Утаагаар далимдуулсан бас нэгэн бизнес удахгүй цэцэглэх бололтой, яг зуух шиг. Агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор үе үеийн дарга нар нийслэлийн гэр хорооллын айлуудад зуух шахсан түүхийг угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөр давтах гэж байна. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Улаанбаатар хотын айлуудад угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмж тараах тухай яриад эхэллээ. Тэрбээр “2020 оноос нийт 200 мянган айлд угаарын хий мэдрэгч тараасан” гэж хэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрх бүр ийм төхөөрөмжтэй. Тэгсэн атал яагаад дахиад өгөх болов. Ялангуяа өндөр үнэтэй төхөөрөмжийг татвар төлөгчдийн мөнгөөр авч, айлуудад тараах хэрэг бий юү.
“2025 онд угаар мэдрэгч ухаалаг 51 мянган төхөөрөмж авч, нэгдсэн системд холбоно. Ухаалаг мэдрэгчийн нэг бүрийн үнэ 150 мянган төгрөг” гэж А.Амартүвшин ярьжээ. Түүний хэлснийг хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 7.6 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Тэрбээр бас 52 389 айлд хийн халаагуур суурилуулна гэжээ. Тэдгээр айлд ч бас хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж өгөх гэнэ. Тэгэхээр 7.6 тэрбум төгрөг хоёр дахин үржигдэж ч магадгүй. Айлуудад хий мэдрэгч төхөөрөмж тараагаад тав дахь жилтэйгээ золгож байгаа ч угаарын хийн хордлого буурсан бил үү. Сүүлийн долоон жилийн дотор 779 хүн угаарын хийн хордлогоор амиа алдсан гэсэн харамсалтай тоо гарчхаад байгаа бус уу.
Гэтэл нийслэлийн дарга нар өндөр үнэтэй мэдрэгч шахах ажлаа хэдийн эхлүүлчихсэн гэнэ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард тендер зарлаж, 1.3 тэрбум төгрөгөөр 8666 ширхэг төхөөрөмж худалдан авчээ. Уг тендерт “Интеллгент технологи” гэх компани шалгарсан аж. Эл аж ахуйн нэгж нь угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг улсад нийлүүлэх ажилдаа бараг мэргэшсэн юм байна. Үүнээс өмнө 2022 онд 2.2 орчим тэрбум төгрөгөөр Налайхын 7626, зургаан аймгийн 6600 гаруй айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараасан. Мөн 2021 онд нийслэлийн гэр хорооллын айлуудад угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг 2.9 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэнэ.
Ер нь дарга нар иргэдээ бодсондоо төхөөрөмж тараахгүй. Харин зах зээлийнхээс нь зургаа дахин өндөр үнэтэй төхөөрөмжийг айлуудад шахах замаар төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг завшиж ч мэднэ. Тодруулбал, Зуун айлын барилгын материалын захынхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг урд хөршөөс захиалж авчраад үнийг нь нэмээд нэмээд 25 мянган төгрөгөөр зардаг аж. Гэтэл А.Амартүвшин арай л дэндүү өндөр үнэ хэлсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Эрх мэдэлтнүүд утаагаар далимдуулан бизнес хийдгээ хэзээ зогсоох юм бэ. Иргэдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, төсвийн хөрөнгөөр тоглож ханахгүй байна уу.
М.Оч