Сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сурроныг 18 нас хүрсэн, “А” үнэмлэхтэй иргэн унаж, замын хөдөлгөөнд оролцох бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь заавал улсын дугаар, толь, дохиотой байх ёстойг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эхэд нь торгууль ногдуулах гэнэ. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол, гэмтэл бүртгэгджээ. Тодруулбал, 2021 онд 210, 2022 онд 323, 2023 онд 317, 2024 онд 532 хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амиа алджээ.
Урин цаг наашилж буйтай холбоотойгоор цахилгаан дугуйны хэрэглээ эрс нэмэгджээ. Энэ сарын эхний 20 хоногт гэхэд суррон, мопед, скүүтертэй холбоотой 20 орчим осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Ганхуяг “Сурронд толь, дохиолол байрлуулж, техникийн үзлэгт оруулж, улсын дугаар авсан байх шаардлага тавьж байгаа. Үүнд ирэх сарын 1-нээс хяналт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, 10-16 насны хүүхэд модед, суррон унаж болохгүй гэсэн үг. Хэрэв унасан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэж үзэж, хариуцлага тооцно. Харин мопедыг 16-18 насны залуус унаж болно. Ингэхдээ хамгаалах хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцох ёстой” гэв.
Ч.Цэлмэг