ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээ хийх явцад Курилийн өмнөд арлуудтай холбоотой нөхөн төлбөр шаардах эрхээсээ харилцан татгалзахыг Япон Улс уриалахаар төлөвлөж байгаа тухай “Yomiuri shimbun” сонин мэдээлжээ. Эх сурвалжуудынх нь уламжилснаар тус хоёр улс хоорондоо Найрамдлын гэрээ байгуулахдаа зохих баримт бичигт гарын үсэг зурж магадгүй аж. Энэ нь дайнаас хойших асуудлаа эцэслэн зохицуулж, хоёр талын харилцаагаа бэхжүүлэхэд тус болно хэмээн таамаглаж байна. Харилцан төлбөр нэхэхээс татгалзах тухай заалт 1956 оны ЗХУ, Японы хамтарсан тунхагт ч орсон байдаг.
Өнөөг хүртэл Японы Засгийн газар умард нутгаа хэмээн нэрлэдэг Курилын өмнөд арлуудыг дайны дараа булаан эзлэгдсэн газар гэж үздэг учраас Москвагаас нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн байр суурь баримталдаг. Гэхдээ ингэж төлбөр шаардвал угаас амаргүй хэлэлцээний байдал улам хүндрэхийг Японы Засгийн газар дахь эх сурвалжууд тэмдэглэжээ. Тиймээс газар эзэмших эрхээ алдсан арлуудын хуучин оршин суугчдад төрийн сангаас нөхөн төлбөр өгөхийг Оросоос шаардахгүй байхаар Токио шийдэж буй аж. Өдгөө нөхөн төлбөр шаардах эрхтэй 6000 орчим хүн бий. Нөгөөтээгүүр, Курилын арлуудын талаар ямар нэг хариу шаардах зүйл Оросын талд байхгүй гэж япончууд үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд Сингапурт уулзахдаа 1956 оны аравдугаар сарын 19-ний Хамтарсан тунхгийг үндэслэн найрамдлын гэрээ байгуулах тухай тус хоёр орон хоорондын хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиролцсон. Уг баримт бичигт дайны байдлаа зогсоож, дипломат болон Консулын харилцаагаа сэргээхээр заасан аж. Тунхаг бичгийн есдүгээр зүйлд Найрамдлын гэрээ байгуулсны дараа Бага Курилын эзгүй арлуудыг Зөвлөлтийн Засгийн газар Японд шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байдаг. Ийм тохиролцоонд хүрснийг 1956 оны арванхоёрдугаар сарын 8-нд хоёр улсын парламент баталжээ. Харин 1960 онд Япон, Америкийн аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны хариуд ЗХУ арлуудыг шилжүүлэн өгөх үүргээ цуцалсан байна. Нутаг дэвсгэрээс нь гадаадын цэрэг бүрэн гарсан нөхцөлд л тэдгээр арлыг Японд шилжүүлэх тухай 1960 оны нэгдүгээр сарын 27-ны Зөвлөлтийн Засгийн газрын санамжид дурдсан байдаг.
Ш.Абэ энэ сарын хоёрдугаар хагаст ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Үүний өмнө ирэх долоо хоногийн эхээр Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Москвад айлчлах юм.