Пхеньян Вашингтонтой сайхан харилцаатай байхыг эрмэлзэж байгаа ч АНУ өгсөн амлалтаа биелүүлэхгүй бол бидний энэхүү бодлого өөрчлөгдөж магадгүй хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгдлээ. “Дэлхий дахинд хандаж өгсөн амлалтдаа хүрэхгүй, БНАСАУ руу чиглэсэн хориг арга хэмжээ болоод дарамт шахалтаа зогсоохгүй байх аваас эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах шинэ замыг эрэлхийлэхээс өөр зам бидэнд үлдэхгүй” хэмээн тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн шинэ оны мэндчилгээндээ дурдав.
Хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар тохиролцсон ёсоор цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ зогсоосон тул хориг арга хэмжээг зогсоох ёстой хэмээн БНАСАУ үзэж байгаа бол АНУ-ын тал Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй бүс болох хүртэл зарим хоригийг хэвээр байлгах ёстой гэсэн байр суурьтай байна.