Засгийн газраас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт” зорилтыг дэвшүүлжээ. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өчигдөр арга хэмжээ зохион байгуулав. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нь зөвхөн халамж авч амьдардаг хүмүүс биш болохыг тодотгоод “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж чадаагүй. Дандаа төрийн бус байгууллагуудаар дамждаг байсан. Харин энэ жилээс тус санг шилэн, нээлттэй болголоо. Энэ онд зургаан төрлийн хөтөлбөр зарлаж байна.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэв. Ташрамд дуулгахад, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга орчим иргэн амьдарч байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх бололцоотой 80 гаруй мянган хүн бий. Гэвч өнөөдрийн байдлаар 15 мянган иргэн л хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Тэдний 10 гаруй мянга нь хувийн хэвшилд, 4500 нь төрийн албанд ажилладаг аж.
Ч.Болор