Страсбург хотод Зул сарын баярын худалдааны үеэр гурван хүний амь хөнөөсөн эрэгтэй шоронд хоригдож байхдаа хэт давруу үзэлтэй болсон гэнэ. Францын эрх баригчид ийнхүү мэдээлжээ. Харамсалтай нь, гэмт этгээд Шериф Шекаттын тухай тус улсын эрх баригчид мэддэг байсан ч халдлага үйлдэхээс сэргийлж чадаагүй баримт бусад улсад ч байдгийг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн доктор Лоренцо Видино тэмдэглэсэн байна.
Баруун Европ, Хойд Америкт сүүлийн үед болсон 76 халдлагыг тус их сургуулийн судлаачид судлахад гэмт этгээдүүдийн талаас илүү хувь нь тусгай албаныханд бүртгэлтэй байсныг тогтоожээ. Зөвхөн Францын жишээг эш татахад л хангалттай. Террор үйлдсэнийхээ дараахан цагдаагийн ажилтан эмэгтэйг, бас супермаркетад дөрвөн хүн буудан хороосон Амеди Кулибалийг ч тус улсын тусгай албаныхан мэддэг байв.
2015 оны арваннэгдүгээр сард Парисын “Батаклан” театрт халдаж, 90 хүний аминд хүрсэн гурван этгээд, мөн онд Францад халдлага үйлдсэн найман хүн тусгай албанд бүртгэлтэй байсан аж. Вестминстер болон Лондоны гүүрэн дээр халдлага үйлдсэн хүмүүсийн заримыг Британийн эрх баригчид мэддэг байжээ. Эдгээр халдлагын улмаас 13 хүн амь эрсдэж, олон хүн шархадсан.
Босогчдын халдлагад өртсөн Өрнөдийн бусад улс, тухайлбал, Герман, Скандинавын орнууд, АНУ-д ч ийм түүх давтагджээ.
ТАКТИКИЙН ТООЦОО
Гэмт этгээдүүдийг эрх баригчид нь мэдэж байсан тухай мэдээлэл анхаарал татаж байна. Тусгай албаныхан яагаад цаг тухайд нь таслан зогсоосонгүй вэ? Үнэн хэрэгтээ халдлагын дараа авсан арга хэмжээний тухай зарим тайланд тооцоо болон тактикийн алдаа гарсан байжээ. Тодруулбал, “Манчестер арена” спорт цогцолборт өнгөрсөн онд үйлдсэн террорист ажиллагааны тухай тайланд дурдсанаар, “МИ-5” албаныхан Салман Абедийг ажиглах боломжоо ашиглаагүй аж. Амиа золиослогчийн уг халдлагын улмаас 22 хүн амиа алдсан юм.
Өрнөдийн тагнуулчид, хууль сахиулагчдын эрх хязгаарлагдмал учраас хэдийгээр бүртгэсэн ч хэт давруу үзэлтнүүдийг нийгмээс тусгаарладаггүй төдийгүй тэдэнд халдлага үйлдэх боломж олгочихдог аж. Зарим улсад шалтгаан нь өөр байж болох ч зартай босогчдод эрх баригчид нь арга хэмжээ авч болдоггүй, өөр хоорондоо холбоотой хоёр хүчин зүйл бий.
Юуны түрүүнд, Өрнөдийн ардчилсан орнуудын хуульд үзэл бодлоос нь болж хүн баривчлахыг зөвшөөрдөггүй. Олонхын хүлээн зөвшөөрдөггүй хэт үзэл бодол баримтлах эрхээ тэдгээр улсын иргэд эдэлдэг. Дарангуйлагч дэглэмтэй орнуудаас ялгаатай нь тийм үзэл бодлоо илэрхийлэхийг ардчилсан нийгэмд хууль зөрчсөнд тооцдоггүй аж.
Гэхдээ үзэн ядалтыг өдөөсөн, гэмт хэрэгтнүүдийн хүрээлэл рүү, эсвэл үзэн ядахад уруу татсан хэмээн зарим тохиолдолд хэт үзэлтнүүдэд ял шийтгэсэн байдаг. Жишээлбэл, Британид хэт давруу үзэлт номлогч Анжем Чандрид “Исламын улс”-ыг дэмжихийг уриалсны учир хорих ял оноожээ.
