“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.
Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.
Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.
Ингэхэд бид ямар мөрөөдөл, зорилготой улс юм бол, ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойших 30-аад жилийн хугацаанд монголчууд яг юу хийж бүтээв? Өөр өөр салбарт ажилладаг залуус өнөөдөр юу мөрөөдөж, түүнийхээ төлөө хэрхэн хөдөлмөрлөж байгаа талаар 11 дэх цувралаараа хөндөж байна.
“Хэрүүл маргаантай ч гэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, дэлхийд данстай том ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаас өөрөөр гайхуулаад байх юм 1990 оноос хойших монголчуудын түүхэнд үгүй” хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми шулуухан хэлсэн.
Нээрэн л манайхныг V цахилгаан станц барина гэх үлгэрээ 10 гаруй жилийн турш өчнөөн Засгийн газар “уламжлан”, дамнуулан ярьж байх зуурт дэлхий дахин нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжсэн бодлого, хөрөнгө оруулалт руу хошуурах болов. Биднийг Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын царигийн маргаанаа ч эцэслэж амжихгүй Зэлтэрийн гацаанд таг суусаар байтал техник технологийн шинэ дэвшил, ололтууд дэргэдүүр сүнгэнэсээр Хятад, Японд өдгөө “нисдэг” галт тэрэг үйлдвэрлэх туршилт амжилттай хийгдэж байна. Орос ах нарын урд хөрш рүү татах байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах нь зөв, буруу хэмээн хэрээ мэдэхгүй тогоондоо цэцэрхэж суутал аль хэдийнэ манайхыг тойруулаад тавьчихсан.
Өндөр хөгжилтэй орнуудтай барьцалгүй, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гээд өөрсдөдөө ойр, энгийн жишээ татъя л даа. Улсынхаа нийслэлд IV амаржих газраа барих гэж сүүлийн 20-иод жил барилдахаасаа таахалзаж байгаа улс шүү дээ, монголчууд. Өнгөрсөн бүхий л хугацаанд улс орны эдийн засаг элгээрээ эвхэрчихсэн байсан гэвэл худлаа. Эдийн засаг 17.3 хувь хүртэл огцом өссөн 2011-2012 онд ч IV амаржих газартай болох эгэл ардын энэ мөрөөдөл биелээгүй.
Өөрөөр хэлбэл, хүнээ боддоггүй, улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавьдаггүй төр, засгийн түшээдтэй Монгол шиг улсад “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэсэн Үндсэн хуулийн заалт ч өөрөө хүршгүй холын мөрөөдөл аж. Метротой болно, таван сая жуулчин хүлээж авна, нефть боловсруулах үйлдвэр байгуулна, гэр хорооллыг дахин төлөвлөж утааг ор мөргүй арилгана...
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй учраас монгол түмэн улсаараа, намаараа, аймаг, дүүргээрээ, айл саахалтаараа ямар ч хамаагүй элдэв мөрөөдөлд умбасаар 30-аад жилийг үдэв. Өнөөгийн Монголд мөрөөдөл ургах нь ч, унтрах нь ч, өнөөхөө умартах нь ч алга урвуулахын дайтай амархан байгаагийн шалтгаан юу юм бол. Учир нь социалист нийгэм шиг нийтээрээ зорих нэгдмэл мөрөөдөл тэмүүлэл, итгэл үнэмшил үгүй тул тэр үед “алгасаад явчихна” хэмээн бат итгэж байсан капитализмдаа одоо бид хөлөө олж амьдрах гэж тэмтчиж байна.
Мөрөөдөх нэг хэрэг. Харин мөрөөдлийнхөө төлөө юу хийсэн, яаж тэмцсэн бэ гэдэг л асуудлын гол нь байж таарна. Тиймээс Монголын ардчилсан нийгэмтэй нас ойролцоо хоёр залуу мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж буй тухай доор өгүүлье.
Дэлгүүрийн лангуун дээр давс, талхнаас өөр бараагүй, өлөн зэлмүүн цагт хүүхэд нас нь өнгөрсөн ч тэр л бүүдгэр өдрүүдэд тэдний оюун тархинд бүрэлдсэн мөрөөдлийн үр амьдралынх нь замыг чиглүүлэн урагшлуулсаар өнөө хүрчээ. Юуны өмнө тэд бүгд гэр-улсаа сайн сайхан авч яваа өрхийн тэргүүн гэдгийг онцолъё. Энэ ч бас мөрөөдлийнх нь салшгүй нэг хэсэг.
