“Гэр хорооллын газар бол Улаанбаатарын баялаг юм” гэж Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэлсэн нь бий. Амины орон сууц барих замаар гэр хорооллыг хөгжүүлж, иргэд хашаандаа тохь тухтай, сайхан амьдрах ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан билээ. Түүнийг хотын даргаар ажиллах үед буюу 2013 онд баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд ч гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, улмаар нам давхрын, амины орон сууцууд барих талаар тусгасан байдаг. Гэвч уг төлөвлөгөөний биелэлт дөнгөж 29 хувьтай гэсэн дүгнэлтийг албаныхан гаргасан юм.
Харин одоо “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлуулах “аялал”-ын замд холбогдох байгууллагынхан нь гарчихсан явна. Эл төлөвлөгөөний төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 9-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Улмаар парламентаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжээд байна. Төслийг танилцуулах уулзалт нэртэй нүсэр арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-ынхан өнгөрсөн хоёр сарын хугацаанд дүүрэг бүрд зохион байгуулав. Ингээд УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөжээ.
Гэвч маш олон зорилго, зорилтыг шингээсэн, Улаанбаатарыг “дахин төрүүлэх”-ээр хэмжээний уг төлөвлөгөөг үнэхээр хэрэгжүүлж чадах уу гэсэн эргэлзээ бий. Ялангуяа хотын хамгийн эмзэг цэг болсон гэр хорооллын ирээдүйг тэнд хэрхэн зураглав, цаашид үлдээх үү, устгах уу гэдэг сонирхолтой бөгөөд маш чухал асуулт урган гарна.
Алхах зам ч үгүй орхигдогсод
Улаанбаатар хотын айл өрхүүдийн 44 хувь нь өдгөө гэр хороололд амьдарч байна. Тэгвэл 2040 онд эл үзүүлэлтийг есөн хувьд хүртэл бууруулна гэж нийслэлийн ЗДТГ-аас олон нийтэд танилцуулжээ. Тэрхүү есөн хувьд багтаж үлдэх айл өрхүүд нь гэр хороолол дахь одоогийн дүр төрхөөрөө бус, харин сайжруулсан амины орон сууцад амьдрах юм байх. Харин үлдсэн 91 хувь нь орон сууцад амьдрах гэнэ. Ийм төлөвлөгөөг ирэх 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой юу. Эсвэл дарга нар иргэдэд таалагдах гэж, тэр хэрээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх шалтаг хайж байна уу. Мэдээж гэр хорооллыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай боловч дарга нарын “зөгнөл” бодит хөрсөнд буух, эсэх нь яах ч аргагүй эргэлзээтэй.
Учир нь Улаанбаатарын гэр хороололд анхаарал халамж дэндүү их хэрэгтэй, асуудлууд нь тийм ч амар шийдэгдэхээргүй нөхцөлд байгаа. “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний суурь судалгаанаас харвал Улаанбаатар хотын удирдлагууд гэр хороололд ер нь хүн амьдардаггүй юм шиг үзэж, анхаарлын гадна орхиж иржээ. Жишээ нь, “Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлтийн онцлогоос хамаарч барилгажсан хэсэгт хатуу хучилттай авто замын хүртээмж 75, гэр хороололд 25 хувь орчим байдаг” гэж судалгаанд дурдсан байна. Бас “Гэр хороололд явган зорчигчийн зориулалтын зам байхгүй” гэжээ. Ерөөсөө бүрэн орхигдсон, “ширэнгийн хууль”-ийн дагуу тэлсэн, дэд бүтэц огт хөгжөөгүй гэсэн үг.
З.Төмөртөмөө Улаанбаатарыг орон сууцжуулж чадах уу
Манай улс уг нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай гэсэн сүржин нэртэй хуультай болсон. 2023 оны сүүлчээр баталсан тус хуулийн 13.1-т “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжид орон сууцжуулна” гэж заасан. Мөн 13.2-т “Энэ хуулийн 13.1-т заасны дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн суурь үйлчилгээ болох соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээг цогц байдлаар төлөвлөнө” гэсэн заалт ч бий. Бас 4.1.4-т нь гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн этгээд байгуулахаар тусгасан юм. Энэ хуулиас одоогоор хамгийн сайн хэрэгжүүлсэн заалт нь орон сууцжуулалтыг хариуцах компани байгуулсан явдал.
