Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө Noorog.mn сайтын редакцад нэгжлэг хийж, техник хэрэгслийг нь хурааж, ажилтнуудыг нь саатуулан байцаасан хэрэг гарсан. Тэднийг анх Эрүүгийн хуулийн 19.9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахын завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Үүний дараа олон үйл явдал өрнөсөн бөгөөд “Ноорог” медиагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан, түүний өмгөөлөгч, ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл тус сайтын ажилтан А.О-д нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээ авсан талаар өнгөрсөн бямба гарагт Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс мэдээлсэн юм. Тодруулбал, А.О-г гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд цагдах хорихоор болов. Таслах сэргийлэх арга хэмжээний тоймд дурдсанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангиудад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэжээ. Түүнчлэн “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд прокурорын санал нь үндэслэлтэй тул ийн шийдвэрлэсэн гэсэн байна.
Харин “Ноорог”-ийн зүгээс мэдэгдэл гаргасан бөгөөд “Манай байгууллагад 2025 онд ажилд орсон нэг гишүүнд холбогдох асуудал бүрэн тодорхой болоогүй ба “Ноорог”-ийн бусад гишүүд, цаашлаад байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд хамааралгүй тул гэрчийн мэдүүлэг ч аваагүй” гэжээ. Мөн техник төхөөрөмжөө авч чадахгүй буйгаа дурдсан байна.
Ч.Болор