Шотландын Эдинбургийн Их сургуулийн эрдэмтэд үе мөчний үрэвсэл болон зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чанартай хоёр төрлийн уураг агуулсан өндөг гаргадаг тахиаг гаргаж авчээ. Эл тахианы өндгөнд хүний IFNalpha2a гэдэг мөн хүн гахай хоёрт л байдаг CSF нэртэй хоёр уураг агуулагддаг аж. IFNalpha2a уураг нь вирусын болон хорт хавдрын эсрэг үйлчлэх маш хүчтэй чанартай бол хоёр дахийг нь гэмтсэн эд эс өөрөө эдгэх явцыг дэмжих бэлдмэлд ашиглах гэж байгаа аж.
Урд нь эрдэмтэд ямаа, туулай, тахиа зэрэг амьтдын тусламжтайгаар хүний төрөл бүрийн уураг гаргаж байжээ. Харин энэ удаад амьтны гаралтай бүтээгдэхүүнд уургын агууламжийг хэд дахин өсгөж чадсан байна. Хүний бие организмд өвчин үүсэх нэг гол шалтгаан нь уургийн дутагдал байдаг. Үүнийг шаардлагатай бодисыг агуулсан эмээр хянах боломжтой. Ийм эм тун үйлдвэрлэгддэг ч тус тахианы өндөг 100 дахин хямд тусч байгаа аж.
Тусгай аргаар гаргасан тахианууд жирийн тахиануудыг бодвол өөр нөхцөлд үржүүлдэг бөгөөд мэргэжсэн хүмүүс тэднийг өдөр бүр хооллож ундлан арчилдаг гэнэ. Бүрэн төгс эм бэлдмэл гаргаж, дээрээс нь хүнд суртлын бэрхшээлийг давахад 10-20 жил шаардагдана гэж эрдэмтэд үзэж байна.