Харамсалтай нь, хотыг орон сууцжуулах компанийн удирдагчаар “уран сайханч” З.Төмөртөмөөг томилоод байна. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэх нь битгий хэл, гар бие оролцсон, эсэх нь эргэлзээтэй, намынхаа дэмжлэгээр л “дээшилж” ирсэн тэрбээр СУИС төгссөн, радиогийн хөтлөгч, захирал байсан бөгөөд өдгөө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Түүний удирдах “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийг нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан юм. Эл компани нь гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг буулгах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж. Инженерийн суурьгүй, төлөвлөлт хийж байсан туршлагагүй энэ хүнд гэр хорооллыг даатгаснаар ямар үр дүнд хүрэх нь төсөөлөхөд ч бэрх.
Татвар төлөгчдийн мөнгөөр халамжлагч Х.Нямбаатар
Нөгөөтээгүүр, гэр хорооллыг одоогийнхоор нь хадгалан үлдээх, цаашлаад улам навсайлгаж, хэрэгтэй үедээ аврагч, асран хамгаалагчийн дүрээр очдог газар болгох сонирхол дарга нарт байна уу гэх хардлага төрүүлнэ. Ялангуяа сонгуулийн өмнө жаахан “халамжлаад” саналыг нь худалдаад авчихдаг туршлагаа хадгалан үлдэхийг эрмэлзэж байж ч болох юм. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт баталснаас ийнхүү таамаглахад хүрэв.
Тус тогтоолын хүрээнд нийслэлийн гэр хорооллын 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Ингэхдээ айл бүрд сард 100 мянган төгрөгийн татаасыг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгоно гэж мэдээлсэн нь олны гайхшийг бараад байна. 50 мянган айл гэдэг бол хотын гэр хорооллын бараг 20 хувь. Энэ хэсгийг сар бүр таван тэрбум төгрөгөөр халамжлахын оронд дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулах нь ирээдүйд илүү хэрэгтэй. Бас өмнө нь гэр хорооллын 32 мянган айлд 28 орчим тэрбум төгрөгөөр зуух тараах “гайхамшигтай” шийдвэр гаргасныг ч иргэд мартаагүй.
Эрчим хүчээ шийдээгүй ч орон сууц барина
Гэр хорооллыг өөрчлөхийн тулд олон давхар орон сууц барих төлөвлөгөө гаргах бус, харин дэд бүтцээ л шийдэхэд анхаарах нь зүйтэйг мэргэжлийн хүмүүс болон иргэд ч сануулсаар буй. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийг нь л шийдчихвэл хотын гэр хороолол дарга нарын туслалцаагүйгээр голдирлоороо л хөгжчихнө гэсэн байр суурь илэрхийлсэн хүн цөөнгүй. Бусад улс орны жишиг ч ийм аж. Тодруулбал, ямар ч тохиолдолд эхлээд дэд бүтцээ бүрдүүлчхээд, дараа нь орон сууцжуулах алхмуудаа хийдэг юм байна. Харин манай дарга нар дэд бүтцэд ер анхаарахгүй хэрнээ “15 жилийн дараа гэр хороололгүй болно. Орон сууц барина” гэж буй нь бодит байдлаас хэтийдсэн зүйл юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай саяхан “65 мянган айлын орон сууцын дулааныг өгөөгүй байна. Нэг ёсондоо 682 аж ахуйн нэгжийн дулаан авах хүсэлтийг шийдэж чадаагүй. Яагаад гэвэл дулаан хангамж хүрэлцэхгүй” гэж ярьжээ. Ийм учраас манай улс эрчим хүчний дутагдлаа л нэн даруй шийдэх ёстой гэж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг сануулсан байна. Тэрбээр “Улс орноо хөгжүүлье л гэвэл эрчим хүчний салбартаа эхлээд анхаарах шаардлагатай. Улс орны хөгжлийг боомилж байгаа ганц хүчин зүйл нь