Монголын зохиолчдын эвлэлээс энэ оны “Утгын чимэг” наадмыг өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан билээ. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан, түүний төрсөн өдрөөр нь дээрх наадмын шилдэг өгүүллэгийг тодруулсан юм. Сүүлийн шатанд шилдэг 10 өгүүллэг тунан үлдсэнээс зохиолч Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” энэ жилийн “Утгын чимэг”-т тэргүүлсэн билээ. Уг бүтээлийг бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад наадмын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Г.Болормаагийн “Саарал улиан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч” өгүүллэгийг толилуулж байна.
Чулууны хэлмэрч
Т.Бум-Эрдэнэ
(МЗЭ-ийн шагналт зохиолч)
-Таны харцнаас аавыгаа харах шиг дотно санагдах болсон гэх Буджаргал бүсгүйн дотно үг түүнийг нэг мөр ховсдож орхижээ. Алдарсан сэтгэл гэдэг юутай уяруу, хурууны үзүүрт хүрсэн төдийгөө тэвэрсэн лугаа сэтгэл дүүрэх. “Ёстой заяаны хань болуужин” гэж Бодьхүү урд хошууны Гуа Намнан хэмээх сайхан эрийн төрсөн ганц охиныг бодолдоо нялхруулан шогшино. Олон түмнээ шагшигдсан цуутай мэргэч Долоон Доньдыг нутаг орноор нь морилон саатаж явааг сонсоод, зорьж яваа юм.
Их Саяны нуруу, Хархираа Түргэний уулс гээд долоон их хайрхны эр хар чулуудаар ховлогын дөчин нэгэн чулуугаа бүрдүүлсэн тэрээр ёстой андуу асуугаагүй бол эндүү хэлдэггүй гэдэг. Бодьхүү түүнийг дуурайж Хэрлэн, Онон, Туул гээд долоон голын чулуу түүж, дөчин нэг хүргээд өвөртөлсөн гэж байгаа. Зүгээр ч үгүй, гол усныхаа айлуудаар бууж, бэлчээр захалсан ганц нэг малын зүг чигийг онож хэлсэн удаатай.
-Бодын хөл анддаггүй Бодьхүү гэдэг чинь энэ дээ гэсэн догио үгэнд урамшсан Бодьхүү чулуу шившихдээ эрэмшүү болчихжээ. Тэгээд хошуу алгасан дотноссон Буджаргал бүсгүйтэйгээ заяа нийлэх, эсэхээ хүнээс нуун байж үзсэн чинь “толгой нь наашаа, хөл нь цаашаа” буугаад болох биш. Тэгтэл ч ашгүй Долоон Доньдын явдал суудлын сураг гарчээ.
Хөндийн эхэнд бүртийх, нүдний нуух шиг гандмал хөх жодгорыг Бодьхүү сая олж хараад явдал түргэсгэж, гөлмөө давчихад сайвар бор морь нойтон хөрсийг хөвсөлзүүлэн галгиулав. Гол уруудаад хоёр, хөтөл даваад ганц морьтон үзэгдэнэ. Долоон Доньдыг зорих хүн ганц Бодьхүүгээр тогтоогүй бололтой.
Жодгорын гадна хэдэн хүн ээлжээ хүлээх зуураа Долоон Доньдын тухай хөөрөлдөх аж.
-Долоон Доньдтой хамт нэг сүрхий мэргэч эр аяны замд таарч, ярьж хөөрч хоноо юм биз дээ. Зам салахын алдад мэргэч эр ховлогоо татаад,
-Сонин юм даа, гэрийнхээ барааг харахаар гэргий минь, эс харваас би өөрөө гайтах юм даг уу даа гээд ихэд тавгүйрхжээ. Доньд долоон уулын чулуугаа шившиж татаад,
-Хээцэс, чамайг чинь дөчин нэгэн чулуу мэддэг юм гэсэн чинь нэгийг нь мэддэггүй шив дээ гээд богцыг нь аваад сэгсэртэл хар эрээн могой унасан гэдэг. Мөн аатай мэдэж байгаа юм шүү хэмээн бахархал хахуулан ярьцгаана. Жодгороос нэг бол инээд халгисан, эс бол уруу царайлсан улс гарч, ирсэн зүгтээ одоцгооно. Бодьхүүгийн ээлж иржээ.
