Энэ сарын 23-нд Венесуэлийн парламентын дарга Хуан Гуаидо Мадурогийн дэглэмийн эсрэг ард түмний жагсаалыг зохион байгуулж, өөрийгөө улсынхаа тэргүүнээр нэрлэсэн. Тэрбээр үүнийгээ Үндэсний хуулийн 233, 333 –р заалтад үндэслэн тайлбарлаж байна. 2015 оны сонгуулиар Венесуэлийн парламентын олонхийг Хуан Гуаидогийн тэргүүлдэг нам бүрдүүлсэн. Гэвч Мадуро 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг оролцуулаагүй бөгөөд өөрөө төрийн тэргүүний суудалдаа улиран сонгогдсон юм.
Тэрбээр 2017 оноос эхлэн парламентийн гаргасан шийдвэрийг үл тоож ирсэн нь ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах тухай уур амьсгал Венесуэльд улам батжин бэхжихэд хүргэжээ. Тиймээс ч Гуаидогийн намын зохион байгуулсан жагсаалд олон зуун мянган иргэн оролцож байна. Венесуэлийн парламентын дарга Хуан Гуаидо нь Венесуэл улсын хууль ёсны төрийн тэргүүн гэдгийг АНУ, Канад, Аргентин, Бразил, Гватемала, Колумб, Коста Рика, Парагвай, Перу, Чили, Эквадор зэрэг улсууд хүлээн зөвшөөрөөд байна.
Мадуро болохоор АНУ төрийн эргэлтийг зохион байгуулж байна гэж үзэж байгаа бөгөөд үүний эсрэг арга хэмжээ болгож Америк дахь Элчин сайдын яам болоод консулын газруудаа татах шийдвэрийг гаргажээ. Түүнийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн жилүүдэд олон нийтийн жагсаал цуглаан болох нь тогтсон уламжлал байлаа. Гэвч энэ удаагийнх хамрах хүрээгээрээ, хүрэх нөлөөгөөрөө хамгаас илүү байна.
Учир нь хэдэн зуун мянган иргэн уг жагсаалд оролцсон нь Мадурог хүнд байдалд оруулсан. Тийм ч учраас тэрбээр сөрөг хүчний удирдагчдыг баривчилж зүрхэлсэнгүй. Хоёрт, АНУ болоод бүс нутгийн цөөнгүй улс орнууд Гуаидог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн сонирхолтой нь, социалистууд төр барьж байгаа, ямагт Мадурог дэмжиж ирсэн Эквадор улс сөрөг хүчний удирдагчдыг дэмжиж байна.
Гэсэн хэдий ч Мадуро суудлаасаа буухгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Би төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн хүн. Би хүнд цаг үед ажлаасаа сайн дураараа буугаад явахгүй. Би тийм хүн биш” хэмээн мэдэгджээ.