Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрөөс энэ сарын 20-ныг дуустал Оманы Султант Улсад айлчилна. Тус улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар ийнхүү айлчилж буй аж. Энэ нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал гэдгийг ГХЯ-наас онцолжээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хийж буй айлчлал аж.
Сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай уулзахаар төлөвлөжээ. Эдгээр уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.
Монгол, Оманы Султант Улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон аж.