Япончууд хогоо “хаядаггүй”, хураагаад л байдаг. Учир нь тэдгээрийг ангилж, тусгай зориулалтын машинтай хүн ирж ачих хүртэл гаргаж хаядаггүй, гэртээ цуглуулдаг юм билээ. Гадаадын хүн харвал гайхмаар энэ үзэгдэл нь япон айлд энгийн хэвшил болчихсон гэхэд болно. Хуванцар савнуудыг тусад нь, доторх шингэн зүйлсийг хоослон усаар зайлж, хураадаг. Мөн шил, лаазыг ангилж, хоолны үлдэгдлээ шүүдэг. Хатуу, нимгэн цаасыг ч ангилж, хураадаг. Хог хаях өдөр нь ангилсан байдлаасаа хамаарч өөр өөр. Тухайлбал, шатаах зориулалттай хогийг долоо хоногт хоёр, хуванцрыг нэг, шил, лаазыг 14 хоногт нэг удаа гэхчлэн гэрийнхээ гадна гаргаж тавина. Үүний дагуу хог ачих машины жолооч, ажилчин ирж, ангилсан хаягдлыг нь авснаар шатаах болон боловсруулах үйлдвэрт хүргэдэг.
Токио хот 27 дүүрэгтэй. Дүүрэг бүр хог шатааж, боловсруулах үйлдвэртэй. Тэндээ хогоо ангилж, устгах бөгөөд үүсэх хорт хийг нь хүртэл цэвэршүүлэн, тунгалаг, цагаан өнгийн утааг агаарт цацдаг. Хог шатаахад гарсан энергийг цахилгаан болгон ашиглаж, эргэн тойрны үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цахилгаанаар хангачихна. Хогийн үнсийг ч тусгай цэгт булна. Япончууд хоол хүнсийг хэрэглэх хэмжээгээрээ бэлтгэж сурсан аж. Ширхэг будааг ч хаяхгүй, хоолны үлдэгдэл гаргахгүй гэж хичээдэг болсон нь байгаль, эх дэлхийгээ хайрлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүн бүр оролцох ёстойгоо ухамсарлачихсан учраас тэр. Тус улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50, 2050 он гэхэд 100 хувь бууруулах зорилт тавин, үүнд иргэн бүр гар бие оролцож буй нь энэ аж.
Дэлгүүрүүд нь сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдэдээ гялгар уут худалдахаа больжээ. Иргэн бүр ecobag буюу даавуун ууттай. Хүнс, бараа авахдаа түүнийгээ ашиглана. Ингэснээр гялгар уутыг байгальд хаяхаа больж, боловсруулах шаардлагагүй болжээ. Мөн дүүрэг бүрд байрлах хог шатаах, боловсруулах үйлдвэрүүдэд хувцанцар, бас бус хаягдлаар хувцас, эко тор, ахуйн хэрэгцээний бараа, материал, хүүхдийн тоглоом үйлдвэрлэн зарж, орлогоор нь өдөр тутмынхаа зардлыг нөхдөг. Харин бид шинэ зуун гарч, дэлхий дахин өөрчлөгдсөөр байхад одоо болтол хогоо ангилж хаяж сураагүй л байна. Монголд жилд дунджаар 1.5-2 сая тонн хог хаягдал ялгардаг гэсэн судалгаа бий. Үүний 85 хувийг дахин боловсруулах боломжтой ч бид хогоо ангилж, хаях дадалд суралцаагүй хэвээр. Нийслэлийн дүүргүүдэд, зарим хотхоны СӨХ-нд хог ангилж, хаях сав суурилуулсан байдаг ч иргэд хэрэглэж дадаагүй, ухамсар, мэдлэг дутмаг байгаа нь үнэн.
Бидний хаясан хогийн 72 хувь нь төвлөрсөн цэгт “очдог”. Хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт 22 хувь нь түгээгддэг байна. Нийслэлд төвлөрсөн хогийн цэг гурав бий бөгөөд 80-90 хувь нь ангилаагүй хог новшоор үргэлж дүүрэн байдаг. Өрх бүр хогоо ангилж, хаядаггүй учраас боловсруулах ямар ч боломжгүй, булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгаж буйг албаныхан хэлсэн. Ингэснээр агаарт хүлэмжийн буюу нүүрсхүчлийн хорт хий ялгарч, хөрсний бохирдол үүсгэсээр байгаа юм.
Хог хаягдлыг дахин боловсруулах боломж манайд бий ч иргэд энэ чиглэлийн мэдлэг, боловсролгүйгээс одоо болтол мөнгө болгож чадахгүй л байна. Уг нь өрх бүр хаягдлаа ангилж, хэвшвэл хогийн хэмжээ багасах, дахин боловсруулах боломжтойг нь эдийн засгийн эргэлтэд оруулах давуу талтай. Тиймээс одооноос нийтээрээ хогоо ангилж сурцгаая.
