тасраагүй. Сард татдаг мөнгөө нугалж бичсэн асуудлыг контор нь нэг бус удаа гаргаж. Явж очоод гомдлоо дуулгатал байцаагч нь мөнгөө идчихээд ажлаасаа гарсан байх жишээтэй. Даргатай нь уулзая гэхээр үүдэнд суух байцаагч авгай нар нь “Даргатай уулздаг чи хэн юмб” гээд тал талаас нь бүчин барьж идэх.
Энэ зуураа хөөрхий хүүхэн татварын байцаагчдад байнгын дарамтлуулаастай, бас торгуулаастай, Посын машин тавьсангүй гэж. Тэр хүмүүс зүгээр ч торгочихгүй, байж суух аргагүй болтол нь загнана, зандарна. Заримдаа Янжмаа “Би гэрийн үйлчлэгч нь юм байх даа” гэж бодоход ч хүрчээ. Уг нь тэр машиныг нь авчих санаа хөөрхий бүсгүйд байгаа. Даанч сачий нь хүрэхгүй. Олдог хэдэн зоос нь Посын машин худалдаад авчих хэмжээнд хуримтлагдаагүй л байгаа юмсанж. Барьцаагаар авч болно гэх ч барьцаа гэж бөөн хэдэн төгрөгийг банк нь нэхээд нам суучихна. Гэлээ ч торгуулахын хажуугаар хуримтлуулж чадсан жаахан орлогоороо Пос гээчийг нь барьцаалж авсан гэнэ, хожмын нэг өдөр. Санаа нь ч нэг юм амарылаа. Гэтэл…
Аваад хоёрхон сар болж байсан машиныг нь банкны ажилтан давхиж ирээд хураагаад арилжээ. Хураасан шалтгаан нь Янжмаагийн сарын орлого банкны хүссэн хэмжээнд хүрээгүй гэнэ. Үгүй ээ мөн олон давхар дарамт аа.
Ингэж явсаар Янжмаа хүүхэн дараа жилтэй золгов. Шинэ он гарсан хэдий ч шил шилээ дараах проблем нь нимгэрээгүйгээр барахгүй өнөөх зөвшөөрлийн асуудал дахин босч ирлээ. Зөвшөөрлөө сунгуулаагүй гэдэг шалтгаанаар хамаг орлогоороо торгуулаад ч амжив. Бүх зүйл эхнээсээ дахин хөвөрч эхэлсэн нь энэ. Зөвшөөрөл гэрчилгээ, шаардлага шалгуур, хяналт шалгалт, татвар хороо, хүнд суртал, ярдаг зан, муухай авир…
Бизнес хийнэ гэж жил тойрон давхисан ч Янжмаад хийсэн бизнес гэж байсангүй, олсон орлого ч гэж үлдсэнгүй. Эргээд харсан чинь өөрийгөө яаая гэж байж өрөөл бусдыг тэжээсээр л хуучин оныг үдсэн байх юм. Янжмаа хүүхэн аргагүй цөхөрчээ. Дэлгүүрээ хаахаар ч шийдэв.
Одоо Янжмаа хүүхэн Солонгост байгаа. Хүнээс зээлсэн мөнгөө, түрээсээс үлдсэн өрөө төлөх гээд хоёр ажил хийж байна. Өглөө айл нүүлгэж, орой нь аяга угаана.
Бичил бизнесийн Монгол орчны нийтлэг төрх нэг иймэрхүү. Жижиг, дунд нь ямар байдаг юм бол доо?