Польш улсын Освенц хотод Аушвиц-Биркенау хэмээх нацистын концлагерь байрлаж байсан суурин дээр польшууд муей байгуулсан байдаг. Уг музейг үзэж сонирхох гадныхны сонирхол жил ирэх тутам нэмэгдэж ирсэн бөгөөд 2018 онд бүх үеийн дээд амжилтыг тогтоожээ. The Local-ийн мэдээлснээр өнгөрсөн онд 2.15 сая жуулчин тэнд зочилсон нь өмнөх онд тогтоогдсон дээд амжилтыг 50 мянгаар шинэчилсэн үзүүлэлт болжээ. Жуулчдын 405 мянга нь польшууд байсан бол 281 мянган британи, 136 мянган америк, 116 мянган итали, 95 мянган испани, 76 мянган немц, 69 мянган франц, 65 мянган израильчууд Освенц хот дахь нацистийн нийтээр хорих газрын түүхэн музейг зорьсон байна. Тэгвэл музейн сайтад 2018 онд 27 сая хүн зочилсон нь мөн л дээд амжилт болжээ.
Аушвиц-Биркенау бол Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын байгуулсан хамгийн том концлагерь юм. 1940-1945 оны хооронд оршин тогтнохдоо тус лагерь 1.1 сая хүний аминд хүрсэн бөгөөд тэдгээрийн улсын олонхи нь еврей үндэстнүүд байв. Европ даяар мөшгөн хөөж, барьж саатуулсан еврейчүүдээ нацистууд Освенцэд бөөнөөр нь хорьж, тамлан зовоодог байсан. Түүнчлэн польш, цыган, орос хүмүүсийг тэнд төвлөрүүлэн хорьдог байжээ. Аушвиц-Биркенаугийн гашуун түүхийг өгүүлэх музей тэртээх 1947 онд байгуулагдсан бөгөөд концлагерийн үед ашиглагдаж байсан 150 байшин, 300 нурсан барилгыг тэр чигээр нь хадгалж үлдээжээ. ЮНЕСКО 1979 онд тус музейг Дэлхийн өвд бүртгэж авсан байна.