“Foreign policy” сэтгүүл 2019 оны “Дэлхийн 100 сэтгэгч” жагсаалтынхаа “Сүүлийн 10 жилд дэлхийд асар их нөлөө үзүүлсэн 10 сэтгэгчийн” тоонд “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч, өдгөө 54 настай Жэк Маг багтаасан байна. Тэрбээр жагсаалтын энэ төрөлд багтсан Хятадын цорын ганц төлөөлөгч юм.
Өнгөрсөн 10 жилд хамгийн нөлөөтэй байсан 10 хүний жагсаалтад түүнээс гадна Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, CNN телевизийн сэтгүүлч Фарид Закария нар бичигджээ.
“Жэк Маг бүхэл бүтэн нийгмийг өөрчилсөн гэж хэлэх хүн цөөхөн ч тэрбээр онцгой анхаарал татах нэгэн. “Alibaba” компанийг үүсгэн байгуулснаараа тэрбээр алслагдмал бүс нутгуудын хэрэглэгчдэд хүрч чадсан төдийгүй Хятадын үйлчлүүлэгчдийн бүхэл бүтэн давхарга, үндэсний болон олон улсын зах зээлийг хооронд нь холбосны сацуу улсынхаа эдийн засгийн өсөлтөд түлхэц өгсөн нэг төрлийн “түлш” болсон” гэж “Foreign policy” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна. Үүнд “Жэк Ма үйлдвэрлэл болон ложистикт шинийг санаачлах замаар Хятадын бүхэл бүтэн үед цахимаар бизнес эрхлэх үүдийг нээж, эх орноо их гүрэн болоход тусалсан” гэжээ.
2019 онд тус сэтгүүл “Дэлхийн 100 сэтгэгч”-ийн 10 дахь жагсаалтаа гаргалаа. Уг жагсаалт “Сүүлийн 10 жилд дэлхийд асар их нөлөө үзүүлсэн сэтгэгчид”, мөн “Батлан хамгаалах, аюулгүй байдал”, “Эрчим хүч, уур амьсгал”, “Урлаг, соёл”, “Шинжлэх ухаан, эрүүл мэнд”-ийн салбарт өнгөрсөн онд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс, “40 хүртэлх насны сэтгэгчид” зэрэг 10 хэсгээс бүрдэв. Эндээс зөвхөн сүүлийн 10 жилд онцгойрсон 10 хүний жагсаалтыг нийтэлжээ.
Ташрамд дурдахад, “Alibaba group” нь цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компани юм. Жэк Ма тус компанийг 1999 онд байгуулсан. Түүний компани “Alipay” гэсэн төлбөрийн системтэй. “Alibaba”, “AliExpress”, “Tmall”, “Taobao”-гаас гадна үүлэн болон хиймэл оюун ухааны технологи боловсруулдаг “Alibaba cloud”, “AI labs” компанитай юм.