Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж, ЮНЕСКО-д хандсан юм. Үүний дагуу Канад улсын “Хууль ба Ардчилал” төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Мендел Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Хуулийн төсөлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын стандартууд болон шилдэг туршлагад үндэслэн үнэлгээ хийсэн дүгнэлтээ тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд өчигдөр танилцуулав. Тоби Мендел “Хуулийн төслийн зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой харагдлаа. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж, сайжруулах шаардлагатай гэж үзэж тодорхой саналууд бэлтгэсэн. Ерөнхийд нь авч үзвэл, маш сайн болсон гэж дүгнэж байна” гэв. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжвэл шинээр байгуулагдах ажлын хэсэгт зөвлөмжид туссан саналуудыг хууль санаачлагчийн хувьд дэмжин, хамтран ажиллахаа сайд илэрхийлсэн юм.
Ч.Туяа