Манай улсад ардчиллын амин сүнс тасрахад үнэхээр ойрхон ирснийг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд батлав. Хүн нь байхад хэрэг нь олддог гэдэг үг зүгээр ч нэг гараагүйг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас noorog.mn сайтын залуусаас тайлбар авахаар авч явснаас хойш өрнөсөн бүхэн нотолж буй юм. Тэднийг буруутгах үндэслэл хэдэнтээ солигдсоор, одоо л нэг “байраа олж” байх шиг байна. Тус сайтад ажилладаг нэг хүн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй, учир нь хувийнхаа зургаан өөр дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн баримт байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн.
Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хэмээн тэрбээр хэдэнтээ дурдсан. Тэгсэн атлаа хувь хүний асуудлаар нэг байгууллагын найман ажилтныг бөөнд нь саатуулж, ажлын тоног төхөөрөмж, бүх хард диск, файл, гар утсыг нь хураачихсан, одоо болтол өгөөгүй байгаа аж. Тайлбар нь нэг л байгаа оносонгүй. Хэлсэн үг, цэг, таслал бүрдээ хариуцлага хүлээнэ хэмээсэн учраас О.Алтангэрэл сайд одоо огцрохдоо сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй болох нь. Түүнд чиглэл өгсөн танхимын тэргүүн нь ч олон нийтийн дургүйцэл, шүүмжлэлийн гадуур үлдэхгүй. Унасан нүхэндээ өөрсдөө ойчиж ч магадгүй нөхцөл үүсээд байна.
Нооргийг чимээгүй болгох гээд бүтэлгүйтэв
“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан одоо 24 настай залуу юм билээ. Тус компанийн эрхлэн гаргадаг noorog.mn сайтад 21-27 насны залуус ажилладаг. Тэд 2024 оны сонгуулиар 18-60 насны энгийн зургаан иргэнийг дагаж, Монгол Улсад УИХ-ын сонгууль хэрхэн болж өнгөрдгийг сурвалжилсан юм байна. Улмаар “18 өдөр” нэртэй баримтат кино хийхээр эвлүүлгээ хийгээд явж байсан аж. Сонгуулийн сурталчилгааны 18 өдрийн турш тэд гол дүрүүдээ дагажээ. Бодит байдлыг харуулахыг л зорьсон гэнэ. Нэр дэвшигчид иргэдэд сонгуулийн ямар сурталчилгаа хүргэдэг, амлалт нь амьдралд хэрхэн хэрэгждэг, санал авах өдөр ямар яриа хөөрөө, “наймаа” өрнөдгийг харуулахыг хүсжээ. Энэ тухайгаа тэд гуравдугаар сарын 14-нд сэтгүүлч Б.Пүрэвт ярьж, баримтат киногоо удахгүй цацна гэсний дараа л дээрх адал явдал өрнөж буй хэрэг. Сонгуулийг дотоод, гадаадын, төрийн бус байгууллагын олон хүн ажигладаг. Гэхдээ энгийн иргэнийг 24 цагаар дагаад, тэдний өнцгөөс бодит байдлыг харуулснаараа уг баримтат кино шинэлэг болох байж. Ингэхдээ олон нийтээс хандив босгож, киногоо хийсэн юм билээ. “Сонгуулийн бодит байдлыг харуулсан” гэдэг үг нь л эрх баригчдын сүнсийг зайлуулчихав бололтой. Хууль бус зүйл хийгээгүй, мөнгө тараагаагүй, луйвар булхай явуулаагүй бол тэд айх учиргүй. Гэтэл айжээ. Маш их сандарч, “Дандаа манай Засгийн газрыг шүүмжилж байдаг энэ хэдэн залууг баривчлаад мэдүүлэг авъя. Тэгээд хэд хоног дуудаж, залхаан