“Teach for Mongolia” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхан “Илгээлтийн багш” хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос залуусыг орон нутаг руу багшаар илгээж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, багш болон өөр мэргэжилтэй ч боловсролын салбарт ажиллах хүсэлтэй залуусыг тодорхой шалгуурын дагуу орон нутагт хоёр жилийн хугацаанд ажиллуулж буй. Энэ хаврын буюу дөрөв дэх удаагийн элсэлт нь эхэлсэн бөгөөд ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх гэнэ. Хөтөлбөрт Монгол Улсын иргэн, бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, гурваас дээш голч дүнтэй иргэдийг бүртгэх юм байна. Дээрх хугацаанд 33 залуу багш найман аймгийн 13 сумын 14 сургуульд ажиллажээ. Орон нутагт ажилласан эхний ээлжийн 12 багшийн “томилолт”-ын хугацаа өнгөрсөн оны зургаадугаар сард дуусжээ. Харин тэдний зургаа нь аймаг, сумын сургуульд багшаар үлдсэн байна.
“Илгээлтийн багш” хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд орон нутгийн 22 мянга гаруй сурагчид эерэг нөлөө үзүүлэхийг зорьж буй аж. Нийгэм, эдийн засаг, газар зүйн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшдэг тогтолцоог бүрдүүлэх нь залуусын зорилго гэнэ. Сонирхуулахад, аймгийн төвийн сургуульд багшилбал цалингийн 20, сумынхад бол 40 хувийн нэмэгдэл олгодог ажээ.
Ч.Болор