Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөлийн сонгогчдыг төлөөлөн суугаа найман гишүүний нэг нь Жадамбын Бат-Эрдэнэ. Түүнийг гадаад дүр төрхөөр нь “сахал” гэж нэрлэх хүмүүс ч бий. Булган аймгаас төрийн түшээгээр гурвантаа сонгогдсон тэрбээр нутагтаа дархлагдсан гэж ч хэлж болно. ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн автын инженер, хуульч мэргэжилтэй Ж.Бат-Эрдэнэ анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020, 2024 оны сонгуульд ялж хууль тогтоолцож байна. 2000-аад оноос улс төрч болох замналаа эхлүүлж, хувийн компанийн захирлын албаа өгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга болсон нэгэн. 2007 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2012 он хүртэл ажиллахдаа “Монголын төмөр зам”, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хашсан хүн.
2016 онд УИХ-ын гишүүн болоод дараа жил нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдон 2018 оны наймдугаар сарын 10 хүртэл ажиллав. Хариуцсан салбарт нь шил шилээ даран гарсан ослуудын улмаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, яамных нь нэг дарга нөгөөгөө зодож хөнөөсөн зэрэгт Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээн сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснийг УИХ ёсоор болгож байсан юм. 2019 онд ЖДҮХС-гийн хэргийн дуулиан дэгдэх үед тэрбээр УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын алба хашиж байж. 2020-2024 оны парламентад сул гишүүн байсан ч хамгийн олон хуулийн ажлын хэсэг ахалж, батлуулсан түшээ хэмээн өнгөрсөн сонгуулийн сурталчилгаандаа МАН-ынхан онцолсон юм даг. Тухайлбал, “Ногоон автобус”-ны гэх сонсголыг санаачлан зохион байгуулж, хэлэлцүүлснийг зарим уншигч санаж буй нь лавтай. Мөн Хөгжлийн банкны сонсголын ажлын хэсэгт багтаж байв.
Цар тахлын жилүүдэд УИХ цахимаар хуралдаж ахуйд Ж.Бат-Эрдэнэ дотуур өмдтэйгөө төсөв батлалцсан бичлэг, зураг нь олон нийтийн сүлжээнд тархсан, балетын бүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон дуулианы эзэн. Улс төрчид, бизнесменүүдийн хобби болсон хурдан моринд ч тэрбээр татагдсан. Тэр ч утгаараа АТГ-т жил бүр гаргаж өгдөг хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хурдан удмын 64, бусад 120 адуутай хэмээн өнгөрсөн онд тусгаж байв.
Ж.Бат-Эрдэнэ “хулгай худлаас ангид, нэр цэвэр, шударга улс төрч” гэж намынхан нь, найз нөхөд нь хэлдэг. Гэтэл сүүлийн үед зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгжид Богдхан уулын Арцатын аманд газар авч орон сууц бариулсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нүүрсний ордыг хятадуудад худалдсан” хэмээн мэдээлэл цацагдаад байна. Хэдийгээр тухайн мэдээллийн төгсгөлд эдгээрийг АТГ-т өгч шалгуулна хэмээсэн ч хуулийн байгууллагаар өдгөө Ж.Бат-Эрдэнэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдол алга.