Аливаа орны мөнгөн дэвсгэрт нь тухайн улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нүүр царай болдгоос гадна түүх, соёлын чухал өвд тооцогддог. Тиймээс загвар, нууцлал, утга бэлгэдлээс эхлээд мөнгөн тэмдэгт дээр бичигдэх үг, үсэг, цэг, зураас болгоныг Төвбанк нь сайтар анхаарах ёстой гэдэг юм билээ.
Тэр тусмаа монголчууд шиг Хүннү, Түрэг, Уйгурын үеэс зоосон мөнгө цутган, арилжаа наймаанд хэрэглэж, 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгө хэвлүүлж гүйлгээнд ашиглаж асан эртний бахдам түүхтэй улсын хувьд энэ тал дээр бүр ч хянуур баймаар. Гэтэл 1993 онд шинэчилсэн Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгт буюу өнөөгийн бидний хэрэглэж буй 11 төрлийн нэгж бүхий дэвсгэртүүд загвар, зураг, утга бэлгэдлийн хувьд тус бүртээ алдаа мадагтай явсаар буйг нэгэн судлаач хэлсэн нь эрхгүй анхаарал татав.
Тухайлбал, Монголбанкныхан гадаадад (манай улс Англи, Герман, Францад төгрөгөө хэвлүүлдэг) мөнгөн дэвсгэртээ хийлгэхдээ анхаарал болгоомжгүй хандсаны улмаас зарим жижиг дэвсгэрт дээрх Д.Сүхбаатар жанжныхаа малгайн жинсийг “аваад хаячихсан” тохиолдол хүртэл хоёронтоо гарсан байх юм.
“Мөнгөний загвар, нууцлалыг УИХ-ын тогтоолоор баталдаг учраас хэн нэгэн санаатайгаар Д.Сүхбаатар жанжны малгайны жинсийг авч хаяна гэж байхгүй. Жижиг дэвсгэртүүдийг хэвлэхдээ нэг хавтгайд 60 ширхгийг багтаадаг тул шахцалдаад, олон өнгө будаг нь холилдохоороо зарим дүрс сарниж, арчигдах тохиолдол гардаг. Тухай бүрт нь засаад хэвлүүлж байсан” хэмээн албаны эх сурвалж тайлбарлав.
Дэлхийн бараг бүх улсын мөнгөн тэмдэгтийг хэвлэдэг олон жилийн туршлагатай Европын компаниуд монгол төгрөгийг хэвлэхээсээ өмнө бэлтгэсэн дардсаа манайх руу явуулдаг аж. Монголбанкныхан энэхүү дардастай танилцахдаа үндсэн эх загвартайгаа яг адилхан байна уу, ямар нэг алдаа мадаг гарсан байх вий гэдгийг сайтар хянаад, ерөнхийлөгч нь гарын үсэг зурснаар баталгааждаг юм байна.
Өөрөөр хэлбэл, монгол мөнгөн тэмдэгт хумсын төдий алдаатай хэвлэгдсэн байсан ч Төвбанкныхантай хариуцлага ярих ёстой гэсэн үг. Гэвч монголчууд бид сүсэг бишрэлтэй, аливаа зүйлийн бэлгэдэл, агуулгыг ихээхэн чухалчилдаг хэрнээ үндэсний мөнгөн тэмдэгтээ ямархуу зураг, хийц загвартайг төдий л анзаардаггүй учраас алдаатай хэвлэснийг нь ч мэдэхгүй явсныг судлаачидтай уулзахдаа улам бүр мэдрэв.
ЭЭМЭГ Ч БИШ, ГЭЗЭГ Ч БИШ БОЛОВ
Та яг одоо түрийвчин дэх 500, 1000, 5000, 10 000, 20 000-тын дэвсгэртийн аль нэгийг гаргаж ирээд хараарай. Эзэн Чингис хааны баруун чихний доор ээмэг ч гэхэд хэцүү, гэзэг ч гэхэд итгэмгүй дугуй цагариг байгаа биз. Ямар ч кино, зураг, түүхэн баримтуудаас харахад Чингис хааны гөрж дарсан хөхөл гэзэг хоёр тал руу нь ялимгүй унжсан байдаг шүү дээ.
1993 онд Монголбанкны ерөнхийлөгч Д.Моломжамцын үед үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг бүтээхэд 500, 1000, 5000, 10 000, 20 000-тын дэвсгэртийн загварыг энэ жишгээр гаргасан боловч яваандаа гэзэг ч биш, ээмэг ч биш ойлгомжгүй юм болжээ. “Дэлхийн талыг эзэлж, Их Монгол Улс байгуулсан Чингис хааны малгай дээрээ заавал оройвчтой байх ёстой. Гэтэл монголчууд үндэсний шинэ мөнгөн тэмдэгт дээрээ эзэн хааныгаа жирийн харц, малчин шиг малгайтай дүрсэлсэн нь учир дутагдалтай.