Дэлхийн жишгийн дагуу хог ангилах савнууд нь ногоон өнгөтэй бол хуванцар болон гялгар уут хаях ёстой. Улбар шард нь хөнгөн цагаан лааз болон металлын хаягдал хийх зориулалттай. Цэнхэр өнгийн саванд цаас, цаасан бүтээгдэхүүн, цагаанд нь шил, шилэн савлагааны хаягдал хийдэг. Мөн бор хогийн саванд хүнсний, шар өнгийнхөд нь ахуйн аюултай хог хаягдал, хард нь дахин боловсруулах боломжгүй, шатаан устгах хаягдал хийдэг. Тиймээс бид Монгол орноо агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хамгийн эхэнд хогоо ангилан ялгах нь чухал. Хүнсний хогийг бусад хаягдалтай холих нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдгийг мэдээд авчих нь наад захын ойлголт. Хүлэмжийн, метан хий зэрэг нь хорт утаа ялгаруулах үндэс болдог. Тиймээс дахин ашиглах, боловсруулах боломжтой хог хаягдлыг мэдээд авчихвал зөв хаяхад хялбар байх болно. Тухайлбал, хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс зэрэг нь органик хаягдалд орно. Үүнийг бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой. Харин шил, лааз, хуванцар сав зэргийг боловсруулж, хэрэглээнд дахин ашиглах боломжтой учраас энгийн хог хаягдалд хамаатуулдаг. Тэгвэл тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хорт хий ялгаруулагч хаягдлыг аюултайд тооцох бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж устгах шаардлагатай аж. Энэ мэт цаас, хуванцар, органик хаягдлыг ангилж, дахивар хог тээвэрлэдэг газар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгөх боломжтой.
Хүмүүсийн олонх нь хогийг ангилж хаяхад төвөгшөөдөг, хэцүү гэж боддог. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд иргэдээ багаас нь буюу цэцэрлэг, сургуулийн наснаас нь эхлэн хогийг хэрхэн ангилж, хаяхад сургадаг юм билээ. Хогоо анхнаасаа зөв ангилаад сурчихвал маш олон давуу талтай. Орон сууц, гэр хороолол гээд ямар ч нөхцөлд хогийг ангилж, ялгах боломжтой. Орон сууцад амьдардаг хүмүүс тагтан дээрээ ч юм уу, ашиггүй талбайдаа хогоо ангилж болох юм. Цэвэрхэн уут, хайрцагт хогоо хийж, төрөл төрлөөр нь цэгцтэй ангилаад дадчихвал дахивар хаягдлууд хоорондоо холилдож, халтардахгүй. Мөн шил, лааз, ундааны сав зэргийг дээр дурдсанчлан усаар зайлж, ялган хадгалж байгаад түүхий эд авдаг цэгүүдэд өгч болно. Хог мөнгө болдгийн тод жишээ нь энэ шүү дээ. Ингэж дадсанаар байгаль орчинд ээлтэйгээс гадна тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх ч боломжтой гэсэн үг.
Нийслэлийн өнгө үзэмж, эрүүл амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд бид хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж сурах шаардлагатай болжээ. Үүнийг зүгээр нэг ангилах бус, амьдралынхаа хэвшил болтол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр, иргэн бүрийн зөв үйлдлээр улс орон, байгаль, экологио хамгаална гэсэн үг юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар ахуйн хогийг ангилах таван зөвлөмж бий. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг дахиварт өгөх боломжтой, органик буюу хүнсний, аюултай, энгийн гэж ангилахад болно. Нэгдүгээрт, дахин боловсруулах хаягдлаа бохир бол угааж, хатаагаад том хайрцагт цуглуулна. Дараа нь дахиврыг өгөхдөө хуванцар, гялгар уут, шил, лааз зэргээр ялгаж уутлаарай. Энэ нь ангилж эхэлж байгаа хүмүүст тохиромжтой хялбар арга. Хоёрдугаарт, ангилдаг, зориулалтын, үнэтэй хогийн сав авах гэж яарах хэрэггүй. Үндсэн хогийн савныхаа хажууд жижиг хайрцаг, уут зэргийг байршуулж болно. Гуравт, тагт, гарааш, харанхуй өрөө, эсвэл хаалганыхаа ард тус бүрээр нь жижигхэн өлгүүр гаргаж, шуудай, эсвэл тор өлгөн, түүндээ дахивруудаа хийгээрэй. Олон улсын жишигт ийм арга түгээмэл. Дөрөвдүгээрт, гал тогоо, үүдний өрөөнийхөө үзэмжид зохицуулан 3-4 тасалгаатай, хог хадгалах шүүгээ, эсвэл тавиур байрлуулаарай. Эцэст нь, СӨХ болон оршин суугчид, хөршүүддээ уриалж, хог хаягдлаа ангилж хаях аян өрнүүлэх хэрэгтэй.
Ангилсан, дахин боловсруулах хаягдлыг хаана өгөх вэ гэдэг асуулт тулгарч мэднэ. Дахиврыг ерөнхийд нь өмнө нь хэлсэнчлэн хуванцар, гялгар уут, шил, лааз, цаас гэж ангилж, худалдан авдаг цэг нийслэлд цөөнгүй. Ус, ундааны нимгэн хуванцар буюу PET савлагаа, хатуу хуванцар HDPE цэвэрлэгээний бодис, шампуны баглаа, нэг удаагийн халбага, сэрээ, хоол, торт, амттан зэргийн сав буюу PP хаягдлыг дахин боловсруулах нь манайд төвөгтэй байгаа юм билээ. Гэхдээ сүүлийн үед зарим хувийн байгууллага эдгээрт мөнгө төлөн, иргэдээс худалдан авч, боловсруулсаар байна. Дуудлагаар авдаг газар ч олширч. Гол нь иргэд хаягдлаа ангилж сурах, хэрэгцээгүй зүйл худалдан авахаас татгалзах, хүнсний органик хог хаягдлаар био бордоо хийх, даавуун тор ашиглах, химийн орц найрлага бүхий хортой бүтээгдэхүүн хэрэглэхээ болих зэрэг нь хаягдлыг бууруулах чухал алхам юм.