Долоон Доньдын гараас халтар манан хөөрөг гардаж тамхилсан Бодьхүү,
-Бүсгүй хүнд сэтгэл алдраад, амьдралынхаа алсыг харах санаатай ховлого татсан чинь бүтэмж муутай шиг оргиод, ашгүй таны явдал таарсныг ташлааж, асууя уу санаатай ирлээ гэхэд Доньд,
-Ховлого татна гэдэг хоосон ч хүний явдал биш дээ хө гэж ихэд таашаангуй хэлээд,
-Алив, чулууг нь харъя гэлээ. Бодьхүү баахан тэвдэвч биеийг ихэд хичээн, өврөө тэмтэрсээр зүү ороож, хоргойгоор эмжсэн торгон хавтаганаас чулуугаа гаргаж үзүүлэв. Доньд Бодьхүүгийн мэргийн чулууг алгандаа энхрийлэн гүйлгээд,
-Эм хүний хурууны өндөг шиг эв ташсан зөөлөн чулууд юм. Уран билэг, увдист зохирлыг андахгүй лавшраах буй заа гэснээ,
-Өөрийгөө үзэхээр яаж буух юм, тэгээд? Хоёул нэг харах уу гэлээ. Бодьхүү долоон голын чулуугаа шившээд, их мэргэчийн өмнө гурав гурваар тастаж, татсаар эцсийн мөчид буусан чулуугаа харуулж,
-Ингэж л буугаад байгаа юм. Та нэг хар даа... Миний тал яах вэ болчихно гэж үзэхэд нөгөө талын толгой хөнгөн. Гэтэл сав хоосон, хөл хүнд... гээд Бодьхүү арга мухардан ширтлээ.
Доньд өврөө суйлан хавтагаа гаргав. Үхрийн дармын арьсаар хийсэн атал эдэлгээндээ номхорсных уу, илэг лугаа зөөлөрчээ. Долоон уулаас цуглуулсан эр хар чулуудаа харшуулан үлээгээд, өмнөө дэвссэн ам дөрвөлжин дэвсэг дээр алгаа хумбайлган хөмөрч, алгуур гулсуулан татсаар гурав хувааж эхэлмэгц Бодьхүү мэргийн толгойг харахаас халирч, жодгорын амаар алсын уулын орой тийш хараа бурууллаа. Доньдын атганд харшилдах чулууд ахиад гурав, мөн дахиад гурав тасрах тоогоор Бодьхүүгийн сэтгэл сэмрэх шиг болов. Сэтгэлт бүсгүйнхээ зүрхний тольтыг мэдрэх гэж догдолсных биз ээ.
Доньд үлдсэн чулуугаа шившин, нэгэн хэмийн ая данг хүнгэнүүлэн цээж ганхуулан сууснаа,
-Хөвүүн чи тэр бүсгүйнхээ сэтгэлийг таньсан байна. Энэ их сайн. Харин биеийг нь таньсан уу? гэж нухацтай асуулаа. Бодьхүү гэнэн залуугийн цагаахан зангаар ичингүйрэн мушийгаад,
-Үгүй дээ, ханцуйдаа нуусан хурууны үзүүрийг нь тэмтэрсэн төдий гэлээ.
-Тийм бий, тэгвэл ч яриатай даа хө гээд Долоон Доньд бахтайяа инээлээ. Бодьхүүгийн сэтгэл цэлмэж, залуу хүний цэнгэг инээдээр даган баясахад нар салхинд гандаж цайрсан жодгор майхны дээвэр цаваг хөгшин, залуу хоёрын жаргалтай инээдээр дэгэн дэрвэв.