Сайтар ажвал Чингис хааны нүд ч сөлөр зурагдсан байна гэж цөөнгүй судлаач шүүмжилдэг” хэмээн Улс төр, менежментийн академийн ерөнхий захирал Д.Уламбаяр ярьсныг энд мөн дуулгах нь зүйтэй. Монголчуудын бахархал, бэлгэдэл, үнэт зүйлийн оройн дээд гэгддэг Чингис хааныхаа хөргийг үндэсний мөнгөн тэм-
дэгт дээрээ иймэрхүү алдаатай хэвлээд буйгаа засахгүй өдий хүрснийг нь Монголбанкныхнаас тодруулахад “Үндсэн зургийг нь жижигрүүлж хэвлэхэд Чингис хааны үс нь ээмэг шиг болчихсон юм билээ. Манайх мөнгөн тэмдэгтийн нууцлал, хэвлэлт, шинэчлэлийн асуудалд л хяналт тавьдаг. Загварыг дур мэдэн өөрчлөх эрх бидэнд үгүй.
Мөнгөн тэмдэгтийн загварыг шинэчлэхэд хүрвэл дээр, дооргүй маш их зардал чирэгдэл болно” гэв. Д.Сүхбаатар жанжныхаа малгайн жинсийг авч хаяж “факталчихаад” даруйхан өөр зуураа засаж болсон юм чинь Чингис хааныхаа баруун чихэн доор байгаа үл мэдэгдэх зүйлийг юу гэдгийг тодорхой болгоход заавал УИХ-ын тогтоол хэрэгтэй гэж үү.
ҮНЭЭ ЮҮ, АДУУНЫ БӨГС ҮҮ
“Мөнгөн тэмдэгтийн зураг, загвар хүний далд ухамсарт шууд нөлөөлж байдаг. Учир нь хүн өдөр болгон түүнийг гараараа барьж, нүдээрээ харж, нэг ёсондоо гоо зүйн боловсрол авдаг гэж ойлгож болно. Гэхдээ хэн ч энэ тухай айхтар ухаж боддоггүй, анзаардаггүй” хэмээн ОХУ-ын үнэт цаас үйлдвэрлэгч “Гознак” компанийн ерөнхий захирлын туслах, Хэвлэлийн газрын даргаар нь ажилладаг Н.М.Никифорова өнгөрсөн жил Монголд ирэхдээ хэлсэн удаатай.
“1916-1983 онд хэвлэсэн Орос болон Монголын мөнгөн дэвсгэртүүд, өрийн бичгүүд” нэртэй номын зохиогч тэрбээр манай мөнгөн тэмдэгтийг олон жил судалж байгаа бөгөөд Монголбанкны урилгаар ноднин ирсэн юм. Н.М.Никифорова хатагтайн хэлсэн үнэн бол манай мөнгөн тэмдэгтийн загвар, утга бэлгэдэл монголчуудын далд ухамсарт ямар нөлөө үзүүлдэг бол гэж эргэлзэхэд хүрэв.
Ялангуяа 10, 20, 50, 100-тын жижиг дэвсгэртүүдийг та бүхэн нэг хараарай. Тэдгээрийн ар дээр Отгонтэнгэр хайрхны наана хоёр адуу бүхий зураг байгаа. Хоёр адууг нь “Чингисийн эр хоёр загал юм биз” гээд гөрдөж ойлгоё гэхнээ цаана нь бас нэг үнээ ч юм уу, адууны бөгс байгаа биз.
“Ямар “тархи нь хамуурсан” зураач гэхээрээ халуун хошуут мал сүрэг минь хэмээн бэлгэшээн ярьдаг монгол түмний төгрөг дээр цааш харсан малын бөгс зурчихдаг байна аа” гэж эгдүүцсэн цөөнгүй түүхч, судлаач Монголбанкинд өргөдөл, гомдол мэдүүлж байжээ. Үе үеийн эрх мэдэлтнүүд нь энэ тухай мэдэж байсан ч бас л нөгөө “УИХ-ын тогтоол гаргах гэж бөөн явдал чирэгдэл болно” гэдэг хойрго хандлагаасаа болоод өнөө хүрсэн байх юм.
