УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801 хүний гарын үсэг цуглуулах заалтыг манай улс 1990 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэгвэл есөн удаа сонгууль зохион байгуулсны дараа сая л “Хэтэрхий өндөр босго тавьдаг байжээ” хэмээн ухаарсан аж. Иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулахын тулд мөн ийм тооны хүнээс дэмжлэг авсан байх ёстой болдог. Гэхдээ нам бол байгууллага учраас хамтын хүчээр шаардлагыг биелүүлчихнэ. Харин харьяалах намгүй, ганц дайчны хувьд 21 хоногт багтаан гарын үсэг цуглуулах нь амаргүй даваа байсаар ирсэн. Гэвч энэ талаар өнөөдрийг хүртэл хэн ч ямар нэгэн гомдол гаргаж байсангүй. Тэгвэл УИХ-ын сонгуулийн хуулийн эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлыг Цэц өнгөрсөн нэгдүгээр сард Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцжээ. Улмаар холбогдох заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн дүгнэлт гаргасан байна. Үүнийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэж буй юм. Одоогоор Хууль зүйн байнгын хороо дэмжсэн. Нэгдсэн чуулганаар өнөөдөр асуудлыг шийднэ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг парламент хүлээн авбал бие даагчдад тавих босго 2028 оноос намсах нь.
Оргил үе
Монгол Улсын иргэн улс төрийн нам, эвслээс, эсвэл бие даан сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Тиймээс бие даагчид улс төрд бага хэдий ч тогтвортой байр суурь эзэлсээр иржээ. 1992 оны анхны парламентын сонгуульд 18 хүн бие даан өрсөлдөж, МАХН-ын Г.Зуунай гишүүн болсон түүхтэй. Гэвч тэрбээр “булган сүүлтэй” байсангүй. Учир нь 1996 оны парламентад бие даагчдын төлөөлөл сонгогдож чадаагүй юм. Гэсэн хэдий ч сонгуулиас сонгуулийн хооронд “намгүй хүмүүс”-ийн оролцоо, идэвх нэмэгдсээр 2000-2020 онд бие даагчид парламентад 1-3 суудал авч ирсэн байна. Харин анхны 126 гишүүнийг бүрдүүлсэн 2024 оны УИХ-д бие даагч багтаагүй юм. Буухиа дахин нэг удаа тасрав. Зургаан парламентад нийт 11 бие даагч сонгогдсон юм билээ. Тэдний гурваас бусад нь МАН, АН-ын хуучин гишүүн, танигдсан улс төрч байв. Ер нь бие даан нэр дэвшихийн тулд ямар нэгэн байдлаар олонд танигдсан байж л амжилтад хүрэх магадлалтай. 2008-2012 онд сэтгүүлч З.Алтай, 2016-2020 онд дуучин С.Жавхлан нар УИХ-ын гишүүн болсон нь ч үүний жишээ. Харин 2000 онд анх УИХ-д бие даан сонгогдсон Л.Гүндалай л олны танил биш байжээ. Гэхдээ тэрбээр Хөвсгөл аймагтаа бол олонхын санал авах хэмжээний бизнесмен байсан юм. Сэтгүүлч, дуучин хоёроос бусад нь тодорхой хугацааны дараа төрхөмдөө буцаж, Л.Гүндалай ч АН-ын хаяа бараадсан юм даг.
УИХ-ын 2020 оны сонгуульд манай улсын түүхэнд хамгийн олон бие даагч өрсөлдсөн. Нийт 208 хүн бие даан нэрээ дэвшүүлэхээр материалаа өгч, 121 нь хуулийн шалгуур ханган өрсөлдсөн нь улс төрийн намд иргэдийн итгэл алдарч, шинэ үзэл бодол, өөрчлөлт хайж байсны илрэл болсон. Гэхдээ энэ олон хүнээс гагцхүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л УИХ-д сонгогджээ. Удаа ч үгүй тэрбээр “төрхөмдөө буцсан” билээ. Бие дааж нэр дэвшээд, дараа нь намын гишүүн болчихдог учраас намгүй гишүүдийн үүрэг, оролцоо төрийн бодлогод бараг тусдаггүй. Өмнө нь С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын бие даагч гишүүн зөвлөл байгуулан ажиллах гэж үзсэн. Гэвч 76 дотор гуравхан хүний байр суурь, нөлөө муу байв. Улмаар тэд ч бас тус тусын намаа бараадсан. Нам дагахгүйгээр бүрэн эрхээ дуусгасан З.Алтай, С.Жавхлан нар ч тоймтой ажил хийж чадаагүй. Тэд бүрэн эрхээ эдэлж, хуулийн төсөл санаачиллаа ч бодлогоор дэмжих бүлэг, нам байхгүй учраас гараас нь ажил гарахгүй байсаар бүрэн эрхээ дуусгасан билээ.