Түдэлгүй Доньдын царай яав гэмээр төв төлөвт хувираад, Бодьхүүг нухацтай ширтлээ. Бодьхүүгийн царайнаас инээмсэглэлийн хараацай ээлж дараалан ниссээр ор мөргүй одов. Доньд уртаар санаа алдаад,
-Үнэндээ бол би мэргэч биш юм шүү дээ. Би чулуудын хэлснийг хэлмэрчилж буй юм. Чулууд, хурууны өндгөөр дамжин оюун тархинд минь буй бүхнээ ярьдаг юм. Их ухаалаг ярина шүү, хэрэв тэгдэггүй сэн бол тэд уул уулын оройд, ус усны ёроолд тэр олон сая живаа жилээр юу эсийг бодож үлдсэн байх билээ дээ, тийм үү? гэлээ.
-Харин тийм, тэгээд л тань шиг мэргэч... үгүй ээ, хэлмэрч болох сон гэж хүсэхдээ долоон голын ёроолоос... гэтэл Доньд үгийг таслан,
-За хүү минь, чамд би эгцхэн хэлье. Урмын үг бурмын шинжтэй ч хуурмагийн өнгөтэй. Үнэн үг хужир амттай ч зөвийн толботой. Өөрийн заяаг хараагүй хүн бусдын тавиланг хэрхэн хэлэх билээ. Хэрэвзээ чи чулуудын хүүрнэлийг тайлж үл чадваас тэднийг тайван орхи. Болж гэмээн хүүхээ, эдгээр чулуугаа долоон голд нь буцааж өргө. Тэд ихэд ангасан байна гэлээ. Бодьхүү гэм хийв хэмээн цээжээ агшааж, их мэргэчээс ивээл горилон, харц намсгаад,
-Хэрэв надад гэм орших аваас.... гэхэд Доньд мөн яриаг тасалж,
-Яалаа гэж, яалаа гэж, яахан чамд гэм хурж амжив гэж. Санаа бүү түгш гэхэд Бодьхүүгийн харц зөөлрөн нуугив.
-Харин одоо миний үгийг чандлан сонс. Миний хэлэх үг мэргийн чулууны тухайтаас чухаг гэж итгэ. Нэг гадаснаас аргамжсан хоёр адуу хоолшдоггүй юм. Одоо эндээс гараад зам гажилгүй гэртээ хүр. Эхтэйгээ хоёул амьдардгийг чинь харж байгаа учраас ийн учирлаж буйг минь болгоо гэлээ. Ар гэрийнхээ тухай ганц үг ганхийгээгүй учир Бодьхүү гайхсан харцаар мэлрэв.
-Сэтгэлт бүсгүйнхээ тухай эхдээ ярь. Эцгийнх нь алдар нэрийг хэл. Бүр алдаж будилалгүй тод хэл. Хорвоогийн алаг явдал андуутай, эндүүтэй. Учиг ончирч гэмээн балагтай, балчигтай. Учир иймээс хүү минь, чиг алдалгүй эжийдээ оч. Ээ дээ, хичээгээрэй хэмээгээд гаргав.
“Миний мэргэч болох ч лөөлөө боллоо. Дөчин нэгэн чулуугаа долоон голдоо буцааж өргөхөөс өөр яалтай. Харин зам хазайлгүй явж, эжийдээ очоод...” хэмээн бодсон Бодьхүү амандаа,
-Гуа Намнангийн охин Буджаргал... гэж шивнээд гөлмөө давчлаа.
Самсаа бүрээдэн тэмүүлэх бор морь, сарны цэгээн гэгээнд сүүдэр уртасган сайварлах авай...
