Казахстаны улс төрчид улсынхаа одоогийн нэрийг өөрчлөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж ирсэн. Тэдний үзэж байгаагаар улсаа Казахын Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэх хэрэгтэй бөгөөд ингэх нь казах ард түмний ирээдүйн тусгаар тогтносон байдал, бүрэн эрхэд сайнаар нөлөөлөх ажээ. Тиймээс парламентийн гишүүн Азат Перуашев Ерөнхий сайд Бакытжан Сагинтаевт хандан энэ асуудлыг тухацтай авч үзэхийг санал болгожээ.
Тэрбээр санал гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 2014 онд хэлсэн үгийг ишилсэн байна. Назарбаев тухайн жил хэлэхдээ “Төв Азийн бусад орны адил манай улсын нэр СТАН-аар төгсдөг. Гэтэл СТАН гэсэн төгсгөлгүй, дээр нь хоёрхон сая хүн амтай Монгол улс руу гадаадынхан илүү их анхаарал хандуулж байна” хэмээж байв.