Өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулсан “Beejing 11 darts tournament” олон улсын тэмцээнд Монголын тамирчид оролцож, таван төрөлд ур чадвараа сорьсон. Тэднээс холимог хосын төрөлд спортын мастер Б.Болдбаатар, Б.Хулан нар түрүүлж, аваргын цомтой ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Болдбаатар, Т.Баттөмөр, эмэгтэйчүүдийнхэд А.Цолмон, Т.Болортуяа, Г.Баярмаа, Ц.Баярмаа нар хүрэл медаль хүртэв. Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн тоглогчдоос ОУХМ Н.Одончимэг III байрт шалгарсан байна. Өсвөр үеийнхний ангилалд тоглосон тамирчдаас О.Тэнүүн дэд байр эзлэн мөнгөн медаль гарджээ.
Энэ спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Англи улсад үргэлжилж буй “The 2025 аdvanced tour-2025” аварга шалгаруулах цуврал тэмцээнд өсвөр үеийн дартсын шигшээ баг,” MGL darts” клуб, “Winmau team 360” олон улсын багийн гишүүн, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл зургаа дахь цувралд тэргүүлжээ. Ази тивийг төлөөлж, дэлхийн шилдгүүдийн дунд цэц сорьж буй тэрбээр долоо дахь цувралд тоглохоор бэлтгэлээ базааж байна.