Саарал улиан
Г.Болормаа
(МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, МҮОНР-гийн сэтгүүлч, доктор)
Өлөгчин саарал гурангидан гиншсэнээ үүрнээсээ гулсан гараад хөх уулсын гүймэг салхийг зүсэн, очгүй шар нүдээрээ тэнгэр газрын хооронд онож алдан харлаа.
*** *** ***
Хүрэн өндрийн ар шилд саарал дэлт хөхтэйгөө бүлссэн нь саяхан юм. Дөрвөн бэлтрэгтэй хөхүүл сааралдаа идэш эрэхээр гарсан тэр нэг өдөр дэлт хөх Майхантын шилээр орж, Асгатын эхэнд гарчээ. Энэ ууланд ассан сарлагийн гуныг шөнөжин ээрч, үүр шөнийн заагт арай чамай сэрэмж алдуулаад, ганцхан дайралтаар хоолой гүрээг нь ханачхаад, цавчим цохионоос хажуу хэлтэргэж байгаад тухтайхан идлээ. Хоёр хэрээ ч түүний зоогоос завсаргүй тонголзон тоншиж байхуйд дэлт саарлыгаа санан бушуухан босож, зэмийн цээжний хөндийгөөс уушги зүлд суга татаж зуугаад үүр лүүгээ шогшлоо. Тэгтэл нам доор руу оронгуут л хүлгийн дөрөөндөө жийж, яргай тэнз ташуураа далайж зэхсэн эрийн отолт, улаан дайралттай халз тулгарчээ. Ташуур сарьсан хоншоорт нь буун гэмээн дэлт хөх харуулдан унаж, тэр дороо л амьсгал хураасан юм.
Өлөгчин саарлын зовлон энэ явдлаас эхэлсэн санжээ. Дэлт хөхийг үүрнийхээ амаар сүрхийн ороод ирнэ гэж хүлээсээр л байлаа. Дөрвөн бэлтрэг нь өдөржин, шөнөжин хөхнөөс нь үлгэнэ. Үүр шөнийн заагаар цурам хийхийн тулд хорсож хөндүүрлэх дэлэнгээ хавчин нүхний амсарт гарч амсхийж байлаа. Өглөө болоход дэлт нь бас л ирсэнгүй.
Бэлтрэгүүд цуварч ирээд хөхөнд наалдана. Тунасан жаахан сүүгээ шуухитнан хөхөх тэднийгээ хараад өр нь өвдөнө. Хэлэн дээрээ юм тавиагүй удсанд ходоод нь хонхолзовч дэлт хөх ирэхгүй байгаа нь л аймшигтай санагдана. Хаврын цасан шамаргатай өдөр үргэлжилсээр л байлаа. Сааралд дэлт нь хэзээ ч ирэхгүй юм шиг зөн татсанд гуринхтан гийналаа. Өр нь тасрах шахна...