Хэт үзэлтэй хүнийг илрүүллээ гэхэд эрх баригчид юу хийж чадах вэ? Хяналтдаа авч, мөрдөн шалгах эрхтэй болсон ч тусгай албаныхан хүн хүч хүрэлцэхгүй гэсэн өөр асуудалтай тулгардаг. Үүний тод жишээ нь Францын хууль сахиулах байгууллага юм. Францын хэт давруу үзэлтэй хүмүүсийн “Fiche S” жагсаалтад одоо 20 мянга орчим нэр бий. Уг жагсаалтад Шериф Шекатт байжээ. Түүнийг Страсбургийн гудамжинд эсэргүүцэл үзүүлсний учир цагдаагийнхан буудан хорооход хүрсэн билээ.
Жагсаалтад орсон хүн бүрийг мөшгөхөд мэдээж хүч хүрэлцэхгүй. Нэг объектыг 24 цагийн турш идэвхтэй мөшгөхөд 25 мэргэжилтэн шаардагдана. Жагсаалтад бичигдсэн 20 мянган хүнийг долоо хоногийн турш мөшгөнө гэвэл хагас сая тагнуулч хэрэгтэй болох аж.
Британийн сөрөг тагнуулын “Ми-5” албаны нотолсноор, сэжиг бүхий 3000 хүнийг тагнах 500 ажиллагааг одоо явуулж буй гэнэ. 2009 оноос хойш тус албаны овоо хараанд 20 мянга орчим сэжигтэн орсон ч тэднийг цаашид аюул учруулахгүй гэж тооцжээ. Тэднийг хүчирхийлэл үйлдэх магадлалаар нь хуваасны дараа байгаа нөөцөө ашиглан мөшгөх ажлаа явуулдаг гэнэ. Ингэж ажиллах нь олонх тохиолдолд оносон байдаг ч тусгай албадынхны алдаа халдлага үйлдэхэд хүргэж мэдэх аж.
УРЬДЧИЛАН МЭДЭХ АРГАГҮЙ
Өрнөдийн орнуудын эрх баригчдыг хилийн чанадаас ирэгчид байнга түгшээдэг. Тэд хэт давруу үзэлтэй болсон ч гэмт хэрэг үйлдээгүй байдаг. Сэжигтэй хүмүүсийн тоо өссөөр байгаа нь сүүлийн үед тулгамдсан асуудал болжээ. Ярьж байснаа гэнэт ажил хэрэг болгох нь л хамгийн хүнд тусдаг аж.
Террорист халдлагыг ихэвчлэн бүдүүлэг арга, хэрэгслээр үйлдэх нь элбэг болжээ. Жишээ нь, хутга барин хүмүүст халдах, эсвэл ачааны машинаар явган зорчигчдыг дайрах гэх мэт. Үүнийг төлөвлөх, бэлтгэхэд хүндрэлтэй биш. Иймээс халдлага үйлдэх этгээдийг урьдаас илрүүлэх төвөгтэй болжээ.
УЛААН ШУГАМ
Улс орнууд энэ сорилтод өөр өөрийнхөөрөө хариулахыг оролдож буй. Тухайлбал, Италид харьяат нь биш, зартай босогчийг улсаасаа хөөдөг. Өнгөрсөн гурван жилд тийм үндэслэлээр 350 орчим хүнийг хөөжээ. Европт үйлдсэн халдлагын олонхыг тус тивийн орнуудын иргэд үйлдсэн байдаг учраас уг арга асуудлыг шийдэхгүй.
Британи улс зартай босогчдын шилжилт хөдөлгөөн, харилцаа холбоог хязгаарлахын тулд Урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах тухай хуулиа мөрддөг. Бусад улсын прокурорууд хэт давруу үзэлтнүүдийг терроризмтой холбоотой бус, тухайлбал, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар галт зэвсэг хадгалсан зэрэг хэргээр баривчлахыг илүүд үздэг. Энэ нь асуудлыг зарим талаар л шийдсэн болдог.
Эцэст нь, ардчилсан аргаар терроризмтой тэмцэх боломж хязгаарлагдмал. Хэн болохыг нь мэдэх этгээд халдлага үйлдсэн тохиолдолд хэт давруу үзэлтнүүдийг бүгдийг нь хорихыг шаардсан уриалга газар авдаг. Гэвч сэжигтэй этгээдийг мөрдөн шалгах боломж нь ардчилал давж болдоггүй улаан шугаман дор байдаг аж.