цээрлүүлье. Үүний дараа ханд нь буухгүй яадаг юм” гээд өнгөцхөн, гэнэхнээр сэтгэж орхиж. Угаас цахим орчинд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг шүүмжилж мийм, элэглэл хийсэн хувь хүмүүс, мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг дуудаж, байцаалт авдаг, айлгадаг жишиг тогтоочихсон учраас тэр ёсоор бүх зүйл “тайван” болоод өнгөрнө гэж тооцож. Гэтэл буруудав. Өнөөх залуу нь далайсных нь зоргоор далд ороод, шалчийх хүн биш байж. Цагдаагийн байгууллагынхан хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд бүдүүлгээр халдсан эл үйлдлийг тэрбээр олон нийтэд илчилж, мэдээлэл хийв. Эрүүл саруул сэтгэлгээтэй, ардчиллаа аварч үлдэх хүсэлтэй хэн бүхэн үүнд анхаарлаа хандууллаа. Олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нэгдэв. Noorog.mn сайтын залуусын зоригийг мохоож, мооргт хийх гээд барсангүй. Ийнхүү асуудал газар авмагц ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Togosoo tg гэх зураггүй, тодорхойгүй хаягнаас “Уг сайтын мэдээллээс болж хүн амиа хорлох гээд байна” гэсэн гомдлыг цахимаар ирүүлмэгц шалгасан гэх. Мөн гуравдугаар сарын 18-ны өглөө залуусыг явуулахдаа Эрүүгийн хуулийн 19.1 буюу “Монгол Улсын иргэн улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван 2-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар буруутгаж буйгаа О.Уламсайханд танилцуулжээ. Гар утсыг нь хураачихсан учраас тэрбээр мөрдөгчийн нь утаснаас өмгөөлөгч рүүгээ уг зүйл ангиар байцаалт авч байгааг мэдэгдэн бичсэн нь баримт болж үлдсэн. Гэтэл маргаашнаас нь үүгээр буруутгаснаа тэднээс өөр хүн санахыг хүссэнгүй. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван “Хувь хүний нууцад халдах, нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр, шинж тэмдэг байсан учраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтад явуулж байна” гэжээ. Буруутгах зүйл анги нь Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл түгээхтэй холбогдож эхэлсэн байх нь. Одоогоор 2025 онд тус сайтад ажилд орсон noorog.mn ажилтан нэг хүнийг түр хориод байгаа аж. Түүнийг өмнө нь шалгуулж байгаагүй гэдгийг үүсгэн байгуулагч нь мэдэгдсэн байна лээ.
Автократ дэглэмийг баталгаажуулах уу
Манай улс ардчиллын индексээр сүүлийн есөн жилд ухарсаар буй. Тэгвэл энэ онд дийлэнх үзүүлэлтээр дахин ухарч, автократ дэглэмд шилжиж байгаа зургаан орны нэг болжээ. 35 жилийн өмнө тайван замаар хийсэн тогтолцооны өөрчлөлтийг ийнхүү сүүлийн хэдхэн жилд буцааж орхисон байна. Хэвлэлийн эрх чөлөөгөөр ч ухарсан үзүүлэлт гарч буй. 2024 онд бид 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн юм. Эрх мэдэл нэг нам, нэг хүнд төвлөрсөн, сөрөг хүчингүй, Засгийн газрыг шүүмжилсэн хэн бүхнийг баривчилж хорьдог, айлгадаг, мэдээллийг хянадаг гээд автократ дэглэмийн бүх шинж манай улсад бүрджээ.
