Англи хэл судлаач, орчуулагч Ц.Дөлгөөн Монгол гэж чухам ямар улс орон, монголчууд гэж үнэн хэрэгтээ хэн юм бэ гэдгийг гадаадын уншигчдад тун энгийнээр хүүрнэн тайлбарласан “Authentic Mongolia” хэмээх ном бүтээжээ.
Уг ном “Монгол эрт үед ба одоо” гэсэн тодотголтой бөгөөд түүх, газар орны байдал, хүмүүс, уламжлал, соёл, урлаг гэсэн бүлгүүдтэй. Түүхэн эх сурвалжууд, албан ёсны тоо баримтууд, археологи, антропологийн чиглэлийн судалгаануудын үр дүнгийн талаарх мэдээлэл, орон нутгийн хүмүүсийн яриа, тэмдэглэл, улмаар ардын аман зохиол, тэр дундаа үлгэр, туульсыг ч эх сурвалж болгосон байна.
Бүлэг бүр дэд бүлэгтэй. Эдгээр нь тус бүрдээ арвин мэдээлэлтэй. Тухайлбал, “Хүмүүс-Монгол нүүдэлчид” хэсэгт монголчуудын нүүдэлчин сэтгэлгээний тухай өгүүлэхдээ нутаг, сэтгэл, жудаг, хийморь зэрэг ухагдахууны талаар тайлбарласнаас бид заримдаа яагаад “Монгол хүн байна даа” гэж хэлмээр болдгийг эндээс ойлгож болохоор.
Орчин үеийн Монголын талаар ойлголт өгөх хэсэгт жишээлбэл, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшингийн амжилт, мөн дэлхийн балетын урлагт домог хэмээгдэх болсон балетчин У.Бат-Эрдэнэ, Морин хуур найрлын тухай, оюуны спортынхон олон улсад хэрхэн цойлж буй талаар ч бахархан багтаажээ. Ер нь Монголын тухай англиар чамгүй дэлгэрэнгүй бичсэн ном, бүтээлүүд бий. Гэхдээ ихэвчлэн гадаад хүмүүс зохиосон байдаг. Авторууд өөр өөрсдийн үзэл бодол, байр суурь, өнцгөөс харахдаа зарим талаар түүх гуйвуулсан, соёлын агуулгад хөнгөн хуумгай хандсан байх нь бий.
Зохиогч Ц.Дөлгөөн “Монголынхоо тухай монгол хүн англиар яагаад дэлгэрэнгүй тайлбарлаж бичдэггүй юм бол. Бидний түүх, соёл, уламжлалын талаарх мэдээлэл янз бүрээр ташаарч байна шүү дээ. Гадаадын алдартай, маш олон үзэгч, сонсогчтой мэдээллийн сувгуудаар “Үгүй байлгүй дээ” гэмээр андуу ташаа мэдээлэл түгээж, зарим талаар тохуурхаж байна. Бид түүх, соёл, уламжлал, сэтгэлгээ, аж төрөх онцлогийнхоо талаар гадаадынханд бодитоор, чимэг хачиргүйгээр мэдээлэх шаардлага тулгамдаж байна. Олуулаа бичдэг, ярьдаг болмоор байна” гэж өчигдөр болсон номынхоо нээлтийн үеэр хэллээ.
Ц.Дөлгөөн 2023 онд сэтгүүлч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” баримтат уран сайхны зохиолыг англи хэл рүү орчуулан олон улсын уншигчдад хүргэсэн юм. МУИС-ийг англи хэл судлаач, Их Британи, Америк судлаач мэргэжлээр төгсөж, Лондоны “Кингстон” их сургуульд олон улсын төслийн менежмент, удирдлагын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр сүүлийн жилүүдэд Монголоо идэвхтэй судалж буй юм билээ. Аялал жуулчлалын ажлын 15 жилийн туршлагадаа тулгуурлаж эх орныхоо бүхий л аймгаар аялж, мэдлэг, мэдээллээ баяжуулснаар “Authentic Mongolia” номоо бичсэн аж.
Зохиогч номоо Монголыг сонирхож буй гадаадын уншигчид, мөн гадаадад суугаа монголчууд, тэдний үр хүүхдүүдэд хаяглажээ. Сүүлийн үед эх орондоо аж төрж буй монголчууд ч дэлхийн хэл англиар унших нь эрс нэмэгдсэн тул тэд улс, эх орон, ард түмнийхээ тухай мэдлэгээ нэмээсэй гэж хүсэж буй тухайгаа онцлов.
Р.Жаргал