Өлөгчин саарал бэлтрэгүүдээ үүрийнхээ мухарт орхиод, мөрөө буруулан анд гарав. Хэдэн гүдэн гүвээ давж, нэгэн намхан хөтлөөр уруудаад намаржааны айлын буурины ойролцоох адууны зэм дээр ирээд үнэртэж үзвэл өлссөн түүнд тааламжтай байлаа. Хэд зулгааж, өл гараад цээжин хэсгээр нь тойртол тасхийгээд хавханд орчихсонд цочин цовх үсрээд эргэж буухад хавхны гинжний төмөр гадас газраас ховхорсон ч нарийн шилбэ нь орь дуу тавьтал янгиналаа. Гэсэн ч саарал амьд мултрах ёстой. Хавхаа чирээд шууд хүрэх аваас зам татаж бэлтрэгүүдэд аюул тулгарна. Саарал хавхыг зууж, солжийн доголзоод зүг буруулан асга дамжин хэсэг явахад хөл нь тэсэхийн аргагүй янгинаж, туйлдаж ядарсандаа сөхрөн унасан ч босов. Асгарч шаргисан хайргатай хажуу өөд доголзон мацлаа. Хажуу барих хэцүү байсанд хэсэг яваад амсхийнэ. Ингэж явтал хавхны гинж чулуунд орооцолдоод гацчихлаа. Гаргах гэж угзачсаар өдөр, шөнө, ахиад өдөр шөнө болсон юм. Улаан цурав бэлтрэгүүдээ ямархуу байгаа бол гэхээс тэсэхийн аргагүйд хүрлээ. “Чи амьд явах ёстой” гэж дэлт хөх уулнаа цуурайттал улих шиг хээрийн хөх салхи шуугин исгэрэв. Саарал омгорхлынхоо сүүлчийг шавхан хурц соёоныхоо эрээр хавхны гарын дээд талаар нарийн шилбээ тас хазлаа. Газарт тунах цусыг юманчинээ бодсонгүй, аюулт арангаас салсандаа үүрнийхээ зүг цахилж одов. Бэлтрэгүүдийнхээ барааг харах хүсэлд хөтлөгдлөө. “Хөхөнд жаахан сүү байгаа” гэж бодсоор үүрэндээ иртэл хамгийн сэргэг зэгэл нүхний ам руу ирээд нам хэвтсэн байв. Эрх бор, Ховдог саарал, Давжаа саарал цөм өлбөрчээ. Эх саргиж сааралтсан дуугаар гийнасан ч хожимджээ. Чонын гурангидсан дуу хэсэгтээ тасарсангүй. Хэд хоног үүрээ сахилаа.
...Уул хадандаа улих түүнийг даажигнах шиг дамжуулан цуурайлуулах нь аймшигтай.
Энэ өдөр саарал өөр нэгэн бүл рүү очихоор шийджээ. Чонын үүрнээс нялх бэлтрэгийн үнэр үнэртсэн болохоор шууд л шогшоод очсон юм. Харин гурван бэлтрэгтэй бүлүүд саарлын өөдөөс дайрч, хазлаа. Хэд дахин хазсан ч саарал үүр лүү нь шургана. Яг л өөрийн нь нялх бэлтрэгийн адил үнэр мөн дөө. Азарган чоно дахин саарал руу дайрч, хазаад арагш чирэв. Саарал далдичин хулжиж нүхнээс арай холдсон ч явсангүй. Үүрэнд гийналдах бэлтрэгийн дуунаар өлөгчин саарлын дэлэн чинэрч хөл нь өвчтэй ч энэ хэдэн бэлтрэгийг л үнэрлэхийг амь тэмцэн хүсжээ.
Хоёр өдөр болоход эр нь авд явав. Хаврын халуухан өдөр эх гурван бэлтрэгээ дагуулан үүрнээсээ гарч ирлээ. Саарал гийнав. Үрт амьтны энэ аяг уяраах увдистай аж. Нүхний амсарт ноосон түүдэг шиг баацганан тоглох нэг бэлтрэг чиглэн ирэхэд саарал үрээ тосох мэт тэрийн хэвтээд өгөв. Бэлтрэг сэрийсэн хөхийг хөхлөө. Удсангүй бусад бэлтрэг нь цуварч ирээд хөхийг нь хөхөхөд саарал уясан, цагаргин дугуй шар нүднээсээ тунгалаг нулимс урсгалаа. Бэлтрэгүүдийг ээлжлэн үнэрлэнэ. Араатны ханашгүй жаргал байлаа. Хаврын хариг цагаар бэлтрэгүүдээ цатгаж чадахгүй зовсных тэр үү, адилхан үрт амьтан гэж бодов уу. Эх чоно чимээгүй ажиглаад байв.
Азарган чоно үүрээр ирээд саарлыг хэрэгсэхгүй орхиод үүрэндээ орлоо. Харин саарал идэш тэжээлд явсангүй. Гагц бэлтрэгүүдийн хараа бараанд өег цатгалангаар мухар хөлөө долоож хэвтэнэ.