ИНЖЕНЕРИЙН ДАРААГИЙН “ЗОГСООЛ”
Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж, өссөн Д.Мөнхзул 2008 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Багад нь сумын төвд байсхийгээд л цахилгаан тасарч, хот суурин газрын хийгээд хорвоо ертөнцийн сонин сайхантай агаарын цэнхэр дэлгэцээр дамжуулан танилцах боломжийг нь бишгүй хязгаарладаг байсан тул хүү энэ мэргэжлийг эзэмших нууцхан хүсэлтэй болжээ.
Мөрөөдөлдөө хүрэхэд нь Монголын өнөөгийн залууст нийтлэг тохиолддог бэрхшээл түүнийг ч бас тойроогүй, дайрчээ. Мэргэжлээрээ ажиллах боломж, гарц эрэлхийлэн жил гаруй болсны эцэст тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “МСS интернейшнл”-ийн “Ухаахудаг” салбарт цахилгааны инженерээр ажилд оров. Монголыг тэтгэх “гурван саалийн үнээ”-ний нэг гэгдэх Тавантолгойн ордын эргэн тойрон дахь бүтээн байгуулалтад найм дахь жилдээ гар бие оролцож буй Д.Мөнхзул одоо мөрөөдлийнхөө 60 орчим хувийг биелүүлээд байгаа гэнэ.
Ажилд орсныхоо дараахан говь руу томилолтоор явах болгондоо түрээсийн байранд торойгоод үлдэх найз охиноо хараад “Би хотод нэг, Өмнөговьд бас нэг байртай болно доо” гэж дотроо битүүхэн мөрөөддөг байж. Орон сууцтай болох нь монгол залуусын хувьд амьдралынх нь яалт ч үгүй нэгэн чухал мөрөөдөл байсаар өдий хүрсэн. “Залуу хүний мөрөөдөл орон сууцаар хязгаарлагдах учиргүй” хэмээн зарим нь том дуугардаг ч үнэндээ бодит амьдрал ийм л байгаа.
Амны билгээс ашдын билэг үүддэг гэдэгчлэн Д.Мөнхзулынх гэдэг айл өдгөө Өмнөговьд нэг байртай, Улаанбаатарт орон сууцтай, бас гурван хөөрхөн охинтой болсон. Аавын оронд аав болж, дөрвөн дүүгийнхээ гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх давхар үүрэг хүлээсэн тэрбээр ямар ч үед мөрөөдлөө орхилгүй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж чадсан учраас хувь заяа түүнийг шагнасан гэлтэй.
“Би ажилдаа маш их дуртай. Манайх цалин, хангамж гайгүй сайн өгдөг. Гэхдээ үүнээс чухал зүйл нь манай хамт олны уур амьсгал, хүнээ боддог, ажилтнуудынхаа эрх ашгийг тэргүүнд тавьдаг байгууллагын маань соёл. Хүн хичээснийхээ хэрээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг ийм нөхцөлд ажиллахаар “Яавал би байгууллагадаа илүү их хувь нэмэр оруулах вэ” гэж боддог юм билээ.
Миний хувьд одоо хэлний мэдлэгээ илүү сайжруулж, эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллахыг хүсдэг” хэмээх түүний ярианаас нэг зүйл эрхгүй анзаарагдана. “Миний хамт олон, манай байгууллага шүү дээ. Яаж би ажлаа илүү сайн хийх вэ” гэсэн сэтгэхүй өнөөгийн залууст хамгийн их дутагддаг гэж шүүмжлүүлдэг. Тогтвор суурьшилтай ажиллах ийм сэтгэхүйг ажилтнууддаа төлөвшүүлэхэд байгууллагын соёл гэдэг зүйл гол нөлөө үзүүлдэг байх нь.
“Монголд ажлын байр байсаар атал манай залуус цалин голоод гадагшаа дүрвэсээр байна” хэмээн буруутгахаас өмнө төр, засаг иргэддээ урагшлах урам зориг, дэмнэх итгэл найдвар, тэмүүлэх зорилго, мөрөөдөл бий болгож өгөх нь мөнгөнөөс илүү чухал аж.
МОНГОЛ КОНТЕНТЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ МӨРӨӨДӨГЧИЙН ХҮСЭЛ БИЕЛЖ ЭХЛЭВ
Монгол гэсэн идеалыг олон улсын зах зээлд гаргах зорилготой “Номадик комик” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр хүүхэд байхаасаа л хүүхэлдэйн кино хийдэг хүн болохыг хүсдэг байжээ. Тэрбээр Орхон аймгийн 14 дүгээр сургуулийг төгсөөд, энэ чиглэлээрээ сурах гэсэн боловч Монголд ийм төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байхгүй, төгссөн ч ажлын байр хомс тул багын мөрөөдлөө орхих, эсвэл гадаадад суралцах гэсэн хоёр сонголттой тулгарчээ.