эрчим хүчний салбар. Тэр дундаа Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хангамж маш хүнд байна. Хязгаарлалт хийж байж өвлийг давдаг. Маш олон үйлдвэр, аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж чадахгүй байгаа. Төлөвлөлтийн олон бичиг баримт баталдаг. Гэвч түүнийгээ хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулдаггүй. Ихэнх хөрөнгө оруулалтыг гадаадын зээл, тусламж руу “шиддэг”. Улсын төсвөөс ерөөсөө мөнгө зарцуулахгүй байна. Харамсалтай нь, гадаадын зээл, тусламж хөөцөлдөхөд хамгийн багадаа 3-4 жил зарцуулдаг. Тиймээс 2040 оны төлөвлөгөөг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлнэ гэвэл бүтэхгүй ажил болно. Ерөнхий сайд чуулганы хуралдааны үеэр “Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эрүүлжүүлнэ. Реформ хийнэ” гэж байв. 2025 оны төсөвт эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулах нь гэсэн хүлээлт тухайн үед гишүүдэд үүссэн юм. Гэвч 200 тэрбум төгрөг хуваарилсан. Харин замын ажилд 3.2 их наядыг төсөвлөсөн. Ийм байхад эрчим хүчний салбар яаж хөгжих юм бэ” хэмээн ярьжээ.
Өмнөхөө хэрэгжүүлээгүй атлаа дараагийнхыг нь баталдаг
Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөөц боломж эрх баригчдад бий юү. Эл асуултад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “2013 онд баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлээгүйн гол шалтгаан нь эрх баригч нам солигдсонтой холбоотой. МАН-ынхан төрийн эрх барьснаас хойш уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй орхисон. 2040 оны төлөвлөгөөг энэ жил баталлаа гэж бодъё. 2028 онд сонгууль болно. Тэр хүртэл гурван жил хэрэгжүүлсэн нэр зүүгээд орхих уу. Жишээ нь, энэ оны төсөвт л гэхэд эрчим хүчний салбарт олигтой мөнгө хуваарилаагүй. Тэгсэн атлаа өчнөөн барилга байшин барина гээд төлөвлөчихсөн. Тэр олон барилгын дэд бүтцийг хэрхэн шийдэх нь ойлгомжгүй. Тиймээс л 2040 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй санагдаад байгаа юм” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ч уг төлөвлөгөөний төсөл учир дутагдалтай талаар байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Тэрбээр “2020 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний үр дүн 29.7 хувьтай гарчээ. Үндсэндээ хэрэгжүүлээгүй гэсэн үг. Гэтэл 2040 оны ажлуудаа төлөвлөх нь. Ер нь том төлөвлөгөө боловсруулдаг улс болчихлоо. Өмнөхөө биелүүлээгүй байхад л дараагийнхыг нь гаргана гэж ярьдаг. Ийм алдаа 2040 оныход ч давтагдах нь. Яагаад гэвэл өмнөх төлөвлөгөөнүүдээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй шалтгаан нь санхүүжилттэй л холбоотой байв. Санхүүжилтээ шийдээгүй атлаа том төслүүд хэрэгжүүлнэ гээд биччихдэг. Жишээ нь, 2040 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 243 их наяд төгрөг шаардлагатай. Ийм маягаар ирээдүйн талаар мөрөөдөхөөс илүү одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн амьдрал ямар байгааг хэн ч тоодоггүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн гараа ийм өнгө төрхтэй байна. Хэрэгжүүлэх боломжгүй бас нэгэн төлөвлөгөө батлах уу, эсвэл бодит байдалдаа тохируулан өөрчлөх үү гэдгийг шийдэх эрх нь парламентад бий.
М.Оч