Дэлт хөх нь сүрлэг араатан байлаа. Саарал дэлт хөхийнхөө нуруунд хошуугаа тавьж эрхэлнэ. Хоёр чоно бие биесийн хошууг үнэрлэн, тачаадна. Халуун илчит цавчмалын хадны нүүр нь янагшдаг илчит хормоо гүймэг гүймэг санан, дэлтийгээ үгүйлэхийн дээдээр үгүйлж байлаа.
Асгын амны бэлтрэгүүд хоёр эхийг хөхөөд хурдан торниж эхэлжээ. Эр, эм хоёрыг анд явахад саарал бэлтрэгүүдийг ханатлаа үнэрлэдэг болж, дэлэн нь чинэрч дахин дахин сүү ивлүүлнэ.
Харин саарлын бие нь өдрөөс өдөрт дордож эхэлсэн санж. Гурван хөлтэйдөө түүртсэнгүй, хормын төдийд холдвол бэлтрэгүүдэд аюул тулгарна гэж боджээ. Хаврын сар шувтрахын хэрд нэг л өглөө өлөгчин саарал өндийж чадсангүй. Хөрөвжсөн гурван бэлтрэг бүлээн хошуугаараа хөхийг нь нудчивч сүү эс гарна.
Түүний ухаан балартахад дэлт хөх нь “Чи бэлтрэгүүдийг өсгөөрэй” гэж тэртээгээс улих шиг боллоо. Хажуугаараа жирэлзэн тоглох бэлтрэгийнхээ үнэрээр саарал өндөсхийв.
Саарал амьсгалаа хураах мэт гүн татсанаа толгойгоо өргөн хөггүй дуугаар гиншээд газар дэрлэн уначхав.
Эр, эм хоёр чоно ам нь ангалзахаас өөрцгүй болж, гэдэс бөөр нь хонхойж, үл ялиг түнхэлзэн, дугуй шар нүднийх нь цог буурч нууханд барьцалдан анивалзаж, амьтай төдий байгаа саарлыг орхиод гурван бэлтрэгээ дагуулан нутаг дамжин явахаар болжээ. Бэлтрэгүүд нь эргэн хурган байж тэд явчихлаа.
*** *** ***
“Үрт амьтан чи үхэж болохгүй” гэж оргил өндрийн зооноос дэлт хөх сэрвээ нь тэвхийж, ухасхийх нь үү гэмээр болж хөндий дүүртэл улих шиг. Бид хоёрын бэлтрэгүүд том болж байгаа. Намайг тэднийгээ дагуулж явахыг хараарай гэж саарал шивнэх шиг.
Бэлтрэгүүдийн үнэр бүдгэрч алдах зүг рүү тэмүүлсэн саарал өвчүүгээрээ газар тулан, хүчээ шавхан хөл дээрээ өндөсхийхэд тэнгэр, газар дайвалзавч тэнцвэрээ олж ядан салганан босов. Зэлүүд газрын ганц босоо чулуу адил сэгийн харагдавч, сүүтэлзэн мухар хөлөө өргөн... нэг, арай ядан хоёр гишгэснээ саарал саргиа дуугаар улилаа. Гэтэл уул нуруугаар нэгжиж явсан эр өлөгчний саргиа дуунаас жийрхсэндээ, түүнийг олж харангуутаа “Үлбийчхээд өвчин туссан л юм байна. Үгүй хийчихье, чамайг” гэсээр гэтэж очоод ганцхан далайлтаар ташуураа буулгахдаа хөл нь чулуунд халтиран хальт цохичихсонд амь тэмцсэн араатан өөдөөс нь цойлж дайрангуутаа хоолойг нь тас татан хяргачихлаа. Өлөгчин саарал хуга үсрэн ойчсон ташуураас дэлт хөхийнхөө үнэрийг таньсан ажээ.