Монгол Улсын хүн амын эрэгтэй, эмэгтэй хүйсийн тоо хол зөрүүгүй. 2023 оны байдлаар манай улсад 3.5 сая иргэн бүртгэлтэй байна. Тэдний 1 718 275 нь эрэгтэй, 1 786 466 нь эмэгтэй гэж статистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Харин нас ахих тусам буюу 40 наснаас эхлэн эрэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж буйг статистикаас харж болно. Өөрөөр хэлбэл, манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ даруй 9.4 жилээр богино насалж байна. ДЭМБ-ын 2021 оны мэдээллээс харахад дэлхийн дундаж насны зөрүү 5.1 жил. Харин манай улсад 2022 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж нас 67.3, эмэгтэйчүүдийнх 76.7 байгаа юм. Дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарт аюулын харанга дэлдсэнийг анхааруулж, “улаан гэрэл” ассаар багагүй хугацаа өнгөрлөө.
Эрэгтэйчүүдээ ид залууд нь алдсаар
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин. Үүний дараа хорт хавдар, осол гэмтэл бичигдэж буй. Үүгээр эрчүүд голдуу амиа алдаж, идэр насандаа хорвоог орхиж байгааг олон тоо баримт, жишээнээс харж болохоор. Бидний эргэн тойронд ид хөдөлмөрлөх насны залуус тархины харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар зэрэг өвчний улмаас амиа алдсаар байна.
Манай улсад сүүлийн 30 жилд урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх боломжтой, хүн амын зан үйл, нийгмийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг халдварт бус өвчин зонхилж, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдсээр байгаа юм. Үүн дотор хоол боловсруулах, амьсгал, зүрх, судас, шээс бэлгийн тогтолцооны өвчин тэргүүлж буй бөгөөд эдгээр нь архагшиж, хожуу үедээ оношлуулж буйг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл, 2023 онд улсын хэмжээнд хүн амын өвчлөлийн тохиолдол 3.8 саяд (давхардсан тоогоор) хүрч, 2014 оныхоос 1546.1, өмнөх жилийнхээс 237.8 мянгаар тус тус нэмэгджээ. Мөн л халдварт бус өвчин, үүнээс шалтгаалан эндсэн хүмүүсийн олонх нь эрчүүд. Тухайлбал, мухар олгойн өвчин, халдварт бус энтерит ба колит, элэгний эмгэгээр эрэгтэйчүүд илүү өвдөж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд дурджээ.
Эрчүүд эмэгтэйчүүдээс түрүүлж хорвоог орхиж байгааг өөр нэг тоо “гэрчилнэ”. 2023 оны байдлаар нас барсан эрэгтэйчүүдийн 44.5, эмэгтэйчүүдийн 76.7 хувь нь тэтгэврийн насандаа амьсгал хураажээ. Нөгөөтээгүүр эрэгтэйчүүдийн 48.4, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь хөдөлмөрийн насандаа нас барсан байна. Энэ нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3.2 дахин өндөр байгааг илэрхийлэх үзүүлэлт юм. Эрүүл мэндийн байгууллагын үүдийг эмэгтэйчүүд илүү элээдэг бол эрчүүд хэр баргийн өвчнийг тоохгүй явсаар хүндрүүлж, эцсийн шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь харамсалтай. Тухайлбал, зүрх, судасны өвчнөөр эмэгтэйчүүд түлхүү өвдөж, эмнэлэгт ханддаг ч эл өвчний улмаас нас барсан тохиолдлын тоо эрчүүдээс цөөн. Энэ ганц жишээ аав, ах, өвөө, нөхрийгөө эмнэлэгт дагуулж очих, эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах шалтгаан болохоор байна. Зүрх, судасны тогтолцооны өвчний улмаас манай улсад жил бүр 5500-6000 хүн хорвоог орхидог. Тэдний 60 хувь нь мөн л эрэгтэйчүүд. Бүр 45-аас дээш насандаа эл өвчний улмаас таалал төгсөж буй нь нэгийг бодогдуулна. Бодит байдалтайгаа нүүр тулж, бэлэн дата мэдээлэлд дүгнэлт хийн, дутуугаа нөхөж, алдаагаа засахгүй бол хожимдож мэднэ. Аавгүй үрс, бэлэвсэн эхнэрийн эгнээ улам тэлэх нь.
Жилд 4000 гаруй монгол хүн хорт хавдрын улмаас нас бардаг гэх харуусам тоо бий. 2023 онд гэхэд нийт нас баралтын 24.7 хувийг хорт хавдар эзэлжээ. Нас барсан хүмүүсийн 56.9 хувь нь эрчүүд. Хавдрын эмчилгээ нь олон үе шат дамждаг бөгөөд мэс заслын дараах сэргээн засах, сэтгэл зүй, хоол зүйн эмчилгээ чухалд тооцогддог. Харин манай эрчүүд хайнга, хэнэггүй зангаасаа мэс заслын дараа гам барихдаа тааруу аж.