Noorog.mn сайтын залуусаар л илэрч, газар авч байгаа болохоос уг асуудал даамжраад удсан. Өөрийг нь шүүмжилсэн хэн бүхнийг хууль, цагдаагийн байгууллагаар шалгуулдаг, дарамталдаг, бүр хуулиар хамгаалагдсан бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнээ ч тролл армиар дамжуулан харлуулдаг нийгэмд амьдрах гэж бид ядарч байна. Иргэдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айдаг, Засгийн газраа шүүмжлэхээс ч эмээдэг, хэлсэн бүрийг нь дуугүй дагаад, алга ташаад явдаг манкурт болгохыг л Ерөнхий сайд нь мөрөөддөг бололтой. Хэвлэл мэдээллийн салбар хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Засгийн газрын алга ташигч болчхоод байна. Хар пиар явуулах, тархи угаах ажлыг тролл болсон сайтууд гүйцэтгэж буй. Дээрх сайттай холбоотой хар пиарыг тэд хэрхэн хийж байгаагаас үүнийг харж болно. Мөн УИХ-ын гишүүдийн олонхыг нь ийм болгочихсон. Засгийн газрын үйлдэл бүрийг “ногоон гэрэл”-ээр дэмждэг, алдаатай, хуудуутай байсан ч хараагүй мэт өнгөрүүлдэг парламент бол үүний баталгаа. Нэгэн цагт хүчтэй сөрөг хүчин явсан Ардчилсан намынхан одоо МАН-ын, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн манкурт болчихжээ. АН-ын угшилтай Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн үйлдлээс л энэ бүхэн харагдана. Хэдхэн өдөр хашаад солигдох албан тушаалаар энэ намынхан үзэл баримтлалаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчилсан тогтолцоогоо худалдчихаж, үнэхээр гунигтай. Хэвлэлийн эрх чөлөөг хумих ёсгүй тухай С.Цэнгүүн, Б.Энхбаяраас эхлээд зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Гэтэл тэд Ерөнхий сайдыг огцруулах Ч.Лодойсамбуугийн санаачилгад гарын үсэг зураагүй байгаа. Ч.Лодойсамбуу “Нийгэм, эдийн засгийн байдал бүх зүйл болохгүй гэдгийг хэлээд байна. Ардчиллын индексээр Монгол Улс ухарсаар, автократ дэглэмд шилжиж буйг олон улсын байгууллага ч тодорхойлчихлоо. Одоо энэ байдлаа үргэлжлүүлсээр автократ засаглалд үлдэх юм уу, эсвэл зогсоох уу. Засгийн газар дарангуйлал тогтоож буйгаа үйл ажиллагаагаараа харуулж байна. Тэд парламентыг удирддаг болсон. Үүнийг зогсоох, эсэхийг шийдэх бүрэн эрх нь УИХ-ын гишүүдэд байна. Зогсоохгүй гэвэл дарангуйллын засаглалыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно” гэжээ. Одоогоор түүнээс гадна Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар Засгийн газрыг огцруулах байр суурьд нэгдчихээд буй. Тиймээс АН-ын үлдсэн 39 гишүүн ийм алхам хийх учиртай. 24 настай энгийн нэг залуу эрх баригчидтай баримтаар тэмцэж, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө зориг гаргаж болж байхад бүх ард түмнийг төлөөлөхөөр сонгогдсон гишүүд дуугүй суух эрхгүй.
Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар УИХ-ын гишүүдэд Ноорог.мн тойрсон асуудлаар мэдээлэл өгнө. Хэрэв байдаг л нэг ээлжит явдал мэт асуудалд хандаад өнгөрүүлбэл олон нийт зүгээр хараад суухгүй болов уу. УИХ-ын гишүүд ардчиллыг аврах уу, алдах уу гэдгийг шийдэх салаа зам дээр зогсож байна. Нөгөө талд нь Ерөнхий сайд ба түүний хар пиарын багийнхан хэрхэн арьсаа хамгаалах тактик боловсруулж л суугаа байх. Яаран хөдлөхдөө будилж, бантан хутгасан холбогдох албан тушаалтнууд, мөн О.Алтангэрэл сайдыг огцруулж гал унтрааж ч мэдэх юм. Гэхдээ асуудлыг үндсээр нь өөрчлөх боломж УИХ-д байгааг мартаж болохгүй. Дарангуйллын олсыг хэдийн хүзүүнд чинь углачихсан, өнөөдөр биш ч маргааш та бүхнийг дүүжлэхээр бэлтгэсэн байх вий.