Гадаадад явах боломж түүнд байгаагүй учраас Дизайн урлагийн дээд сургуульд сурангаа комик зургаа бие даан судалж эхэлсэн гэдэг. Өдгөө хүүхдийн ном, сурах бичгийн зураг, цуврал комик гэх мэтчилэн 100 гаруй ном “эх барьж” авсан тэрбээр Японы компанитай хамтран хүүхэлдэйн кино хийж буйгаас гадна Азийн 11 улсын зах зээлд бүтээлээ гаргахаар болсон билээ.
Бумбардай, Бонго гээд монгол хүүхдүүдийн хайртай баатруудыг төрүүлсэн зураач Н.Эрдэнэбаяр “Хувь хүнд ч, улс оронд ч өөрийн гэсэн мөрөөдөл, зорилго байх ёстой. Хаана хүрэхээ тодорхойлж байж утга учиртай амьдарч, үр дүнтэй ажиллана. Улс орнуудын хувьд тэрхүү мөрөөдөл, зорилго нь уламжлал дээрээ суурилсан шинэчлэл байдаг. Монголыг хүүхэд, залуусын орон гэдэг ч тэдэнд зориулсан үндэсний контент тун ховор учраас үүнийг хөгжүүлэхийн тулд өөр өөрсдийнхөө чаддаг юмыг маш сайн хийхийг бид дор бүртээ зорьдог. Тиймээс сүүлийн 10-аад жил агуулгадаа их анхаарсан.
Одоо дүрийн маркетинг, зах зээлийн судалгаандаа илүү төвлөрч байна. Манайд энэ төрлийн орчин нөхцөл, соёл төдийлөн нэвтрээгүй учраас эхэндээ хүмүүс тийм ч нааштай хүлээж авдаггүй байсан. Тэгээд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байсан бол сүүлийн үед дотоодын зарим аж ахуйн нэгж бидэнд хандах болсонд их баярладаг” хэмээн ярилаа.
Орчин цагийн монголчууддаа төдийгүй дэлхий дахинд нүүдэлчдийн соёл, зан заншил, ахуй амьдралын онцлогийг харуулах том мөрөөдлөө эхнээс нь амжилттай биелүүлж яваа тэд “Бумбардай”-н зургаа дахь цувралаа тун удахгүй уншигчдын гар дээр тавих гэж буй. Гадаадын хүүхдийн кино, нэвтрүүлгийн дүрүүдэд “дарлуулсан” Монголын зах зээлд “Бумбардай”-н дүр төрх бүхий хивс, хөнжил, даавуу өнгө нэмж эхэлсэн бол ирэх намраас тараг үйлдвэрлэж, мөн худалдаанд гарахаар болжээ.
Цөөн хүн амтай манайх шиг оронд энэ мэтээр авьяаслаг залуусынхаа оюуны чадамжид тулгуурлан, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх нь их чухал гэдгийг сүүлийн үед бүгд ярьдаг болсон доо.
Эцэст нь, “Визгүй зорчдог улсуудын тоог нэмэх бус, бүтээгдэхүүнээ татваргүй экспортолдог орны тоог нэмэгдүүлэхэд Монголын төр, засаг анхаарах ёстой. Тэгж байж бүх зүйл сууриараа өөрчлөгдөнө” хэмээн “Хера холдинг” группийн ерөнхийлөгч Х.Ганхуяг сануулсныг энд эшилье. Иргэн бүр нь хүссэн ажлаа хийж, эх орондоо мөрөөдлөө биелүүлэхэд төрийн бодлого чиглэж, анхаарахгүй, харин ч “Ийм ийм орнууд руу визгүй зорчих эрхтэй болсон шүү” хэмээн алдарсан итгэлийг нь улам хөсөрдүүлж, Монголоос үргээх далим өгөөд байхаар яах вэ. Тэгэхээр хэн энд үлдэж, монгол мөрөөдлийн эрэлд гарч, түүнийг биелүүлэхийн төлөө зүтгэх юм. Дэлхийн хэмжээнд мөрөөдөхөд мөнгө, бас менежмент, төр, засгийн бодлого, төлөвлөгөө ч чухал.