“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй. Маргааш буюу энэ сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөр Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас тоглох бол өдөр 14.00 цагаас “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын гүн ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар хэлэлцүүлэх аж.
“Амьдрахуй” хэлэлцүүлэгт Боловсролын сайд П.Наранбаяр, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батсайхан, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, CBCT буюу нигүүлсэлд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөрийн багш, гэвш А.Батцэнгэл, “Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан, Philosophy.mn, “UXER Publishing”-ын үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр зэрэг шашин, соёлын төлөөллүүд оролцоно.
Л.Аргамжин