Эрүүл байхад нийгмийн олон талын хүчин зүйл нөлөөлдөг. Стресс бухимдал, түгжрэл, агаарын бохирдол гээд биднийг ядрааж сульдаах зүйл мундахгүй. Бие махбодод илрэх өвчнөөс гадна гэнэтийн осол гэмтэл олон эрэгтэйн аминд хүрч байна. Зам, тээврийн болон үйлдвэрийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон болон тодорхой бус шалтгаанаар нас барж буй эрчүүд эмэгтэйчүүдээс харьцангуй олон. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны тайлангаас харахад зам, тээврийн ослын шалтгаант тохиолдлын улмаас амиа алдагсдын 64.6 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Ялангуяа архи, согтууруулах ундаа, спиртэд хордож, байгалийн болон амьгүй механик хүчинд өртөж амиа алдсан хүмүүсийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ мэтээр эрчүүдтэй холбоотой эрүүл мэндийн нөхцөл байдлыг харвал халаглам тоонууд хөвөрсөөр. Гэвч тэд эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, өвчнөө илрүүлж илаарьшуулахад хойш суудаг хэвээр.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү болон Улсын гуравдугаар төв эмнэлийн захирал Ц.Төмөр-Очир нарын байр суурийг сонслоо.
Н.Эрдэнэхүү: Түрүү булчирхайн хорт хавдар нэмэгдэж байна
-Эрэгтэйчүүдийн дунд хавдрын өвчлөл өндөр түвшинд байгаа бөгөөд зарим төрлийн хорт хавдар нь илүүтэй тохиолддог. Монгол Улсад болон дэлхийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог нь элэгний хорт хавдар. Энэ хавдар манай улсад ч мөн хамгийн их тархсан бөгөөд В, С вирусний халдвар, архины хэрэглээ, элэгний хатуурал зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйл болдог юм. Дараа нь уушгины хорт хавдар бичигдэж байна. Үүнд тамхины хэрэглээ, агаарын бохирдол, хорт бодист өртөх байдал голлон нөлөөлдөг. Мөн хеликобактерийн халдвар, давсны хэт их хэрэглээ, зохисгүй хооллолттой холбоотойгоор ходоодны хорт хавдар нэмэгдэж байгаа. Үүний зэрэгцээ бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар дээгүүрт бичигдэх боллоо. Ширхэглэг багатай хоол, өөх тосны хэт их хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, удамшил үүнд нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй дэлхийн хэмжээнд түрүү булчирхайн хорт хавдар нэмэгдэж байна. Нас ахих, дааврын өөрчлөлт, удамшил зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж эл хавдар ихсэж буй. Зонхилон тохиолдож байгаа эдгээр хавдраас сэргийлэхийн тулд элэгний В, С вирусний шинжилгээ хийлгэж, халдвар илэрсэн бол эмчлүүлэх, архины хэрэглээг хязгаарлах, эрүүл хооллох шаардлагатай. Мөн тамхинаас татгалзах, агаарын бохирдолд аль болох өртөхгүй байх, хэт их давс хэрэглэхгүй, эрүүл хооллох, хеликобактерийн халдварын шинжилгээ хийлгэх шаардлагатай юм. Ер нь 50 наснаас дээш үеийнхэн хорт хавдрын шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй. Түрүү булчирхайн хавдраас сэргийлэхийн тулд 45-50 наснаас эхлэн PSA (түрүү булчирхайн өвөрмөц антиген) шинжилгээ өгч, эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй. Хорт хавдар оношлогдсоноос хойш таваас дээш жил амьдарч байгаа хүмүүсийн 65 хувь нь эмэгтэйчүүд. Эрчүүд амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох нь чухал.
Ц.Төмөр-Очир: 29-39 насанд тархины харвалт, зүрхний шигдээс байх ёсгүй
-Тархинд цус харвасан, зүрхний шигдээстэй болсон залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, өөх тос хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбоотой. Мөн чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэг их болсон. Даралт нь ихсэж буйгаа мэдэлгүй явсаар өвчнөө хүндрүүлдэг хүн цөөнгүй байна. Үүнээс гадна эрүүл хооллодоггүй, жимс, ногоо хэрэглэдэггүй зэрэг амьдралын буруу хэв маягаас улбаалан тархинд нь цус харваж, хөдөлмөрийн чадвараа, цаашлаад амиа алдсан тохиолдол олон байгаа нь харамсалтай. 39-59 буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс тархинд цус харвасны улмаас манай эмнэлэгт хандах нь түгээмэл. Уг нь 29-39 насанд харвалт, шигдээс гэж байх ёсгүй. Монголчууд залуугаасаа судасны хатууралд өртөх нь бий. Сүүлийн жилүүдэд 25-45 насны залуучуудад зүрхний шигдээс, цусны даралт ихсэлтээс үүдэлтэй тархины харвалт нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг коронавирусний эсрэг вакцинтай холбоотой гэж ярих хүн ч цөөнгүй. Гэхдээ олон улсад вакцинтай холбоотой гэж батлаагүй. Харин цус өтгөрөх хам шинж өгч байсан. “Ковид-19” цар тахлын үед цус харваж, шигдээс болсон тохиолдлыг коронавирус гарахаас өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад нэмэгдсэн зүйл илрээгүй. Тиймээс шууд хамааралтай гэж үзэж болохгүй. Гэхдээ цус өтгөрөх хам шинж үүссэн учраас нөлөөлөх магадлал бол бий.