Учир мэдэх хүнээс сонсох нь ээ, 1993 онд эдгээр жижиг дэвсгэртийн загвар зургийг гаргахдаа хэн нэгний авсан Отгонтэнгэр хайрхны гэрэл зургийг шууд хуулбарлан зуржээ. Этүгэн эх буюу Монгол нутагт анх эх газар үүсэхэд анхдагч нь болсон гэгддэг учраас цаст Очирваанийг зурж бололгүй яах вэ. Гэхдээ ядаж л тэр нэг малын бөгсийг хасчих ухаан зураачид ч, загварыг баталсан тухайн үеийн Төвбанкны ерөнхийлөгчид, эрхэм түшээдэд хүртэл ороогүй юм байх даа.
Хамгийн гол нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд үүнийг өөрчлөх сэтгэл, зүтгэл гаргахгүй явж ирсэн тэднийг юугаа хянаж суудагт өөрийн эрхгүй эргэлзэж байна. Тэртээ тэргүй нууцлалтай холбоотойгоор бага сага өөрчлөлт хийж л байдаг шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч нар улсынхаа мөнгөн тэмдэгт дээр гарын үсгээ мутарлах эрхтэй гэдгээ л зөвхөн мэддэг юм биш байгаа.
МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАРЫГ САЙЖРУУЛАХАД БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЧУХАЛ
“Монголчуудын хээ угалз бол үнэхээр том соёл. Тэр дундаа Монголын соёмбо тэмдэг бол маш их учир утгатай, агуу бэлгэдэлтэй юм билээ. Дэлхий дээр тийм сүлдтэй улс орон нэг ч үгүй. Үүнийг загвартаа оруулснаараа монгол төгрөг их онцлогтой” хэмээн Н.М.Никифорова хатагтай ярьсан нь бий. Гэтэл манай мөнгөн тэмдэгтүүд дээрх соёмбоны галын дөл яргуй цэцэг шиг хэлбэртэй болчихоод буйг адаглаад Төвбанк анхаарч, засуулах ёстой баймаар.
Н.Золжаргал ерөнхийлөгчийн үед жижиг мөнгөн дэвсгэртүүдийн загварыг шинэчлэх, сайжруулах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад амжаагүй сураг дуулдав. Харин энэ удаа Монголбанкны түүхт 95 жилийн ойгоор (ирэх жилийн зургадугаар сард болно) ерөнхийлөгчөөр нь ажиллаж таарч буй Н.Баяртсайхан мөнгөн тэмдэгтийн загварыг шинэчилж, сайжруулах түүхэн ажлыг хийж чадах болов уу.
Энэ тухай тайлбар авахаар Монголбанкны Мөнгөний бодлогын газар, хэлтсийнхэнтэй чамгүй удаан хөөцөлдсөний эцэст хэвлэлийн ажилтан нь “УИХ-ын тогтоолоор нэгэнт баталсан зургийг бид өөрчилнө гэвэл маш их цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай болно. Ер нь улс орны мөнгөн тэмдэгтүүд мэр сэр алдаатай байдаг. Түүнийг нь цуглуулдаг хүмүүс ч бий. Заавал яагаад одоо энэ асуудлыг хөндөх гээд байгаа юм бэ. Ингэх нь хэнд хэрэгтэй гэж” хэмээв. Албаны хүний байр суурь ийм байгааг бодоход мөддөө найдалтгүй бололтой.
Уг нь энэ салбарт олон жил ажилласан учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар бол Монголбанкныхан жаахан идэвх санаачилгатай байж, үндэсний мөнгөн тэмдэгтийн загварыг шинэчилж, сайжруулах санал асуулгыг олон нийтийн дунд явуулаад, ард түмэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын Байнгын хороогоор оруулан, тогтоолын төсөл өргөн мэдүүлж болох юм билээ. Тэгээд зах зээл дээрх мөнгөн тэмдэгтийг заавал бүгдийг нь татан төвлөрүүлнэ гэхгүй, нөхөн хангалтаар хэвлэж буй дэвсгэртүүдээсээ эхлээд загвараа шинэчилж болох гэнэ. Зүтгүүлэхээ хүрвэл хуулийг хүртэл хоёр сарын дотор баталчихдаг парламентад энэ нь боломжгүй зүйл биш л байлтай.
Эзэнт гүрний төрийн гэрэгэг монгол төгрөгтөө дүрсэлсэн нь зөв боловч дээр нь заавал “Монгол банк” гэж бичих шаардлагагүй, харин тухайн үед юу гэж бичдэг байсныг нь буулгавал илүү зохимжтой гэсэн санал байна.
Энэ зургийн зохиомжийн тухайд хүлэг баатрууд болон морьд нь монгол биш, мөн хааны гэр тэрэг нүүдэллэж байхад үүд нь онгорхой, цаана харагдаж буй гэрүүд ундуй сундуй байгаа нь ямар ч авцалдаагүй, бэлгэдэлгүй гэж судлаачид шүүмжилдэг.