Тууштай дүр алга
Нэг бол намаасаа түр түдгэлзсэн хүмүүс, эсвэл олны танилуудад л бие даагчийн статус боломжтой байсаар ирсэн байх нь. Бие дааж өрсөлдсөн хүмүүсээс ганц нэг олны танилууд нь сонгуулийн үр дүн, явцад өрнөсөн хууль бус үйлдлийг шүүмжлэн байр сууриа илэрхийлж, гомдол гаргадаг. 2020 онд олон бие даагч нэгдэн зохион байгуулалтад орж, байр сууриа илэрхийлж явсан нь мөн л анхных байсан юм. Гэхдээ тэдний “тэмцэл” үүнээс хэтэрдэггүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд бие даагчдад ээлтэй зохицуулалт оруулах, зарим шаардлагыг бууруулах гэх мэт гомдол, санал өмнө нь гарч байгаагүй гэхэд болно. Намын угшилтай улс төрчдийн хувьд насаараа бие даагч байхгүйгээ мэдэх тул үүнд анхаарахгүй. Бусад нь “сонирхоод” 1-2 удаа бие даан нэрээ дэвшүүлж үзнэ, мөнгө, санхүүгийн асуудал, хууль бус өрсөлдөөнд шантраад болино. Эсвэл аль нэг нам бараадаад дуусдаг. Эдүгээ ИЗНН-ыг төлөөлөн УИХ-д сууж буй гишүүн М.Нарантуяа-Нара тэдний төлөөлөл. Тэрбээр 2016, 2020 оны сонгуульд бие даан өрсөлдсөн. Гэвч амжилт олоогүй учраас нам бараадахаар шийдсэнээ ярьсан байдаг. Эндээс нэг зүйл тодорхой харагдаж байна. Тууштайгаар бие даан, олон удаа нэр дэвшдэг хүн, төлөөлөл алга. Ерөөсөө л маш барьцгүй хүмүүс гэсэн үг. Тийм учраас л бие даан нэр дэвшигчдийг төлөөлж, тэгш боломж, илүү нааштай хууль, эрх зүйн орчинтой болохын төлөө тэмцэх хүн гараагүй найман удаагийн сонгууль буюу 32 жилийг өнгөрүүлсэн байх нь. Гэтэл 2024 оны сонгуулиар ийм “зоригтон” тодорчээ. Уг сонгуульд нийт 35 бие даагч өрсөлдсөн юм. Тэдний нэг болохыг хүсэж, холбогдох материалаа хүргүүлсэн ч иргэн Д.Алтангэрэлийг СЕХ бүртгэлээс хассан аж. Тиймээс тэрбээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31.3, 31.4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандсан юм байна. Тэрбээр аль нэг намын харьяат биш гэдгээ өргөдөлдөө тодотгосон байна лээ. Дээрх заалтууд нь бие даагчдыг ардаа татах, түших намтай хүмүүстэй адилтгасан, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ. Мөн СЕХ-ноос гаргасан маягтад дэмжигч 801 хүний гарын үсгийг цуглуулахын тулд иргэний бүртгэлийн дугаарыг бичих шаардлага тавьсан нь Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Иргэний бүртгэлийн дугаар нь хувь хүний эд хөрөнгөөс эхлээд олон мэдээллийг агуулдаг аж.
Ийнхүү бие даагчдаа төлөөлж маргаан үүсгээд, есөн удаагийн сонгуулийн дараа Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэн тэрбээр ялж, 801 гэсэн тоог өөрчлүүлэх эхлэлийг тавьж чаджээ. Энэ талаар өмнө нь өөр хүн албан ёсоор гомдол гаргаж байгаагүйд ч тэр үү, хууль тогтоогчид зовлонг нь ойлгодоггүй байсан бололтой.
Барьцаа авдаг жишиг
30 гаруй жилийн дараа “гэнэт” гаргасан гомдлын дагуу асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүд олон улсын туршлагыг харгалзсан гэнэ. Тэгвэл дэлхийн бусад улс орны парламентад өрсөлдөх бие даагчид энэ талаар ямар шалгуур давдаг вэ. Бидний жишээ авах дуртай ХБНГУ-ын Бундестагт бие даан нэр дэвшихийг хүсэгчид тухайн тойргийн сонгогчдынхоо 0.1 хувийн буюу 200 хүртэлх хүний гарын үсэг цуглуулдаг юм байна. Хүн амын тоо, тойргийн хуваарилалтаас энэ бүхэн хамаарч хэлбэлзэх нь тодорхой. АНУ-д муж бүрдээ өөр. Тухайлбал, Нью-Йорк мужийн Конгресст бие даан нэрээ дэвшүүлэх бол 3500, Калифорнид 7000 гаруй хүний дэмжлэг хэрэгтэй.
Зарим оронд дэмжигчийн тоог тэр бүр чухалчлахгүй, оронд нь барьцаа төлбөр авдаг аж. Британид бие даагчид тухайн тойргийн ердөө арван хүний гарын үсэг цуглуулчихад болдог гэсэн сонирхолтой мэдээлэл байна. Гэхдээ тэд 500 фунтийн барьцаа төлөх ёстой. Улмаар нийт сонгогчийн саналын таваас дээш хувийг авч чадсан бие даагч уг барьцаа мөнгөө буцаан авах эрхтэй болно. Канадын Холбооны парламентын сонгуульд бие даан нэр дэвшигчид ч 1000 канад долларын барьцаа төлдөг гэнэ. Мөн тухайн тойргийн 1000 хүний гарын үсэг хэрэгтэй байх нь.
Ямартай ч түр зуурын бие даагчдыг үл тоож ирсэн дээрх зохицуулалтыг өөрчлөх эхлэлийг Д.Алтангэрэл гэдэг хүн тавьжээ. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үед зарим гишүүн тоонд их эмзэг хандаж байсан юм. Тухайлбал, Э.Бат-Амгалан гишүүн “Энэ дүгнэлтийг хүлээгээд авчихвал дараа нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигч нь 25, Ерөнхийлөгчид 50 нас гэж босго заасныг ч эрх зөрчсөн гэх юм биш биз” гэсэн юм. Гэхдээ энэ бол огт өөр сэдэв. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, бие даагчдын цуглуулах ёстой дэмжигчдийн тоог бууруулах нь. Ингэхдээ тооноос илүү зарчимд анхаарч, олон жил тэгш бус шаардлага тавьж явсан зохицуулалтаа засах биз ээ. Харин дүгнэлтийг нь хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ. Их суудлын хуралдааны дүгнэлтийг буцаах эрх УИХ-д үгүй. Тиймээс олон жил “анзаараагүй” явсан алдаагаа дунд шатанд нь засах болов уу.